Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн манлайлал” сэдэвчилсэн сургалтын сургагч багш нарын 3 дахь сургалт өнөөдөр Энхийн төлөө цогцолборт эхэллээ.
Сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нээж үг хэлсэн юм. Тэрээр “УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй энэхүү төсөл 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Бид 2013 оны намраас нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг авч явдаг Иргэдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан анхан шатны сургалтуудын агуулгыг боловсруулахаас эхлээд хамтран ажиллаж ирсэн. Энэ удаагийн сургалтаар Иргэдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдийн манлайллын асуудал дээр анхаарал хандуулж буй. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэж заасан.
Орон нутагт нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан явуулж байгаа өнөөгийн нөхцөлд үйл ажиллагаагаа зайлшгүй сайжруулах шаардлагатай. Энэхүү сургалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалттай салшгүй холбоотой. Энэ удаад Манлайлал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, ИТХ-ын төлөөлөгчдөд судалгаа-шинжилгээ хийх арга зүй эзэмшүүлэх нь, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бусад байгууллагуудтай харилцах эрх зүйн үндэс гэсэн дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулна” гэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан талаар танилцуулав.
Энэ удаагийн сургалт нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах үндэсний хөтөлбөрийг зааж эзэмшүүлэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг чадавхжуулахаар бэлтгэгдсэн үндэсний хэмжээний сургагч багш нараа үе шаттай сургах, хөгжүүлэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг тогтвортой сургалтаар хангах, сургалтын арга зүйг эзэмшүүлэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн цахим хуудсыг хөтлөх, хөгжүүлэх арга зүйд суралцуулах зорилготой юм. Сургалтанд аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 60 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 05 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд үргэлжлэх юм хэмээн Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Б.Наранбаяр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.