ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ӨМЧИЙГ ЭЗЭМШИЛДЭЭ АВАХААР УЛАЙРЧ БАЙНА



Өнөөдөр Монгол Улсад нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг олон төрийн бус байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Түүний нэг нь  тун удахгүй 100 нас хүрэх гэж буй Батлан хамгаалахад туслах нийгэмлэг юм. Батлан хамгаалахад туслах нийгэмлэг нь /БХТН/ улс, эх орныхоо батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд туслах иргэдийг цэргийн анхан шатны мэдлэг олгох үйл хэрэгт татан оролцуулах, цэрэг ардын холбоог бэхжүүлэх зорилгоор 1929 оны 07-р сарын 22-ны өдөр “Монгол Улсыг хамгаалах явдалд туслах эвлэл” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Түүхэн үеийн төр засгийн бодлоготой зорилгоо тодорхойлж, түүнтэйгээ уялдуулан нэрээ өөрчилж ирсэн юм. Тухайлбал, 1942 онд “Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын нийгэмлэг” /Морьт отряд/, 1958 онд “Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг”, 1961 онд “Батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэг”, 1970 онд “Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэг” хэмээн өөрчилж байжээ. УБХТН нь  олон нийтийн байгууллага гэсэн статустайгаар БХЯ-ны дэргэд үйл ажиллагаагаа явуулж байсныг 1975 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 18-р тогтоолоор БХЯ-ны дэргэдээс гаргаж, хөдөлмөрчдийн бие даасан олон нийтийн байгууллага болгож аж ахуйн тооцоон дээр ажиллахаар өөрчлөн зохион байгуулжээ. Улмаар 1976 оны 6 дугаар сарын 28-нд УБХТН-ийн Төв Зөвлөлийн Анхдугаар их хурлаа хийж, олон нийтийн байгууллага гэдгээ баталгаажуулжээ. Хэдийгээр түүхэн цаг үетэйгээ холбогдож, байгууллагын нэр өөрчлөгдөж байсан ч үүрэг чиглэл, үндсэн зорилго нь огт өөрчлөгдөөгүй билээ. Улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх ажлыг иргэдийн дунд зохиох, эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэрэг, техникийн спортыг хөгжүүлэх үндсэн зарчмаасаа өнөөдрийг хүртэл өчүүхэн ч хазайсангүй.

 1996 онд Төрийн бус байгууллагын тухай хууль гарснаар, олон нийтийн байгууллагууд төрийн бус байгууллага болон өөрчлөгдөх үед БХТН-ийн Төв зөвлөл, аймаг, хотын салбарууд нэгдэн хурлаа хийж, Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гэсэн статустай болж Хууль зүйн яаманд бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээгээ албан ёсоор авчээ. Одоогоор аймаг, хот, зарим сум, дүүрэгт 24 салбартай үйл ажиллагаагаа өргөн хэмжээнд явуулж буй манай улсын хамгийн өргөн хүрээтэй, олонд хүртээмжтэй төрийн бус байгууллага юм. Нийгэм шилжих явцад ч тус байгууллага өөрсдийн үндсэн чиг үүргээ умартаагүй бөгөөд зах зээлийн эхэн үеийн хүнд хэцүү жилүүдийг өөрсдийн бүтэц зохион байгуулалт, санхүүгийн боломжоор төр засгаас нэг ч төгрөгийн тусламж дэмжлэггүй даван туулж, бор зүрхээрээ зүтгэж өнөөдрийг хүрчээ. Улс орон зах зээлийн харилцаанд шилжихэд төр засаг болон БХЯ БХТН-ийг огт хэрэгсэхгүй орхисон бөгөөд БХТН-ийн төв зөвлөл, аймаг хот, дүүрэг сумын салбарууд нэгдэн хурлаа хийж, Төрийн бус байгууллагын хуулийн дагуу зах зээлийн шилжилтийн үеэс өөрсдийгөө санхүүжүүлэн өмч хөрөнгөө хамгаалан өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэн ажиллаж ирсэн түүхтэй. “БХТН” ТББ нь 2018 он хүртэл ямар нэгэн дарамт шахалтгүйгээр тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үндсэн болон ангилал ахиулах төлбөртэй сургалтыг тасралтгүй явуулж, нэг жилд 1000-1500 жолоочийг бэлтгэн гаргаж байсан билээ. Энэхүү олсон орлогоороо санхүүжилтээ бүрдүүлж, тодорхой хувийг буудлага, автомашин мотоцикл, радио, шүхрийн спортын секц дугуйлан хичээллүүлэн тамирчдыг бэлтгэж гадаад, дотоодын тэмцээн уралдаануудад амжилттай оролцуулж байв. Олон мянган зэрэг цолтой  тамирчин бэлтгэсний дотор Буудлага спортоор дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медаль, Азийн тоглолтын анхны алт, мөнгөн медаль, радио, мотоспортоор, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олон арван алт, мөнгө, хүрэл медаль эх орондоо авчирсан нь БХТН нь материаллаг баазыг бэхжүүлж, тамирчдыг бэлтгэх, дасгалжуулалт хийх нөхцөлийг бүрэн хангаж ажилласны үр дүн юм. Одоо ч “БХТН” ТББ-ын  зарим аймгийн салбарууд өөрийн орлогоороо буудлагын спорт, морин спорт, мото спортуудын /ялангуяа мото цэрэгжүүлсэн олон төрөлт/ залгамж халааг бэлтгэх, тэмцээн уралдаан явуулах, бусад нийтийг хамарсан арга хэмжээг галыг нь таслалгүй авч явсаар байна. Зарим аймгийн БХТН-ийн салбарууд Цэргийн штаб хүчний байгууллагуудтай хамтран орон нутагт мотоциклийн сургалт, хийн бууны нийтийн тэмцээн, жолооны анги танхимдаа цэргийн үүрэгтний сургалт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг явуулсаар байгаа билээ. Түүнчлэн Монголын ард түмний адууны соёлын өв уламжлал болсон адуугаа уургалж бугуйлдаж барих, эмнэг хангалаа сургаж уналга эдэлгээнд хэрэглэх арга барилыг үндэсний спортын шинэ төрөл болгон хөгжүүлж, 1989 оноос эхлэн уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулж байна. Төр засгийн огтхон ч оролцоо дэмжлэггүй атлаа түмэн олонд хүртээмжтэй ийм л нэг байгууллагыг сүүлийн үед сүйтгэж байгаа тухай харамсалтай мэдээ дуулдлаа.  Албан тушаалтнуудын ашиг хонжоо харсан баримтыг өгүүлэхээс өмнө тэдний шуналын сэтгэлд шөнө өдөргүй бодогдоод буй өмчийн талаар цухас дурьдъя.


  1980 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БХТН-ийн авто сургуулийн үл хөдлөх хөрөнгийг бэлэглэгч нь ЗСБНХУ-ын Арми Нисэх хүчин Флотод туслах сайн дурын нийгэмлэг /ДОСААФ/, бэлэг хүлээн авагч нь БНМАУ-ыг Батлан хамгаалахад туслах нийгэмлэг байв. ДОСААФ нь мөн л сайн дурын нийгэмлэг бөгөөд бас л улсын ямар ч оролцоогүй олон нийтийн байгууллага аж. Товчхондоо, Зөвлөлтийн олон нийтийн байгууллага өөрсдийн хөрөнгөөр манай улсын олон нийтийн байгууллагад буцалтгүй тусламж болгон барилга барьж бэлэглэжээ. Бэлгийн авто сургуулийн барилга нь 1984 онд ашиглалтад орж, улмаар УБХТН авто сургуулийн барилга, байгууламжийг өмчлөх болсон билээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 07-р сарын 06-ны өдрийн 192 дугаартай “Авто сургууль байгуулах тухай” тогтоолын 1-д  ЗСБНХУ-ын ДОСААФ-ын байгууллагаас бэлэг болгон барьж өгсөн авто сургуулийг 1984-1985 оны хичээлийн жилээс эхлэн нээж, түүнд УБХТН-ийн Улаанбаатар хотын зөвлөлийн харьяа Авто машины жолооч, авто сонирхогч мотоцикльчин, тракторчин бэлтгэх курсуудыг нэгтгэн хичээллүүлэхийг УБХТН-ийн Төв зөвлөлд даалгасан байна.


Уг тогтоолоор авто сургуулийн үйл ажиллагаа явуулах үндсэн журмыг тогтоосноос бус бэлгийн үл хөдлөх хөрөнгийг улсад эзэмшүүлэх, ашиглуулах талаар ямар нэгэн шийдвэр тусгагдаагүй байна. Энэ цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн II хэсгийн 59 дүгээр зүйлд зааснаар “Өмчийн төрлийг социалист өмч, амины өмч гэж ялгана” гэж заасан бөгөөд улмаар 60 дугаар зүйлд социалист өмч нь ямар өмч болохыг тодорхой зааж өгчээ. Тодруулбал, “Социалист өмч нь улсын өмч /бүх ард түмний хөрөнгө/, хоршооллын өмч /хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллын бусад байгууллагын өмч/ , үйлдвэрчний эвлэл, олон нийтийн бусад байгууллагын өмчөөс бүрдэнэ” гэж маш тодорхой хуульчилсан байна.  Цааш нь олон нийтийн байгууллага болон өмчийн талаар эрх зүйн орчныг  70 дугаар зүйлд “Үйлдвэрчний эвлэл, олон нийтийн бусад байгууллага өөрийн өмчид байгаа эд хөрөнгийг дүрмийнхээ дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж хуульчилжээ. Үүнээс үзэхэд, 1975 оноос хөдөлмөрчдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн олон нийтийн байгууллагын статустайгаар үйл ажиллагаа явуулж байсан УБХТН нь үйл ажиллагааныхаа зорилгыг биелүүлэхийн тулд өөрийн өмчтэй байх, өмч олж авах эрхтэй, түүгээр ч барахгүй захиран зарцуулах эрхтэй гэдгийг хуульд зааж өгчээ. Иймд энэхүү өмч нь улсын өмчид огтхон ч хамаарахгүй юм. Тэр ч байтугай 1990 онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд шинэ хууль батлагдсантай холбоотойгоор өмчийн төрөл хэлбэр ч өөрчлөгдөж байв. Хуулийн дагуу БХТН-ийн авто сургуулийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг БХТН-ийн өмчлөлд бүртгэж,  2000 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэрчилгээ олгон, өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.  Мөн тус үл хөдлөх хөрөнгө оршин буй газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн  A/224 дугаар захирамжаар БХТН-т олгосон байна. Гэтэл нийслэл хотод газар үнэд орж эхэлсэн, нөгөө талаасаа улсын төсвөөс нэг ч төгрөг ороогүй объектыг дээрэмдэж авах гэсэн төрийн нэр барьсан түрэмгий албан тушаалтнуудын гайгаар БХТН-ийг хүчийг нь сулруулж, хөрөнгийг нь дээрэмдэх ажиллагаа эхэлжээ. Анх байгуулагдсан цагаасаа л БХТН-ийн 100 хувийн өмч байсан Автосургуулийн барилга нь илүү дутуу харагсадын нүдэнд өртжээ. Үнэн хэрэгтээ энэ байгууллагын үе үеийн удирдлагуудын оролцоотойгоор өөрийн гэсэн эзэмшил газар бүхий байртай болсон бөгөөд өнөө цагийн ашиг хонжоо хайсан албан тушаалтнуудад энэхүү төрийн бус байгууллагын эд хөрөнгө асар их мөнгө болж харагдаад амар амгалан байлгахаа болиод удаж байгаа юм байна. Ард түмний нүдэн дээр илэрхий байгаа зүйлийг УБХТН-ийн залгамж халаа “БХТН” ТББ мөн гэдгийг үгүйсгэх гэсэн ашиг сонирхлын бусармаг санаа сэдэл ч хэрээс хэтэрчээ. Спортын нэр барьсан албан тушаалтнууд БХТН-ийн тэмцээнүүдийн эрхийг булааж авахаар санаархаж байгаа бол төрийн нэр барьсан “дээрэмчид” нь Улаанбаатар хот болон орон нутаг дахь салбаруудын барилга байгууламж, газраас булааж авах бусармаг үйлдлүүдийг удаа дараа гаргасаар байгаа юм. БХТН-ийн барилга байгууламжийг ЗХУ-ын Арми Нисэх хүчин Флотод туслах сайн дурын нийгэмлэг /ДОСААФ-аас/ БНМАУ-ын Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгт буцалтгүй тусламжаар барьж байгуулж нэр зааж өгсөн бөгөөд үл хөдлөх хөрөнгийг 2000 оны 3-р сарын 29-ний өдөр бүртгүүлж гэрчилгээ авч хууль ёсны өмчлөгч нь болсон юм. Мөн 2007, 2011, 2012 онд улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлж байжээ.  Хөрөнгийн үнэлгээ өөрчлөгдөх болгонд хуулийн дагуу гэрчилгээг өөрчилсөн байна.  Гэтэл  2015 онд Төрийн өмчийн хороо Эрүүл мэнд спортын яамны харьяа аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрыг БХТН-ийн Техникийн спортын төвтэй зэрэгцүүлэн байгуулж, буудлага, радио, авто мото, шүхрийн спортын үйл ажиллагааг доголдуулж эхэлжээ. Улмаар БХТН-ийн Техникийн спортын төв аймаг, хотын салбаруудад явуулж байсан буудлагын сургалт, тэмцээн явуулах эрхийг холбогдох яамаар хаалгасан байна. Буудлагын болон спортын зориулалтын буунуудыг шүүхийн захирамжаар битүүмжилж ашиглах боломжгүй болгож, БХТН-ийн анх санаачлан зохион байгуулж ирсэн жил бүр хийдэг уургач, бугуйлч, эмнэг булгиулах сум, аймаг, хотын болон улсын аварга шалгаруулах тэмцээнийг бизнесийн бүлэглэлийн зүгээс явуулахгүй байлгах дарамт шахалт үзүүлэх болжээ. Харин Нийслэлийн захиргааны хэргийн шүүх энэхүү хууль бус үйлдлийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрээр Эрүүл мэнд, спортын яамны харьяа Техник спортын төвийг хүчингүй болгожээ. Гэвч шүүхийн шийдвэрээс илүү том толгойлсон Төрийн өмчийн хороо 2019 оны 5 дугаар сараас эхлэн БХТН-ийн аймгийн салбаруудыг хамруулан шалгалт явуулж, улмаар шалгах явцдаа прокуророор өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хаалгаж, дарамталсан ба  өнөөдрийг хүртэл эрх нь нээгдээгүй байна. БХТН-ийн салбаруудын орлогын эх үүсвэр болсон жолооч бэлтгэх сургалтыг хааж, БХТН-ийн нэрийг өөрчлөх шаардлагыг ХНХЯ-наас тавьж үйл ажиллагааг зогсоож байжээ. Буудлагын анхан шатны сургалт хийн бууны тэмцээн, мото цэрэгжүүлсэн олон төрөлтийн тэмцээнүүдийг зөвхөн бизнесийн ашиг харж алга болгох, булаан авах гэсэн эрмэлзэлтэй ажиллагаанууд байнга явагдах болсныг тус ТББ-ын олон мянган гишүүд нь гэрчилж, эгдүүцэж байна. 

“БНМАУ-ыг БХТН-т бэлэг болгон” гэж тов тодорхой бичсэнийг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “…хоёр орны ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааны хүрээнд ЗСБНХУ-ын Засгийн газраас буюу ЗСБНХУ-ын Арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс Улаанбаатар хотод авто сургуулийн барилга байгууламж барьж, БНМАУ-д бэлэг болгон өгөхөөр 1980 оны 03-р сарын 07-ны өдөр хэлэлцээр байгуулсан байдаг…” гэж хэлэлцээрийн үндсэн утгыг алдагдуулан “…ЗСБНХУ-ын Засгийн газраас Монгол Улсад бэлэглэсэн…”  гэж ойлгохоор болгон үг үсэг нэмэн засварлаж нэхэмжилсэн нь зүйд нийцэхгүй бусармаг үйлдэл юм.  Түүнчлэн “1980, 1984 оны барилга байгууламжийн асуудлыг БХЯ-ны харьяанд байсан болох нь тогтоогдсон байна, тэр үед БХТН  улсын байгууллага байсан байна” гэж зориудаар гүтгэсэн дүгнэлт худал дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хуульд зааснаар “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан, өөрчилсөн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол…” гэдэг зүйл ангид хамаарч  байгаа эрүүгийн ноцтой хэрэг юм.  Түүхийг сөхвөл, УБХТН нь 1975 онд бие даасан олон нийтийн байгууллага болсноор бүх аймаг, хотод орон тооны зөвлөл, анхан шатны зөвлөлтэй, 387000 гаруй гишүүдтэй болж гишүүнчлэлийн татвар жилд 5 төгрөг авч авто, тракторын жолооч бэлтгэх  сургалт, мэргэн бууч, радист, шүхэрчид бэлдэх оройн болон өдрийн цагийн төлбөртэй сургалт зохион байгуулж иржээ. Өөрөөр хэлбэл, БХТН нь байгуулагдсан цагаасаа өөрийн орлогоороо үйл ажиллагаагаа явуулж, улсын төсвөөс ямар нэг төсөв, дэмжлэг авч байгаагүй ажээ. Харин БХТН-ийн Техник спортын сургалтын төвийн урсгал зардлаа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үндсэн дээр авч байсан бөгөөд тамирчдыг бэлтгэж, энэ төвөөс улс, тив, олимпт эцгийнхээ нэрээ дуудуулж, эх орноо дуурсгасан олон алдар цуутнууд төрөн гарсан билээ. 

БХТН гэдэг нэршлийн хувьд хүмүүсийн хоорондын харилцаанд Улсыг биш Улсын гэж андуурагдан албан ёсны нэршлээс утга алдагдан дуудагдах нь олонтаа байсан бөгөөд зарим албан бичиг дээр хүртэл андуурагдсан тохиолдол гарч байв. Үүнийг овжноор олж харсан хэсэг этгээд  шүүх прокурор нөлөө бүхий хүмүүст буруу ташаа ойлголт төрүүлэн баримтуудыг буруугаар тайлбарлан БХТН-ийг тогтолцооных нь хувьд оршин тогтнох нөхцөлийг нь алга болгож, салбаруудын үйл ажиллагааг доголдуулан хөрөнгийг нь булаан авах зорилготой гэж БХТН-ийн ажилтан албан хаагчид үзэж байгаа юм байна.  Тухайлбал, 2020 оны намар  тухайн үеийн  Ерөнхий сайд  У.Хүрэлсүх зарим аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтай танилцаж явахдаа  Техник спортын төвөөр ороход Авто  сургуулийн  талаар  Ерөнхий сайдад  ташаа  буруу  мэдээлэл  өгснөөс   асуудал  үүсэн   байдаг.  Энэ ажил хэргийн уулзалтын үр дүнгийн  талаар Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаан дээр ЗГХЭГ-ын дарга танилцуулга хийсний дагуу  БТХН-ийн Авто сургуулийн өмчлөлийг тогтоох,  төрийн өмчид  авах  асуудлыг хуулийн хүрээнд судалж үзэх талаар ТӨБЗГ, БТСУХ  болон Нийслэлийн засаг дарга нарт  чиглэл өгсөн байдаг.  Энэ  дагуу  ТӨБЗГ комисс томилон ажиллуулж, дүгнэлт гаргасныг үндэслэн шүүхэд  нэхэмжлэл  гаргажээ.  Гэтэл энэ асуудлыг Төрийн өмчийн хорооноос өмнө нь судалж үзээд, төрд огтхон ч хамааралгүй,  100 хувь төрийн бус байгууллагын өмч болохыг тогтоосон байдаг. 2010 онд ТӨХ-ны дарга Д.Сугар БХЯ-ны сайд  Л.Болдод  явуулсан албан бичигтээ   “БХТН  нь 1997 онд дүрмээ  баталж,  олон нийтийн  байгууллагаар  бүртгүүлж,  их хурлын удирдах  төв  зөвлөлийг  35  хүний  бүрэлдэхүүнтэйгээр сонгосон  төрийн  бус  байгууллага  ажээ. Тийм ч  учраас  ТӨХ-ноос төрийн  болон  төрийн  оролцоотой, орон  нутгийн  өмчийн  хөрөнгийг тоолж төрийн өмчийн мэдлийн санг байгуулахдаа БХТН-ийг хамруулаагүй юм” гэж бичжээ.  Мөн 2012 онд Төрийн  өмчийн  хорооноос  Улсын  Бүртгэлийн  Ерөнхий  Газарт гаргаж  өгсөн  тодорхойлолтдоо “БХТН  нь  төрийн  бус  байгууллагын статустайгаар  үйл  ажиллагаа  явуулдаг  бөгөөд  төрийн  өмчийн оролцоогүй  тул  төрийн  болон  орон  нутгийн  өмчийн  эд  хөрөнгийн тооллогод  хамрагдаагүй  байна. Тус  нийгэмлэгийн  эд  хөрөнгийн холбоотой  ямар  нэгэн  маргаантай  асуудал  байхгүй   болно” гэсэн  ба  энэ  албан  тоотод  Төрийн  өмчийн  удирдлага,  хувьчлалын  газрын даргын  үүрэг  гүйцэтгэгч, Төрийн  өмчийн  удирдлагын  хэлтсийн  дарга Х.Володя  гэдэг  хүн  гарын  үсэг  зуржээ.  Энэ нь төр өмчөө тоолж бүртгэхдээ төсвийн хөрөнгийн оролцоо байхгүй, бэлэглэлийн хөрөнгөөр Техник спортын төв клуб, БХТН-ийн авто сургууль баригдсан гэж үзэн төр үл хөдлөхийн тооллогодоо хамааруулаагүй нь дээрх хоёр даргын албан бичгээр нотлогддог.


Гэтэл 10 жилийн дараа Төрийн өмчийн хорооноос гэнэт ТББ-ын эд хөрөнгө рүү уулгалан дайрч, өмнөх дарга нарынхаа гаргасан шийдвэрийг үгүйсгэн  шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Төрийн өмчийн хорооноос өмнө нь  дэслэгч генерал  Ж.Жамьянгийн  нэрэмжит  Буудлага спортын төв клубыг төрийн  өмч  хэмээн  хууль  хүчний  байгууллагыг  төөрөлдүүлэн  төрд авч  Төрийн  өмчит   компани   байгуулж   байсан  жишгээ  давтах  гэж  ийнхүү төрийн нэр барьж улайрав уу? Харамсалтай нь уг  төвийг төрд авснаас хойш Монголын буудлага, мото спорт, радио, шүхэр, морин спортын клубүүд болон холбоод, спортын байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, тамирчид нь бэлтгэл сургуулилтаа хангаад явж байсан ч буудлага, биатлоны тамирчдаас бусад нь хичээллэх боломжгүй болсон байна. Техник спортын төвийг шийдсэн шүүхийн шийдвэрийг өнөө хүртэл алдаа болсон гэж БХТН-ээс үзэж байгаа юм. Түүгээр ч барахгүй уг төвийг төрийн өмчийн хувьчлагдах жагсаалтад орсон яваа сураг дуулдав. Энэхүү хөрөнгийг үнэгүйдүүлэх ажлыг Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Монголын Биатлоны холбооны ерөнхийлөгч Б.Наран-Идэр нар хуйвалдаж хийсэн байж болзошгүй гэнэ.

“Амташсан хэрээ арван гурав эргэнэ” гэгчээр төрийн нэр барьж дээрэм хийж болдог гэдгийг мэдэрсэн зарим увайгүй этгээд өнөөдөр БХТН-ийн авто сургуулийн барилгыг авахаар улайрч эхэлжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд буруу мэдээлэл дамжуулж, мөн Батлан хамгаалах яаманд “алтан хошуу” өргөж, улмаар Батлан хамгаалах гэдэг нэрийг ашиглахгүй, мөн жолооны сургуулийн эрхийг нь түдгэлзүүлэх, олон жилийн уламжлал болсон буудлага, радио, авто мото, шүхрийн спортын үйл ажиллагааг доголдуулах, халуун дулаанаар нь хангахгүй байх, барилга байгууламжаа түрээслэх ажилд саад учруулах, БХТН-ийн удирдлага болон аймаг, орон нутгийн удирдлагуудыг хуулийн байгууллагад дуудаж, хэрэг тохохыг санаархах гэх мэт хүний санаанд оромгүй залхаан цээрлүүлэх аргыг олон жилийн туршид үйлдэж байгаад БХТН-ийн гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байна. Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа БХТН-ийн төв болон орон нутаг дахь салбаруудын бүтэц тогтолцоог зөв зүйтэй ашиглах бус үйл ажиллагааг зогсоож, зөвхөн өмч хөрөнгийг нь булаан авах, шахан хавчиж устгах хүсэл сонирхолтой төрийн болон бизнесийн бүлэглэлийн эсрэг тэмцэхээр БХТН-ийн гишүүдийн Онц их хурлыг хийж байгаа нь сайшаалтай.

БХТН-ийн Төв Зөвлөлийн даргаар он удаан жил ажиллаж байсан ЗСБНХУ, БНМАУ-ын баатар Монгол Улсын сансрын  нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, түүний орлогчоор олон жил ажилласан Үйлчилгээний гавъяат ажилтан, Монголын сансрын анхны нисэгчдийн багийн гишүүн, хурандаа С.Сайнцог нар өнөө мөдгүй 100 жил болох гэж буй энэ байгууллагын үүх түүхийн талаар үнэнийг өгүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=