
ЦЕГ-аас Нийслэлийн нэгдүгээр орлогч, Т.Даваадалайг саатуулан шалгах явцад авлигын ноцтой хэргүүд илэрчээ. Туулын хурдны зам төслийн нэг, хоёрдугаар тойрог зам барих төслийн сонгон шалгаруулалтыг хийхдээ Т.Даваадалай нь их хэмжээний мөнгө угаасан, авлига авсан нь тодорхой болсон. Сэжигтэн Т.Даваадалай нь нэг, хоёрдугаар тойрог замын төслийг сонгон шалгаруулахдаа компани, аж ахуйн нэгжүүдээс өөрийн хамаарал бүхий эхнэр Б.Анхтуяагийн удирддаг компани, түүний үеэл дүүгийн аж ахуйн нэгжийн дансаар 5,6 тэрбум төгрөг авсан. Мөн Б.Анхтуяагийн хамаарал бүхий дотны найзын дансаар 790 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувь эзэмшдэг компанийн дансаар 47 сая төгрөг буюу нийт 6,6 тэрбум төгрөг хувьдаа завшсан талаар ЦЕГ-ын ОНХА-наас мэдээлэл хийлээ. Ингэхдээ сэжигтэн Т.Даваадалай, эхнэр Б.Анхтуяа нар 6,6 тэрбум төгрөгийг олон удаагийн үйлдлээр данснаас дансаар дамжуулан гаргаж авахдаа ажил гүйцэтгэсэн мэтээр цаасан дээр тайлан бичиж, мөнгө угааж, зувчуулсан нь гэрч, мөрдөн байцаалт, санхүүгийн шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болжээ. Үүнээс гадна нийслэлийн олон төсөл, тендерийн мөнгө, санхүүтэй холбоотой мөнгө угаасан баримт ар араасаа олон улстөрчид, хотын хурган дарга, түшмэлүүдийг чирэх нь тодорхой байна. Жишээ нь хотын I орлогч Т.Даваадалайгийн бүлэглэл гэхэд эхнэр Б.Анхтуяагаас гадна хорь гаруй хамжигч, гүйцэтгэгчид гарч ирсэн. Тэднээс мөрдөн байцаалт, мэдүүлэг авч ЭЦГ-ийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж, хэрэг бүртгэл нээжээ. Саяхан хотын даргаас огцорсон Х.Нямбаатарыг ЦЕГ, Тагнуул, АТГ-аас ажлын хэсэг байгуулан шалгаж эхлээд байгаа. Х.Нямбаатар нь нийслэлийн захирагч болсноос хойш бүтэн 2 жилийн хугацаанд шилэн данс огт хөтлөөгүй. Энэ талаар “Шилэн” Б.Цогоо “Х.Нямбаатар шилэн данс хөтлөөгүй нийслэлчүүдийн төсөв, татварын мөнгөөр юу хийж, хаашаа мөнгө орж байгаа нь мэдэгдэхгүй бүтэн жил боллоо. Би түүний арьсыг хуулна” гэж жиргэж байсан. Хотын вант улсын удирдагч Х.Нямбаатар, орлогч Т.Даваадалай, Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр гурвыг авлигын гурван чулуу гэдэг. Энэ гурваар тогтохгүй хотын олон дарга, даамлууд дээлээ нөмрөхөөр дүр зураг харагдаж байна. Саяхан НИТХ-ын гишүүн О.Зундуйдорж “Нэгэн ноцтой зүйл хэлье. Нийслэлд 5-10 жил ажилласан мэргэжилтнүүд, дарга нар мэдээлэлд ойр байдлаа ашиглан хамаарал бүхий компаниудаар дамжуулан тендерийн хулгай хийж байсан баримтууд гарсаар байна. Мөн татвар төлөгчдийн мөнгийг угааж, замаас нь зувчуулж байсан маш олон баримт байна!” хэмээн мэдэгдсэн юм. Ингэхээр МАН 2016 оноос хойш бүтэн 10 жилийн хугацаанд Нийслэлд эзэн суухдаа авлига, хээл хахуулийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж хөлжсөн ил болж байна. Бараг зуу орчим хотын дарга түшмэл, даамлууд дээр авлига, албан тушаалын хэрэг үүсгэн шалгаж, энэ зун цагдаагийн мөрдөгчид шөнө оройгүй амрахгүй ажиллах бололтой.
Эднээс сэжигтэн Х.Нямбаатар, Т.Даваадалай хоёрын зам ч шулуудаж байгаа. Харин гурав дахь этгээд Б.Одбаяр гэгч нүд цавчихгүй худлаа ярьдаг, бродюр, явган хүний замын мөнгийг нааш цааш нь зувчуулж сурсан. Зарим компанид тэрбум орчим төгрөг давхардуулан олгож байсан нь аудитын дүгнэлтээр тодорхой болсон. Мөн Яармагийн цуврал дөрвөн гүүрнээс нэгийг нь “идчихсэн” Б.Одбаяр гэгч этгээдийг хууль хяналтынхан яаралтай дайчлан баривчилж, цагдан хорихгүй бол Америк руу алдах магадлал өндөр байна. Б.Одбаярын ээж, дүү хоёр нь АНУ-ын иргэншилтэй бөгөөд тэрбээр тус улсын арван жилийн визтэй гэдгийг анхаарна уу?