ОРОН БАЙРАА БУЛААЛДСАН АХ ДҮҮС НЭГНИЙХЭЭ АМИЙГ ХӨНӨӨВ


 Энэ гэмт хэрэг Хан-Уул дүүрэгт гарсан аж. Насаараа гутлын үйлдвэрт ажилласан Гочоо гуай улсаас хоёр өрөө байрны түлхүүр дөчөөд жилийн өмнө авчээ. Тэднийх ХIХ хороололд амьдарсаар зах зээлийн нийгэмтэй золгосноор хоёр өрөө байраа хувьчилж авсан байна. Гочоо гуай хоёр хүүтэй бөгөөд том хүү Баярхүү нь эхнэр авч, Яармагт хадмынхаа хаяаг бараадав. Бага хүү Батхүү нь эцэг эх хоёрын хамт байрандаа амьдарч байлаа. Хэдэн жилийн өмнө Гочоогийн эхнэр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, тэрбээр бага хүүгийнхээ хамт амьдрах болов. Нэг өдөр том хүү нь Яармагаас ирж аавтайгаа уулзаад “Аав аа, би эхнэр хүүхдээ дагуулаад та хоёр дээр ирье. Охин маань энэ жил сургуульд орсон тул Яармаг, комбинат хоёрын хооронд зөөх гэж бөөн ажил болох юм. Бид гурав жижиг өрөөнд та хоёр том өрөөндөө амьдрана биз. Эхнэр бид хоёрын бизнес амжилттай болбол бид хоёр урьдчилгаа мөнгөө өгөөд Зайсанд шинэ байранд орно. Гэр хороололд хүүхдээ орхиод явж болохгүй түлээ нүүрснээс авахуулаад бөөн асуудал дэгдэх юм. Хар нялхаасаа орон сууцанд өссөн надад хэдэн жил Яармагт амьдрахад хэцүү л байлаа” гэж нулимс цэлэлзүүлэн зовлонгоо тоочжээ.




Ингээд Гочоо, бага хүүтэйгээ ярилцаад хамтдаа амьдрахыг зөвшөөрснөөр Баярхүү, эхнэр хүүхдийнхээ хамт хуучин гэртээ нүүн иржээ. Эхний жил гаруй тэдний амьдрал ажин түжин байлаа. Харин эхнэр нь нөхрөө “Хадмуудтай хамт амьдрах хэцүү юм. Ер нь гурвуулаа энэ байранд амьдаръя. Аав, Батхүү хоёр манай гэрт очиж амьдарч болно ш дээ. Хоёулаа түлээ нүүрсийг нь бэлдээд өгчихье. Зун бол настай хүнд агаар салхитай газар байх нь дээр. Тэгээд ч энэ хоёрт ямар хүүхэд шуухад гэж татлаа түлхээ байх биш” гэж ятгах болов. Нөхөр нь эхлээд эхнэрийнхээ саналыг хүлээж авсангүй. Сүүлдээ эхнэрийнхээ тархи “угаалтанд” орж, нэг өдөр аав, дүү хоёртоо хандаж “Бид хоёр наймааныхаа олсон мөнгөөр зургаан хүн тэжээж байна. Манайхаар наймааны түншүүд маань ирж их хөл дарах үе гарах юм. Тэгэхээр та хоёр минь нэг жилдээ Яармагт очиж манай гэрт амьдарвал яасан юм би. Бид хоёр өвлийн идэш, түлээ нүүрсийг чинь даая. Энэ жилдээ байр авч чадахгүй боллоо. Ирэх жил ямар ч байсан байр аваад та хоёрт байрыг чинь буцааж өгье” гэж уярааснаар Гочоо гуай бага хүүтэйгээ Яармагт өвөлжих болов. Энэ хооронд халуун хүйтэн устай дулаан хоёр өрөө байранд улам бүр шунах болсон, угаасаа гэр хороолод өссөн бэрийнх нь бэрд зан улам хөдөлж “Ерөөсөө энэ байрыг хоёулаа өөрийнхөө нэр дээр болгоё. Тэгсэн байхад аав, дүү хоёр чинь заргалдаад хаа хол явах вэ. Холбогдох хүмүүст нь ч хахуулийг нь өгье” гэж нөхрөө дахин дахин ятгах болжээ. Гэтэл гай дайрч Гочоо гуай 2010 оны хавар гэнэт бие нь муудаж эмнэлэгт хэвтэв. Эмнэлэгт хэвтэж байхдаа том хүүгээ дуудаж “Аав нь тэсэхгүй юм шиг байна. Надаас хойш дүү чинь гал голомтоо сахиж үлдэх учиртай юм шүү. Энэ тухай би Батхүүд өөрт нь хэлсэн. Түүнийг бодвол та хоёр наймаа арилжаа хийж, зах зээлийн энэ нийгэмд хаа ч амьдарч чадах улс. Дүү чинь бүрэг томоотой хүн болохоор байрны бүх бичиг баримтыг дүүгийнхээ нэр дээр болгоорой” гэж захижээ. Хэдэн долоо хоногийн дараа Гочоо гуайн бие дордсоор 2010 оны намар мөнх бусыг үзүүлж, Батхүү гав ганцаараа Яармагт амьдрах болов. Аав нь байхгүй болсон болохоор түүний хувьд гав ганцаараа хашаа байшинд амьдрана гэдэг амаргүй байлаа. Тэрбээр нэгэн хувийн эмнэлэгт харуул хийдэг юмсанж. Бүтэн 24 цаг харуул хийчихээд гэртээ ирэхэд гэрийн хамаг юм нь тэс хөлдчихсөн байхаас өгсүүлээд хулгай зэлгий тасрахгүй. Ингээд арга буюу Батхүү төрсөн ах, бэр эгч хоёроо бараадан Яармагаас нүүж ирэв. Ар хударгаар нь хуйвалдаж, хоёр өрөө байрыг нь өөрсдийн болгох гэж хөөцөлдөж байгааг Батхүү анзаарсангүй. Ер нь тэрбээр нунж дорой, сүүхэй муутай, хүний үгээр залуу юмсанж. Тэдний хамтын амьдрал үргэлжилсээр 2011 онтой золгоход Батхүү үерхдэг бүсгүйтэй болж, түүнийгээ гэртээ авчрах болсон цагаас эхлэн ах, бэр хоёртойгоо зөрчилдөж эхлэв. Энэ зөрчил өдөр ирэх тусам улам хурцадсаар нэг өдөр төрсөн ах дүү хоёрын хооронд ийм хэрүүл болжээ. “Ах минь, тэгж яривал энэ миний байр шүү. Та зайгаа тавьж өг. Би гал голомтоо сахиж үлдье. Хэдэн жил та хоёрт байраа өгч аав бид хоёр гэр хороололд амьдарсан шүү дээ” гэхэд Баярхүү “Энэ байр чинийх болохоосоо аль хэдийнэ өнгөрсөн. Аавын ажил явдлын үеэр би энэ байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлчихсэн” гээд муухай инээсэн байна. Батхүү “Та ямар муухай хүн бэ” гэж хашгираад гарч оджээ. Дүү нь ахтайгаа хэрэлдэж, гэрээсээ явснаас хойш арав хоног өнгөрөв. Оройн 22 цагийн үед хаалга хүчтэй балбахад онгойлгож өгөв. Батхүү нилээд согтуу зогсож байлаа. Баярхүү дүүгээ аргадаж “Хоёулаа гал тогооны өрөөнд оръё. Чамд хоол халааж өгье, жаахан ярих юм байна” гэвэл дүү нь шүдээ хавиран ахынхаа араас дагав. Баярхүү “Энэ байр хууль ёсоороо минийх болсон. Чи яаж ч тийчлээд дийлэхгүй. Харин эхнэр бид хоёртой аятайхан байж чадвал чамайг тэр хүүхэнтэй чинь энэ жил өвөлжүүлж болох юм” хэмээн томров. Энэ үгийг сонссон дүүгийн цөс хөөрөөд иржээ. Ахыгаа аяга угаан цааш хараад зогсож байхад Батхүү ширээн дээрээс хутга шүүрэн авч нуруу луу нь бүлж орхив. Баярхүү муухай орилон газар гулдайн ойчлоо. Дүүгийнх нь зоосон балиус түүний баруун бөөрөнд хүрч, тэрбээр хэдэн хормын дараа нас барав. Орон байраа булаацалдсан дүү нь ахыгаа цааш харуулчихжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=