Засгийн газраас байгуулсан АТГ, ЦЕГ, ТЕГ-ын ажлын хэсэг танаа!
Засгийн газрын чиг үүрэг, даалгаврын дагуу ажлын хэсэг Туулын хурдны зам төсөл, “Сэлбэ 20 минут” хот, 1,2 дугаар тойрог зам, Улаанбаатар метро төслүүдэд шалгалт хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. АТГ-ын ОНХХ-ийн комиссарын мэдээлж буйгаар,
-Эдгээр төслийн төсвийн нийт зарцуулалт, зарлага нь 2.1 их наяд байх ёстой атал 5.8 их наяд болж өссөн. Нийт 3.7 их наяд болж өссөн энэхүү зарцуулалт нь ил тод байдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн ямар ч хяналтгүй, өндөр үнэтэй төслүүд нь үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, мөнгө угаасан байж болзошгүй хэргүүдэд хотын удирдлагын нэр бүхий хүмүүс холбогдон шалгагдаж байгаа гэв. Хотын “Шадар гурван авлигач” хэмээн нэрлэгддэг хотын захирагч Х.Нямбаатар, I орлогч Т.Даваадалай, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр гурав шалгагдаж, үүнээс Т.Даваадалай нь сэжигтнээр тооцогдон Хорих-461 дүгээр ангид цагдан хоригдсон байдаг. Тэгвэл “Шадар гурван авлигач”-ийн урдаа барьж, хууль бус үйлдэл, авлига, албан тушаалын гэмт хэргүүдээ хийлгэдэг үнэнч албат нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын засвар арчлалт, хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар аж. Манай Horiotoi.mn сайт өмнөх өдөр энэ талаар мэдээлэл нийтэлсний дагуу хотын захиргаанд ажилладаг албан хаагчид холбогдож, О.Энхбаатарын албан тушаалаа ашиглаж авлига, тендер будилуулсан олон мэдээллийг өгсөн юм. Очирын Энхбаатар гэгч нь зам засварын тендерийг бараг хувьчлаад авчихсан этгээд аж. Ямар компани тендерт шалгарч, ямар компани хотын зам засварт орохыг тэр ганцаараа мэддэг. Нэг үгээр О.Энхбаатартай хэл амаа ололцож, гарыг нь хүндрүүлж гэмээ нь зам засварын ажилд орох эрхтэй болдог. Тэрбээр анх ажилд орохдоо дансандаа сохор улаан мөнгөгүй Хотын Замын хөгжлийн газар орж ирсэн бол Зам засварын хэлтсийн дарга болсныхоо дараа ХОМ-тоо 57,3 сая төгрөгний хадгаламжтай, өнгөрсөн жил хадгаламж нь нэг дахин өсөөд 94,6 сая төгрөг болсон байх жишээтэй. О.Энхбаатар нь Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч Хятадын компани “Haoyuan Group”-тай уулзахаар хоёр удаа Хятад, Малайз руу явжээ. Энд нэгэн ноцтой зүйлийг дурдахад Туулын хурдны зам төслийн гүйцэтгэлийн урьдчилгаа нэрээр “Haoyuan Group” 500 тэрбум төгрөг авсан байдаг. Энэхүү хятад компани нь одоогоос жилийн өмнө зөвхөн цаасан дээр байгуулагдсан, бүтээн байгуулалтын ямар ч туршлагагүй, ганц шон ч босгоогүй компани. Нэг үгээр Х.Нямбаатар, сэжигтэн Т.Даваадалай нарын өмнөөс О.Энхбаатар нь Хятадын хулхи компанитай очиж уулзсан, авлигаа ярилцсан гэж хардах бүрэн үндэстэй. Нүдэн дээр өдөр өдрөөр амьдрал нь дээшилж, баяжаад байгаа О.Энхбаатарын авлига, албан тушаал, мөнгө угаасан, нуусан оффшор хөрөнгийг илрүүлэх нь хуулийн байгууллагын үүрэг. Хотын ерөнхий архитектор С.Төгсдэлгэр ганц гарын үсгээ 50 сая хүргэдэг талаар НИХТ О.Зундуйдорж шүгэл үлээсэн. Тэгвэл Зам засвар арчлалт, хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар нь эрх мэдэл, гарын үсгээ хичнээн тэрбумаар үнэлж, наймаалцаж байсныг хуулийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг олж илрүүлнэ гэдэгт найдъя.