МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн асан Түмэнбаярын Рагчаа гуай Ю.Цэдэнбалтай олон жил хамт ажилласны хувьд түүнийг сайн мэдэх болсон хүний нэг. Тэрбээр ярихдаа,
"Ю.Цэдэнбал Дөрвөд, би Баяд хүн. Түүний удирдлага дор олон жил ажиллахдаа өгсөн үүрэг даалгаврыг нь хичээнгүйлэн биелүүлж, үнэнч шударгаар ажиллаж байснаас биш хэн хэнийнхээ гэр орноор орж гарч, наргиж дарвиж, найзархаж яваагүй ээ. МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн байсан хүмүүсийг Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгч гэж хоёр, гурван жил мөрдөн байцааж, гэмт хэрэгтэн болгох гэж зүтгэж байсан. Би 1987 онд тэтгэвэрт гарсан хүн шүү дээ. Намайг бас л тойрон хүрээлэгч гэж хочлон хувцас хунараа хадгалдаг том шкафыг минь битүүмжилж, хоёр байцаагч хоёр жил ээлжлэн байцааж, гэмт хэрэгтэн болгох гэж мөн ч их үзсэн. Бид улсын өмч хөрөнгө ашиглаж, завшаагүй, намч зарчим баримталж, үнэнч шударгаар ажиллаж байсан болохоор Нийслэлийн шүүх биднийг гэмт хэрэгтэн биш гэж үзээд бидэнд нээсэн хавтаст хэргээ хаасан юм.
Т.Рагчаа цааш нь ярихдаа:
-Би Ю.Цэдэнбалыг огт дутагдалгүй, Бурхан шиг хүн гэж хэзээ ч хэлэхгүй. Эх орноо хөгжүүлэхийн төлөө олон талт үйл ажиллагааг удирдан зүтгэж байхад янз бүрийн шалтгаанаар алдаа дутагдал гарах удаа байдаг болохоор бүх муу юмыг Цэдэнбалд тохож, түүний хүч зүтгэлээ гаргаж бүтээсэн гавъяат үйлсийг нь үгүйсгэн харлуулж болохгүй. Ю.Цэдэнбал даргын гаргасан дутагдлын талаар өөрт ажиглагдсан цөөн зүйлийг хэлье. Зарим сэхээтэн, улс төрийн зүтгэлтнүүд нам, засгийн болон нөхөр Цэдэнбалын үйл ажиллагаанд оршиж байгаа дутагдлыг илчлэн шүүмжилдэг байсныг намын эсрэг хандлагатай сэхээтний төөрөгдөлд тооцож, зарим хүмүүст зэмлэл шийтгэл хүлээлгэж хилсдүүлж байсан. Түүнчлэн түүхийн тодорхой үе шатанд Монгол орныг бие даасан тусгаар улс болгон удирдаж байсан Чингис хаан мэт алдарт хүмүүсийн тухай яриа дурсамжийг социалист нийгмийн зүй тогтолд харш, үндсэрхэг хортой үзэл гэж зарим хүмүүсийг зэмлэн гадуурхдаг байсан. Нам, төрийн өндөр алба хашиж байсан миний үеийнхэн Филатовагийн давилуун, дээрэлхүү зан аашийг сайн мэднэ. Цэдэнбал-Филатова Хүүхдийн фондын даргаар олон жил ажиллаж, хүүхэд багачууд, эх нялхасын төлөө их зүйл хийсэн нь үнэн. Түүний хийж бүтээсэн зүйлийг үгүйсгэж болохгүй л дээ. Харин түүний давилуун зан ааш бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог дутагдлыг зөвтгөх аргагүй. Тэр сайд дарга нар бүү хэл улс төрийн товчооны зарим гишүүнийг загнаж зэмлэдэг, дураараа аашлах гээд байдаг байсан юм. Тэр ч бүү хэл Ю.Цэдэнбал даргыг элдвээр дарамталдаг байсан. Даргыг архи уулаа гэж бага хүү Ц.Зоригтойгоо нийлэн зодож, эзгүй ханхай өрөөнд хүчээр оруулж гаднаас нь цоожилчихоод гаргадаггүй. Дарга ажил, албандаа санаа зовохдоо намайг өрөөнөөс гаргуулж өгөөч, Филатова гаднаас цоожилчихоод гаргахгүй байна гэж Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд байсан Нансалжав, Лувсангомбо нар руу утасддаг. Тэд даргыг гаргахыг Филатовад шаарддаг байсан боловч тэдний үгийг огт тоодоггүй даргыг цоожтой хэвээр нь хорьдог, тэр сайд нар аргаа барахдаа над руу утасдаж “Филатова гуай даргыг цоожтой өрөөнд хорьчихоод гаргахгүй байна. Филатова гуай таны үгэнд эрхбиш орох байх. Та очиж даргыг гаргаж өгөхгүй юу?” гэж намайг гуйцгаадаг байлаа. Би тэднийд давхиж очиж Филатоваг хатуухан зэмлэж байж, Ю.Цэдэнбал даргыг цоожтой өрөөнөөс олон удаа гаргасан. Би уурлаж “Төрийн тэргүүн, гэрийн эзэн хүн амарч байгаа үедээ гэртээ хэдэн хундага архи татаж болдог юм байгаа биз дээ? Даргад өдөр бүр нэг зуун грамм архи өгсөн ч танайх боломжтой айл. Нам, төрийн тэргүүн нөхрөө хүндэтгэж, эрх чөлөөнд нь халдахгүй байх хэрэгтэй. Дарга номхон хүлцэнгүй хүн болохоор та хоёрт зодуулж, ханхай өрөөнд хоригдсон хэрнээ та нарт уурлаж бухимдахгүй, өгөөмөр сайхан сэтгэлээр уучилж байгааг харж байгаа биз! Хэрэв нөхөр Филатова та дахин ингэж даварвал бид таныг улс төрийн товчооны хурлаар авч хэлэлцэх болно!” гэж би хатуу анхааруулдаг байлаа. Филатова харин надаас жаахан болгоомжилж, эмээнэ. Би Филатоватай хэзээ ч ойр дотно харилцаатай байгаагүй. Зохисгүй зүйл хийх бүрт нь улаан нүүрэн дээр нь хатуухан зэмлэдэг байсан. Филатова авгай намайг учир дүрсгүй загналаа гэж цааш нь алтан хошуу өргөдөг байсан шиг байгаа юм. Гэвч Цэдэнбал дарга юу ч болоогүй юм шиг чив чимээгүй өнгөрдөг байлаа. Хаа ч гэж дарга авгайгаа өмөөрдөггүй байсан юм шүү. Давилуун зантай Филатова Ю.Цэдэнбалыг гурван удаа хүү Ц.Зоригтойгоо элбэн зодож, ханхай өрөөнд хүчээр оруулж цоожилчихоод гаргахгүй байхад нь би Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын хүсэлт үзүүлээд, хэдэн чекистүүдтэй очиж гаргаж байсан юм. Том хүү Слава нь өндөр мэдлэг боловсролтой аав шигээ даруухан залуу байлаа. Идэр залуудаа зуурдаар таалал төгссөнд нь харамсдаг. Тэр хүү л Бал даргыг асрах байсан, хүний сайн нь эхэлж явдаг хорвоо юм уу даа. Даргыг таалал төгссөнөөс хойш аавдаа их хайртай байсан юм шиг Ц.Зориг элдэв юм ярьж, ном бичээд, Монголд ирж байр сав гуйгаад явж байгааг харахад дургүй хүрдэг. Ц.Зориг багадаа дандаа ээжийнхээ талд орж, даргыг элбэж зоддог тусгүй хүүхэд байсан. А.Филатова, хүү Ц.Зоригийн хамт Ю.Цэдэнбал даргыг хэдэн удаа зодсон, хэдэн удаа гэрийн хорионд байлгасан баримт, нотолгоог бичиж, протокол хөтлөн НАХЯ-ны сайдад хүргүүлж байсан. Энэ баримт НАХЯ-ны архивт байх ёстой доо.
Сонирхуулахад:Түмэнбаярын Рагчаа нь Улстөрийн товчооны гишүүн, тэдэн дундаа хамгийн өндөр боловсролтой нэгэн байсан бөгөөд ил цагаан үгтэй, огцом ууртай, хэн нэгнийг аялдан дагдах, бялдуучлах дургүй, үнэн үгийг пал хийтэл дарга байсан гэдэг. Тэрбээр Увс аймгийн Хяргас суманд 1917 онд төрсөн бөгөөд 98 насандаа өөд болжээ. Т.Рагчаа нь ЗХУ-д нам, улстөрийн төв сургууль, Москва хотын Ценртсоюзийн дээд курс, МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, 1959-1972 онд Төлөвлөгөөний комиссын дарга, 1987 он хүртэл Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч, 1981-1990 он хүртэл УТТ-ны гишүүнээр ажиллажээ.
Ярилцсан Зохиолч Сан.Пүрэв