Х.БАТТУЛГА, С.БАЯРЦОГТ ХОЁРЫН ХЭН НЬ УЛСАА ХОРЛОСОН БЭ?


Хоёр долоо хоногийн өмнө АН-ын генсект өрсөлдсөн С.Баярцогтыг Үндэсний Бодлогын хорооны гишүүдийн 66,3 хувь нь дэмжиж, тэрбээр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. С.Баярцогтыг АН-ын ЕНБ-ийн дарга болсны дараа УИХ-ын гишүүн Х.Баттулга төрийн ордны хонгилд сэтгүүлчдийг цуглуулан мэдэгдэл хийв. Тэрбээр,
-Би С.Баярцогтыг хэзээ ч дэмжихгүй. Олон нийтийн сүлжээ, нийгмийн хандлага 90 хувь нь С.Баярцогтыг дэмжихгүй, сөрөг хандлагатай байгаа. Энэ нь өчигдөр болсон зүйл биш олон жилийн дургүйцэл, эсэргүүцэл явж байна. Монголчууд байгалийн баялагаасаа ашиг хүртэж, сайхан амьдарч чадахгүй нөхцөлд хүргэсэн хүн нь С.Баярцогт. Гэтэл үүний эсрэг үзэлтэй хүмүүс намд нөлөөгөө тогтоовол ард түмэн дахиад 10-15 жил амаараа шороо үмхэнэ гэсэн үг. Би сая өөрийн сонгогдсон Хөвсгөл, Булган, Орхон аймгуудаар иргэд сонгогчидтойгоо уулзаад ирлээ. Тэд нар цугаараа С.Баярцогтыг генсек болгосонд ихээхэн дургүйцэж, шүүмжлэлтэй хандсан гэв.
Гишүүн Х.Баттулгын яриагаар бол тэрбээр эх орныхоо байгалийн баялагийг эдийн зэсгийн эргэлтэнд оруулж, ард түмнээ Америк, Япон шиг сайхан амьдруулах гэж олон жил гүйсэн. Түүнийг нь эсэргүүцдэг, гацаадаг ганц хорлогчин нь С.Баярцогт болж таарав. Үүнээс гадна Х.Баттулгын явсан газарт таарсан хүмүүс татаж чангаагаад “Яагаад тэр муу хужааг АН-ын генсек болгож байгаа юм бэ!” гээд уурлаж, нударч, тоншиж зарим нь барьж аваад зодох шахсан гэнэ. Үүнээс болоод АН ирэх Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуульд ялагдах нь тодорхой болсон аж. С.Баярцогтыг АН-ын генсек болгосонд хөх тэнгэр хилэгнэж, дээгүүр нисэх шувууд хүртэл эсэргүүцэн гуаглаж, нохой, муур хүртэл гасалж, гийнаад байгаа юм байх. Уг нь иймэрхүү хар пиарын зохиолыг мань Женко Баянгол зочид буудалдаа бичиж, Херо Б.Баатар нь кино-контент болгон сошиол орчинд сэвдэг байлаа. Одоо харин цаг өөр болжээ. Х.Баттулга зохиолоо өөрөө бичээд, өөрөө найруулаад, өөрөө гол дүрд нь тоглохоос өөр хүн хүчгүй болов хөөрхий. Нэгэн цагт түүнийг Ерөнхийлөгчийн олбогон дээр хонгилын түлхүүр атгаж суухад улстөрчид сунаж мөргөөд, хажуулдаад ордог байсан бол одоо Женког “Гэлэн гуай” гэх нь бүү хэл “Гөлөөг ч” гэх хүн үлдсэнгүй. Гэхдээ түүний үзэн ядаад буй С.Баярцогтыг “дээрээс” эсвэл Кремлиэс томилоогүй. АН-ын ҮБХ-ны гишүүдийн олонх дэмжсэн бас АН-ын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын 42 гишүүнийх нь 24 гишүүн дэмжсэн болохоор яалтай билээ.
Эцэст нь Х.Баттулга, С.Баярцогт хоёрын Монгол улс байгалийн баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж хөгжих, ард түмэн сайхан амьдрах алтан боломжийг хэн нь хулгайлсан бэ? Эдийн засаг, мега төслүүдийг олон жил гадны заавраар хорлож, гацааж байсан хүн нь Женко юу, АН-ын генсек үү гэдгийг дор бүрнээ дүгнэх үү?
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=