ЦУУТАЙ НУДАРГАН ТУЛААНЧ ГИВААПИЛЫН НЭГЭН ТҮҮХ


Архангай аймгийн харъяат Цэдэнбат гэдэг эр доорхи түүхийг хүүрнэсэн юм. Тавиад оны үед миний бие чухам л галзуу нохойн аманд гараа хийхээс буцахгүй омголон явлаа. Хэний охин өсч вэ гэж айлын хаяа, хатавч ухан, босгож тавьсан хөрөөний ирэнд гараа исгэж явсан тэр үед хүрээ зодоонч Гиваапил гуайн хэнз охин болох Буяндалайг эргүүлдэг байлаа. Хүрээ зодоонч гэх Гиваапил гэж цэцэг өвчин туссаны ул мөр болох ов тов цоохор нүүртэй, өндөр янхигар өвгөн байв. Бараг хоёр метр өндөр байсныг бодоход залуудаа хир зэрэг эр явсан нь ойлгомжтой. Нас нь ная дөхсөн ч гэлээ биеэ тэнхлүүн, хараа хурц нэгэн. Тэрбээр гөлөм, дэвс, гаансны дугтуйг хар сайр, ногоон сарьсаар хачин айхтар хийдэг уран хүн байв. Харин яагаад хүрээ зодоонч гэсний тухайд гэвэл залуудаа Гандан хийдэд шавилан суудаг байсан аж. Тэгж байхдаа л зэрэг зиндаагаараа ялгаран бусдаасаа цоорч нэвтэрхий зодоонч нэр авсан гэдэг. Нэг удаа том яргай ташуур барьсан морьтой хүн дайраад ирэхэд Гиваапил гуай хоёр гараараа газар тулаад дөрөөнийх нь таваг руу хайчлаад өшиглөтөл мөнөөх хүн мориноосоо дээш хоёр метр хиртэй хөөрөөд мөргөлчний чулуун вандан дээр ууцаараа хүндээр бэртсэн гэнэ. Мөн нэг удаа түүнийг нутгийн аянчдыг дагаж гэрийн бараа харах гээд хөсөг хөтлөн ядруухан сажилж явтал гурав дөрвөн эр дээрэмдэх гээд иржээ. Тэгмэгц Гиваапил гуайн улаан суга руу нь нэг нэг ёвроод, хоёрыг нь нүүрээр нь мөргүүлээд булгийн хөлд хаячихсан байна. Бас нэг удаа айлын нохой дайраад ирэхэд ангайсан ам руу нь зад өшиглөөд эрүүг нь заачихсан эж ярьдаг. Дээхэн үед Гандан хийдийн лам нар хэд хэдэн аймагт хуваагддаг байсан бөгөөд Гиваапил гуай Дашдандарлин аймгийн Найдан гэдэг гаргууд зодоонч эрийн баруун гар нь байсан юм гэнэ лээ. Мань хоёр бусад лам нараа уриалан дуудаад хүрээний хятадуудтай хэд хэдэн удаа сүрхий зодолдсоны эцэст ялалт байгуулж байв. Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нэрт зодоонч “Гүзээ” Найдан найман хятадтай нэгэн зэрэг зодолддог байсан бол Гиваапил гуай зургаан хятадын дунд торойтол эргэлддэг байсан юмсанж. Түүний гардан зодоонд суралцсан түүх сонин. Тэр хонины үлээсэн гүзээнүүдэд тогооны хөө түрхээд энд тэндгүй өлгөөд ээлжлэн цохьдог байсан гэнэ. Тэгэхэд хувцас, бие нь ямар ч хөө болдоггүй байж. Хэрвээ хөө болох юм бол хөдөлгөөн удаан, хараа муу, тааруухан зодолдож байна гэсэн үг гэж ойлгодог байж л дээ. Нэг үгээр хэлбэл хурдтай ирсэн гүзээнээс бултаж байна гэсэн үг. Энэ мэтийн яриа дуулж сонссон бид айхаасаа арзайх гэгчээр түүнийг гэртээ байх үед охинд нь тэр бүр санаархаж чадаагүй байлаа. Харин нэг өдөр хотоос ирсэн нэг найз маань “Хэдүүлээ Гиваапил гуайн охиныг эргүүлэх гээд үзээд алдъя” гэж зоригжуулснаар бидний үйл нь ирсэн юм даа. Бид Гиваапил гуай шөнө хаана унтдаг болох, охиных нь ор хаана байдгийг нэлээн сайн судлаад шөнө болмогц гэрийн нь хойно цуглаж хамгийн зоригтойгоор Бат-Орших гэгч найз маань түгжээг нь мултлаад ороод явчихсан ч удалгүй нүүр амаа дарсаар орилж чарлаад гарч ирэх нь тэр. Хашир өвгөн охинтойгоо ороо солиод унтчихсаныг нь мэдэлгүй шууд мордоод автал өвгөн цочихдоо эрхиэрээ нүүрэн дундуур нь буулгаад, хөлөөрөө тийрчихсэн. Бат-Орших тогоотой хоолтой нь холилдоод хөгийн амьтан гарч ирж билээ. Маргааш нь бид нүүрэндээ эрхинй ормоор цувран цагаан толботой болсон Бат-Оршихыг харж элгээ хөштөл инээцгээсэн юмдаг. Хэд хоногийн дараа нэхээр тавуулаа очив. Гэрийнх нь хаалга онгорхой байсан тул бид Гиваапил гуайг эзгүй байна гэж бодоод бүгдээрээ ороод явчихав. Тэгтэл Гиваапил гуай хавтарчныхаа тэнд отож байсан юмсанж. Тэрбээр хаалга дотроос нь монгол цоожоор цоожилж байгаад лаагаа асаагаад бид хэдийг нармайтал нь хусч билээ. Тэгээд тэр “Та нарын зүсийг харах гэсэн юм. Явцгаа” гэж хэлээд бараг 50 раземрийн гэмээр том монгол гутлаар биднийг нэг нэг өшиглөөд хөөж гаргасан даа. Нас сүүдэр ная хүрсэн хүнд тийнхүү зодуулснаа бодоход ичмээр ч юм шиг. Хорь шүргэж яваа таван залуу тэр өвгөний өөдөөс гар сарвайгаагүй нь бидний үеийн хүн чанар, дээдсээ хүндлэх сэтгэл байж дээ. Харин Гиваапил гуай 1957 онд 86 насандаа өөд болсон бөгөөд манай сумынхан 85 насных нь ойг хийх гэж нэлээд хөл хөөрцөг болсон гэснээр бидний яриа өндөрлөв.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=