АРДЫН ЗУРААЧ Ц.БАЙДЫ АЛУУРЧНЫ АМ ЗУРГИЙГ МАШ АДИЛХАН ЗУРЖ, ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХЭД ТУСАЛЖЭЭ


Xүн амины хэрэг 1980 оны намар гарчээ. Аялал жуулчлалын улирал шувтарч, хүмүүсийн зарим нь зуныхаа амралтыг дуусгаж байсан үе. Шөнө дунд цагдаагийн дуудлага, эрүүгийн ажилтан, ахмад Майсүрэнгийнд иржээ. Тэрбээр даруй хувцаслан Октябрийн районы Төмөр замчдын байрны орцонд эмэгтэй хүнийг хөнөөсөн дуудлагын дагуу очив. Хүн амины хэрэг гарсан тул онцгой анхаарч холбогдох хүмүүс ирсэн байлаа. Цагдаа, эрүүгийн есөн хүн бүрлээчийг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр болжээ. Хэргийн газрыг хэдийнэ хамгаалалтанд авсан байлаа. Орц харанхуй, хаалга онгорхой, өдөржин хүн хөлхөж байдаг орцны шат эл хульхан. Үзлэг хийхэд таргандуу, махлаг бүсгүйн цогцос шатны хажууд дээш харан гулзайн харагдана. Хэн ч харсан хүчирхийлж дур хүслээ хангасан гэмээр байдалтай дүр зураг. Эрүүгийн ажилтнуудын анхны дүгнэлт амийг нь хөнөөгөөд дараа нь цогцсыг нь хүчиндсэн! Хэргийн газар ирсэн хурандаа Д.Алтангэрэл байдлыг нарийн ажиглаж харчихаад “Энэ бүсгүйг боомилон хороосон, дараа нь дур хүслээ хангасан бололтой. Маш зэрлэг үйлдэл, ингэсэн тохиолдол Монголд ер гараагүй юм даа” гэж нухацтай хэлэв. Энэ үг тэнд байсан цагдаагийн ажилтнууд, гэрчийг юм бодогдуулж, алуурчинг заавал олох юм шүү гэсэн бодол сэтгэлийг нь хурцалжээ. Мөрч нохой тавьсан боловч шивэрсэн бороон дундуур хэсэг яваад төөрөв. Гэвч тэд шөнөжин алуурчинг хайж, эд мөрийн баримтыг шалган хонов. Төмөр замд байдаг урд нь улаан махны хэрэг үйлдэж байсан, шоронгоос суллагдсан, цэр­гээс халагдсан үл бүтэх хүмүүсийг сайтар шалгалаа. Хүн амины онц ноцтой хэрэг гарсан тэр өдөр районы цагдаагийн хэлтэс дээр Ахмад Д.Майсүрэн, Чонйдон, ахмад Нэргүй, Гүнхэв, дэд хурандаа Рэгзэн нар хамтарч ажиллахаар болжээ. Урьд өмнө ийм хачирхалтай хачин хэрэг гарч байгаагүй тул гадаадын хүн, орос цэргүүд эл хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлэв. Эрүүгийн хэргийн хар түүхэнд талийгаачтай энгэр зөрүүлж таашаал эдэлдэг ийм хачин явдал тохиолдож байсангүй. Криминалистик шинжилгээгээр талийгаачийг нас барсны дараа хурьцал үйлдсэн нь батлагдав. Комисс хэд хэдэн хувилбар дэвшүүлж тэр чиглэлээрээ хөдлөв. Хамгийн гол нь гэрч олохыг зорьжээ. Удалгүй тус байрнаас гурван гэрч гарч ирлээ. Тэд зөрүүтэй зүйл мэдүүлж байсан ч нэг л хүний тухай ярьж буй нь тодорхой. Гаж донтон, алуурчны ерөнхий ерөнхий дүр төрхийг хар зургаар гаргав. Мөн тэр хавийн бүх байгууллагаар орж шөнийн жижүүр, харуултай уулзаж, саарал цувтай, босоо халимагтай, дунд зэргийн нуруутай, цайвар царайтай, зангиатай хүнийг эрэн сурвалжлав. Эрэн сурвалжлагдаж буй этгээд залуухан царайлаг нэгэн бололтой. Дөч шахсан эмэгтэйг дөнгөж хорь орчим настай залуу хөнөөгөөд дараа нь хүчирхийлсэн гэж бодохоор нэг л сэжигтэй санагдана. Гэрчүүд ярихдаа,
-Тэр шөнө үл таних залуу орцны гадаа зогсоод хүүхэн хоргоож байсан. Гэхдээ тэр хоёр хэзээ язааны янаг амраг шиг байсан. Шүхэр барьсан тул эмэгтэйн царайг анзаараагүй. Би дэргэдүүр нь бүр хүүхний хажуугаар зөрж өнгөрөхөд эрэгтэйгээс нь гоё үнэртэй ус ханхалж байв. Намайг оройхон харьж явтал тийм нэг залуу тэр байрыг чиглэж явж байсан. Бороо шиврээд сэрүүвтэр, чийг ханхлаад түүний өмнө шүхэр барьсан таргавтар эмэгтэй явж байсан. Эргээд нэг харвал хоёул нөгөө орц руу орох шиг болсон. Тэр залуугаас архи, бас үнэртэй ус сэнгэнэсэн шүү. Зүс мэдэхгүй. Бороо орж байсан тул тэр нүүрээ цувныхаа захаар халхлах маягтай жаахан гилжийж харагдсан. Хүүхэн залуу хоёр маргалдаж байна лээ. Эмэгтэй нь нөгөөхөө “Чи тэгвэл зайлж л байхгүй юу?” гэж хэлэх шиг болсон. Эндээс хамгийн гол гэрч нь ярихдаа,
-Шөнө хаалга цохиход цонхоор харвал цувтай залуу зогсож байсан. Утсаар яриулчих гэхээр нь зөвшөөрсөн. Нэг хүүхнийг аргадаад байх шиг. Өөртөө доллар бий гэсэн шүү. Жаахан архи уусан бололтой. Үнэртэй ус ханхлуулсан соёлтой байрын залуу байв. Бороотой байсан тул гутал нь норсон, өвдөг, цувны ханцуй нь шороо болж халтартсан. Тэр баярлаж талархсанаа соёлтой илэрхийлсэн. Би түүнийг хараад хангалуун амьдралтай залуу юм гэж бодсон. Бүгд нэг хүний тухай яриад буйг ахмад Майсүрэн ойлгож нөхөдтэйгээ зөвлөл­дөн сэжигтэй этгээдийн нүүр царайны ерөнхий дүр төрхийг гаргажээ. Тэгэхээр алуурчин монгол хүн болж таарав. Хэргийг шалгаж байх үед орос цэргүүд, шөнө төмөр замд ажилладаг оросууд, орос мэргэжилтнүүдийг сэжиглэн шалгаж байсан тул дахин тэгэх шаардлагагүйг ойлгож байлаа. Ахмад Майсүрэн тэр үед “Тоншуул” сэтгүүлийн шог зураач Ц.Байдытай уулзав. Ц.Байды ч татгалзсангүй, алуурчны ам зургийг зурж өгчээ. Энд нэг зүйлийг онцлоход “25 мянган төгрөгийн хэрэг”-ийн эзэнг тодруулах гэж 25 жилийн дараа ам зургийг нь гаргахад алуурчинтай яв цав тохирч байсан гэдэг. Ингээд шог зураач Ц.Байдыгаар зуруулсан зургийг олон дахин хэвлэж, эрүүгийн ажилтнуудад өгсөн байдаг. Эрлийнхэн сүүлдээ зах зээл, кино үзвэрийн газрууд, автобусны буудал, нисэх онгоц, галт тэрэгний зогсоол, гуанз, ресторан, бүжиг цэнгээний газруудаар дахин дахин явж байлаа. Алуурчны ам зурагтай төстэй хүн тааралдсангүй. Гэрчүүдтэй уулзаж алуурчны ам зургийг үзүүлэхэд цугаараа “Яг мөн байна, ийм залуу байсан” гэцгээж байлаа. Ахмад Майсүрэн тэр үед залуусыг цуглуулан томоохон шоу цэнгээн хийх санал гаргажээ. Оюутан залуус намрын ургац хураалтанд урт хугацаагаар явсан, ургацын дайчлагаа болсон учир аравдугаар сараас нааш ийм арга хэмжээг манайх зохиохгүй гэж Хотын ХЗЭ-ийн хороо хариулав. Хэрвээ ийм арга хэмжээ зохиох бол МХЗЭ-ийн Төв Хороотой тохиролцох хэрэгтэй гэж үзэл суртал хариуцсан дарга нь хариулжээ. Ахмад Майсүрэн шантарсангүй. Тэрбээр төмөр замаар алхаж явтал алуурчин этгээдийн ам зурагтай усны дусал шиг адилхан хүнтэй таарав. Намхан байшингийн булан тойрохоор нь нөгөө талаас нь тосоод очтол эргээд явчихав. Тэр ч сэжиг аваад зугтаажээ. Түүнээс өөр хүн байх вэ? гээд “зогс” команд өгөн Майсүрэн ухасхийв. Тэр эргэж ч харалгүй хар хурдаараа алга болов. Марш тактикийн тэмцээнд нэг бус удаа амжилттай оролцож байсан Майсүрэн хамаг хурдаараа араас нь гүйжээ. Сэжигтэй этгээд ч мөн ялгаагүй гүйх тал дээр хурдан шаламгай нэгэн байв. Ашгүй хоёр залуу цаанаас нь гараад иртэл тэр чигээ өөрчлөн харайлаа. Түүнийг “Бариад ав!” гэж хашгирч шүглээ тас хийтэл үлээв. Тэгтэл нөгөө этгээд өврөөсөө эмэгтэй хүний цүнх гаргаад шиджээ. Сэжигтэй этгээдийг цагдаа нар, энгийн хүмүүстэй нийлэн арай гэж барьж авав. Энэ этгээд бол олон удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг булааж, хулгайлаад хөлийнхөө сайнд зугтан алга болдог нэгэн байлаа. Эрэл ахиад л мухардав. Тэр үед Чехославокийн эстрадын хамтлаг Улаанбаатар хот, МҮЭ-ийн ордонд тоглохоор болжээ. Эрүүгийн ажилтнууд МҮЭ-ийн ордны даргатай уулзаж, орох, гарах хаалга, өлгүүр мухлаг, шат, тайзын ар өнцөг болгонд хяналт тавихаар тохирчээ. Гадуур зарлал түгж, радио телевизээр сурталчилж, том том плакат зураг ч намрын Улаанбаатарын гудамж талбайг чимж байлаа. Хүсэн хүлээсэн гадаадын хамтлагийн тоглолт болохоос хоёр цагийн өмнө цагдаа нар ордонд оров. Зарим нь гадаа үүдэнд, өлгүүрийн тэнд ч зогсож ажиглалт хийнэ. Эстрадын тоглолт ч сүр дуулиантай эхэллээ. Майсүрэн тайзны урд суусан чигтээ хөшигний завсраар ажиглаж байтал гуравдугаар эгнээнд алуурчинтай тун төстэй залуу сууж байх нь тэр. Бүр хажуугаас нь харвал усны дусал шиг адилхан байх ажээ. Ахмад Майсүрэн үзэгчид дундуур гэтэж очоод үл таних нөхрийг сугадан авч “Та наашаа гараад ирнэ үү?” гээд босгов. Тэр эсэргүүцсэн ч үгүй юм асуусан ч үгүй чимээгүйхэн санаа алдах шиг болжээ. Хөгжмийн уянга, нүргээн, хөгжиж баяссан дуу чимээнээс жаахан холдлоо. Тусгай бэлдсэн өрөөнд оруулж бичиг баримтыг нь шалгахад хөгжимчин, бүр ЗХУ-д хөгжмийн дээд сургууль төгссөн, соёлтой байрын залуу байв. Тэрбээр “Та нар хүн андуураад байх шиг?” гэж тайван хэнэгүйхэн өгүүлэв. Ахмад Майсүрэн,
-Хэнтэй андуурлаа гэж. Таныг хаана төрсөн, юу хийж байсан гэдгийг бид маш нарийн, чамбай судалсан гэв. Тэрбээр “Эрүүгийн хэрэг” гэсэн хавтаснаас алуурчны ам зургийг гаргаж түүнд үзүүллээ. Өөрийнхөө хөргийг хэн нэг зураачаар зуруулсан мэт адилхан байх ажээ. Сэжигтэн ч өчиг, мэдүүлгээ боловсролтой, соёлтой нэгэн шиг төвөггүй ярьж, хэргээ хүлээсэн байдаг. Тэр орой найз хүүхэнтэйгээ гэрт нь жаахан юм балгасан. Тэгээд гэрт нь хонох гэсэн боловч цаадах нь дургүйцсэн. Дагуулж гараад гэртээ аваачин хонох гэтэл бас татгалзаад. Хөгжимчин найз бүсгүйгээ орхиод өөр нэг таньдаг эмэгтэйн гэр лүү явжээ. Гэвч цаадах нь байсангүй. Бороо шивэрсэн тэр өдөр хөгжимчний урд махлаг эмэгтэй алхаж явах нь түүний дур хүслийг оргилуулж орхив. Хөгжимчин залуу 21 настай ч гэлээ өөрөөсөө хорь орчим насаар эгч эмэгтэйг шууд эзэмдэхээр шийдсэн байна. Эмэгтэй мэдээж татгал­захад тэрбээр түүний амыг нь гараараа уургалан боогоод араас нь хүчирхийлсэн гэдэг. Хүчиндүүлсэн эмэгтэй босохгүй болохоор нь босоод явчихав. Хөгжимчин Т бусдын амь насыг санаатай хөнөөж, хүчирхийлсэн хэрэг­тээ цаазын ял авснаар эл хэргийг дээд шүүхээс хаажээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=