“Гулаг”-ын системийг И.Сталины 1929 оны хувийн тушаалаар байгуулсан ба 1930 оноос эхлэн лагериудыг шинэчилж эхэлсэн байдаг. Удалгүй 1934 онд Дотоод Явдлын Ардын Коммисиарат байгуулагдсан түүний бүтцийн үндсэн 5 газрын нэг нь “Гулаг” буюу Засан хүмүүжүүлэх лагериудыг удирдах Ерөнхий газар болов. Мөн дөрөвдүгээр сарын 24-нд Улстөрийн удирдах газрын тушаалаар Хорих лагериудыг удирдах газрыг зохион байгуулж, прокурор хянах үүргийн хүлээжээ. ЗСБХОУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1933 оны наймдугаар сарын 3-ны тогтоолоор Засан хүмүүжүүлэх хуулийг баталсан ба хуулинд ял эдлэгсдийг ажиллуулах зарчмыг хуулчильсан аж. Энэ үед хоригдлын ажлын 2 өдөр хорих ял эдэлсэн 3 хоногтэй тэнцэнэ гэсэн практик их дэлгэрэв.
Зөвлөлтийн их удирдагч И.Сталинг 1953 онд нас барсны дараа хоригдлуудад өршөөл үзүүлэх хууль гарсан ба 3 сарын хугацаанд ял эдлэгсдийн тал буюу 2,5 сая хүнээс 1,2 сая суллагджээ. Өршөөлд хамрагдаагүй улс төрийн хоригдлууд Воркут, Норильск, Кенгирийн лагериудад удаа дараалан бослого гаргасны улмаас 1954-56 онуудад улс төрийн хоригдлуудын тоо 467 мянгаас 114 мянга хүрч буурсан түүхтэй. Бослого нэртэй ч хоригдлууд ямар нэг хүч хэрэглээгүй ба ажилд гарахаас татгалзах болов. Босогчдыг пулемётын галаар дарж олон зуун удирдагчдыг урт хугацаагаар хорих ялаар шийтгэсэн ба энэ ялыг давж гарсан хүн үгүй.1956 он гэхэд “Гулаг”-ын хоригдлуудын тоо 20 жилийн түүхэндээ анх удаа 1 саяас доош болсон юм. Гэвч Сталины харгис дэглэм нуран унасны дараа Н.Хрущевийн шинэчлэл эхэлж, 1960 оны нэгдүгээр сарын 13-ны Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Гулаг”-ийг тараасан ажээ.
Наяад оны эцэс буюу Перестройка эхэлтэл “Гулаг”-ын албан ёсны тоо баримт маш нууц байсан аж. Ардчилал эхэлснээр сэтгүүлчид, түүхчид архивтай танилцах боломжтой болсон хэдий ч зөвлөлтийн хамгийн харгис шоронгийн тоо баримт тодорхой бус, хоорондоо авцалдахгүй нь олонтоо. Тухайлбал Дотоод явдлын ардын коммисиаратын тоо баримтаар 1936 оны эцэст хоригдож байсан хүний тоо 1,196 сая байхад лавлагаагаар 3 сая хүн хоригдож байсан байдаг. Энэ бүхэн хүний амь насыг тооцдоггүй, ажлын малаас илүү үздэггүй, хоригдлын орлого зарлагыг бүдүүн тоймоор хийж байсныг илэрхийлж байна. “Гулаг”-ийн нэг онцлог бол хорих лагерьт хоригдлуудыг зодож тамлахаас гадна амь насыг хөнөөх бол ердийн хэрэг байлаа. Судлаач Юрий Аркадьевич Бродский дурсамжиндаа “Уйдаж зугаацах гэсэн харгалзагч нар хоригдлуудаар олон цагаар “Интернационал” дуулуулдаг байсан ба ядарч эцсэн хоригдлууд сөхрөн унахад 2,3 хүнийг буудан алах. Хооронд нь зодолдуулж, гүйлгэж, тэмцэлдүүлээд ялагдсаныг нь нохой шиг буудан зугаагаа шөнө дөлөөр ч хамаагүй үргэлжлүүлдэг байсан” гэж бичжээ.
“Гулаг-ийн шуурхай хэлтсийн даргын гарын үсэгтэй 1942 оны албан тоотод алах ял гүйцэтгэдэг жижүүрийн буудлагын салааны тухайд “Буучид хоригдлуудыг нүцгэлж, төмөр утсан тороор баглаад өвлийн хүйтэнд гадаа шонгоос олон цагаар уясан байна. Цасан дээр нүцгэн байлгасан 8 хоригдол хөлдөж үхсэн ба 14 хоригдол хөл гараа тайруулан лагерийн эмнэлэгт эмчлүүлж байна. Жижүүрийн салааны захирагчийн Ардын Коммисиаратын нэмэгдлийг 1 сараар хасаж шийтгэв гэж дурьджээ. Одоо нийтэд ил болж байгаа “Гулаг”-ийн архивын тоо баримтуудаас харахад олон тооны монголчууд лагерьт хоригдож байсан. Энэ тухай ОХУ-ын хууль хяналтын албан тушаалтнууд манайд хэн хэн хоригдож байсан талаар тодорхой баримт мэдээлэл өгөөгүй өдий хүрчээ. “Гулаг”-т 1939-1941 онуудад ял эдлэж байсан хоригдлуудын үндэс угсаа (жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний байдлаар)
Үндэс угсаа Он
Орос 830491 820089 884574
Украин 181905 196283 189146
Белорусс 44785 49743 52064
Казах 17123 20166 19185
Буриад 1581 2700 1937
Монгол эхний жил 35 дараагийн жил 70 , хоёр жилийн дараа 58 нийт 163
“Гулаг”-ийн хоригдлуудын үндэстний бүтэц (1951 оны 1 дүгээр сарын 1)
Үндэс угсаа Бүгд Үүний дотор лагерьт, колонид
Орос 1405511 805995 599516
Украин 506221 362643 143578
Белорусс 96471 63863 32608
Казах 25906 12554 13352
Монгол 166
Бүгд: 2528146 1533767 994379
Дээрх тоо баримтуудаас харахад ЗХУ-ын иргэд бус, гадаад улсын харьяат иргэд дийлэнхдээ лагериудад хоригдож байжээ. Тухайлбал: 1959 оны 1 дүгээр сарын байдлаар ГУЛАГ-т Монгол улсын 83 иргэн хоригдож байсны 70 нь лагерьт хоригдож байжээ. Буудлагын полигон “Коммунарка” нэртэй тусгай обьект Дотоод явдлын ардын коммисаратын мэдэлд байсан. Энд ГУЛАГ-ын хоригдлуудыг багц багцаар нь буудан хороодог байсан. Полигон дээр гадаадын иргэдийг ч буудан хороодог байсан ба ямар нэг тэмдэглэгээ хийгээгүй траншейнуудад 11 орны 60 гаруй үндэстний цогцос булаастай.
...1941 оны 7 дугаар сарын 10-нд Монголын засгийн газрыг бүрэн бүрэлдхүүнээр нь нэг өдөр буудан хороосон гэж бичжээ. 1936 онд Монголын засгийн газрын тэргүүн болсон А.Амар 1939 онд ойрын 28 албан хаагчийн хамт баригдаж, ЗХУ руу ачигдсан ба ЗХУ-ын Цэргийн дээд шүүхийн коллегийн тогтоолоор хороогдсон. Сайтад Коммунаркад буудан хороогдсон нэртэй хүмүүсийн жагсаалтыг гаргасны дотор Анандын Амар монголын улстөрч. Ерөнхий сайд 1886-1941, Өлзийтийн Бадарч-Монголын нам төрийн зүтгэлтэн гэж бичсэн байна. Манай төр засгийн удирдагчид тухайн үед хилс хэргээр хоригдож байсан хүмүүсийн талаар мөн тэднийг хэзээ цаазлан хороосон зэрэг баримт материалыг ОХУ-ын Архивын газраас шахаж шаардан авах цаг хэдийнэ болсон гэдгийг онцлох нь зүйтэй.