МӨРӨН ДЭЭРХ БӨНДГӨР ЧИНЬ ЧИНИЙХ ҮҮ, ХҮНИЙХ ҮҮ Х.БАТТУЛГА АА!!!


 

Х.Баттулгын хөтөлбөр “Монгол ялна”. Сайн байна, Монгол ялдаг байж. Харин хэнийг ялах гээд байна. Сонгуульд өрсөлдөгчөө ялахыг “Баттулга ялав” гэхээс “Монгол ялав” гэмээргүй. Түншилнэ, хоршино гэлгүй “ялна” гэж онцолсон нь дайсантайгаа алалцах болтой. Манай сонгогчдын дийлэнх хятад аллергитай. Тэднийг дөрөөлсөн нэр дэвшигч ялдаг. “Монгол ялна” гэх уриа цаагуураа арай Их Хятадыг ялна гээгүй байгаа даа Гомбогур минь. Эрлийз хурлийзаар тогтож хайрлавал яамайсан. “Монгол ялна” гэх омог хятад харшилтай сонгогчдыг хөөргөх ч ялаа ч бил үү, ялагдаа ч бил үү. Ойворгон болчимгүй энэ сагсуурлаар бид тархиныхаа хомсдолыг дэлхийд зарласнаас цаашгүй. Хятад компанитай бизнес хоршвол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал замхрах гэнэ. Хужаа нарыг өшиглөөд хил давуулчвал “Монгол ялах” юм байх.

2014 онд Ши Жиньпин Монголд зочлоход хоёр улс нарийн царигаар төмөр зам тавих гэрээнд гарын үсэг ёслол төгөлдөр зурсан. Гарын үсэг зурснаас хойш БНХАУ нэг жилийн дотор Ганц мод хүртэл тавих төмөр замаа ашиглалтад оруулчаад манай талыг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг 10-аад жил хүлээж, бүтээн байгуулалт нь сул зогссоноор орлого нь “шатсан”. Орос магнатуудын нөмөр нөөлөгт Монголдоо дураар дургисан Х.Баттулга дээд хэмжээнд үзэглэсэн нарийн царигаа өргөнөөр солиход манай төр засаг ганхийгээгүй. Кремлиэс хулчийсан биз. Ядмаг Монголын зовлонг сайн мэдэх урд хөрш баян гүрний зангаар хохирлоо нэхэж сүр бадруулаагүй. Урд хөршийн тавьсан төмөр замын үзүүр хэдэн жил бараагаа харуулсан ч манайх замаа 25 км зөрүүлээд, хэзээ нэг цагт холбохдоо тулбал хорлохоор 280 сая доллар булсан далангийнхаа төгсгөлийг 9 давхар байшин шиг өндөрсгөв. Зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдрээ 20-30 мянган машинаар ухнатсанаас галт тэрэгний урт цуваагаар зөөвөл асар ашигтай гэх хувилбарыг төөрүүлэхээр “хэвтээ тэнхлэгийн”, “баруун зүүн босоо” гэх тууль олон жил хайлсан. Орос өргөн цариг урд хил дээр дэлхийн стандарт-нарийн цариг мөргөөд мухардав. Үүнийг урлагч нь Женко зураач гэдгийг адгийн тэнэг ч мэднэ. Түүний тарьсан гай барагдах янзгүй. Төмөр зам 17 жил гацаж, 31,5 тэрбум долларын орлого замхарсан. Алдсан тэр их валютаар арьс шир ноос ноолуураа ХХI зууны технологиор дэлхийн стандартад боловсруулж, брэнд үйлдвэрлэж, мөнгөө үржүүлсэн бол утаа түгжрэлгүй тансаг дэд бүтэцтэй чинээлэг Монгол болох байв. Элсэнд булагдаж буй мухар замыг урд хөрш холбож өгвөл Л.Оюун-Эрдэнэ өөрийн гавъяа болгохоор попорсон ч тэнгэрт тэр мөнхөрсөнгүй ойчив. Хосоо шувтруулбал түүнээс бохир бага гарахыг ерөөе.

Хэвтээ тэнхлэгийн гэх глобал тодотголтой төмөр зам. Хоёр үзүүртээ дор хаяж 20 сая тонн ачаа байнга байвал төмөр зам алдагдалд унадаггүй. Таван толгой-Зүүнбаянгийн 416 км төмөр замыг юун түрүү тавихаар ТЭЗҮ-гүй, гео судалгаагүй зүтгүүлсэн нь-түүхий нүүрс хил давмагц валют болдог Гашуун сухайтын төмөр замын гацааг сунгах гэснийх. 416 км-ийн санхүүжилт төрийн нууц. Галт тэрэгний урт цуваагаар Таван толгойгоос нүүрсээ ачаад Зүүн баянд очно. Нүүрсээ Зүүн баянд зөөснөөр зорилго биелэхгүй. Эцсийн өгөөж төмөр зам тавихад бус нүүрсээ худалдаж зоос олох! Галт тэрэг өдөрт хэд ч сүнгэнэсэн ээрэм говьд түгжрэлгүй. Мунадаг амжилт-өнгөц харвал. Гэвч нүүрсээ Зүүн баянд Шилийн богд шиг овоолоод ч ганц доллар олохгүй. Харин тээврийн зардлаар шатна. Ийм зам эхэлж тавьдаг мөрөн дээрх бөндгөр чинь чинийх үү, хүнийх үү Х.Баттулгаа. Суурь бүтцэд 280 сая доллар булчихсан, хил алхмагц түүхий нүүрс авдаг бэлэн хэрэглэгчтэй 10 гаруй жил гацсан Гашуун сухайт-Ганц мод төмөр замын урдуур дайрсан төсөл бол Зүүн баянгийн хэвтээ төмөр зам.

Нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар тээж, ахиу үнээр борлуулж, ашгаа өсгөхийг гацаах-ээлжит орос комбинацийн хорт санаа энэ төслөөс хоног хоногоор тодорно. Монголчууд минь маллуулж хаширдаггүй тэнэг духаа шаа. Би ч гэсэн маанаг духаа шаангаа үүнийг бичив. Шулуулж буйгаа ухаардаггүй дүнхүүнүүд шулаачаа магтсаар хувхайрах тавилантай. Хойд их хөрш бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Бяцхан Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх-аугаа Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү. Хятадын хэрэглээ Орос Монголын нүүрсийг залгиад Австрали Индонезээс нүүрс авдаг тул аварга Орос ядуу Монголыг бизнесийн харгуйд дэгээдэж унагах нэрийн хор байгууштай. Зүүнбаянгийн 416 км замд баясах гэтэл энэ замаар тээсэн нүүрснээс наалдах олз-тэг. Гашуун сухайтаар гармагц доллар болдог нүүрсээ Зүүнбаянд галт тэргээр зөөж овоолох-тэнэглэл бус урвалт.

Өргөн цариг тавихаар кноп дарсан гишүүд орос олигархиудаас эхтэй Женкогийн пиар-танк их бууны аюулаас айдгаа гадаад дотоодод нотлов. Нарийн царигаар Хятадын төмөр замтай саадгүй холбогдох атал сэлгүүлэн ачих буулгахад асар их хөрөнгө, үнэт цаг хугацаагаа дэмий үрээд зогссонгүй, галт тэрэгний урт урт цуваагаар сая сая тонн эрдсээ хил хамгийн хямдаар шууд давуулах өгөгдлөө алдах шалтгаан (танк их буунаас өөр) байгаагүй юм чинь даян дэлхий тэгж ойлгохоос яах билээ.

Төмөр зам, цахилгаан станцуудын төслийг 20-30 жил оросууд гацааснаас яг үнэндээ монголчууд өөрсдөө гацаагаагүй. Өргөн нарийн цариг гэж монголчууд хоорондоо маргалдаад төмөр замаа тавиагүй гэж нам засаг ард олондоо бурууг тохдог нь орос ахдаа хир халдаахгүй гэснийх. Хүлцэнгүй иргэдээ элэг барьдгийн илрэл. Мангуу онигооны цаана муу нэрт монголчуудын өрөвдөм зовлон оршдогийг бид өөрсдөө дэлхий дахинаас нуудаг. Энэ бол өнгөрөгч зууны геноцидээс угшилтай эмгэг. Танк их буугаа ачаад орж ирнэ гэх онигоонд мань итгээд дөнгүүлсэн юм биш. Дэлхийн стандарт нарийн цариг-овор их нурмаг малтмалаа сэлгүүлэн ачих буулгах шаардлагагүй хожоотойг ОХУ-д илэрхийлчих сачий төр засагт байдаггүйг хэлүүлэлтгүй бүгд мэднэ. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого” гэж томорч буй нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд хоорондоо талцан маргаад төмөр замаа гацаав гэж дотоод гадаадад ойлгуулж, орос ахынхаа зууны даргуйллыг нуухчаа аядаж байгаа минь тэр.  

Юутай ч 12 жил гацсан галт тэрэг эцсийн эцэст зэрэглээт говиор нэг удаа туршилтаар жирэлзэв. Тавантолгойд туг далбаа дарцаглан хөгжим нижигнэж дарс ханхаллаа. Жилд 70 сая тонн нүүрс экспортолно гэж ерөнхийлөгч хөөрцөглөв. Дагаад хөөрчих гэсэн чинь хилийн боомтоос хэдэн км-ийн наана өргөн царигтай төмөр зам маань мухардаж, туршилтын галт тэрэгний цуваа нүүрсээ эзгүй хээр элсэнд асгаад цааш машинаар зөөх гэнэ. “Ашиглалтад оруулав” гэж сүржигнэсэн төмөр замаараа нүүрсээ илчит тэрэгний цуваагаар хил давуултал хэдэн жил хүлээх-гадна дотны хорон санаа ийнхүү илрэв.

УИХ сэлгүүлэх терминалд хомс төсвөө өм цөм хоослохыг тоогоогүй нь танк их буунаас айсан бус орос ахаа зуйрсан аргүйдэл. Царигаа дэлхийн стандартаар тавьсан аваас терминалууд барих их хөрөнгө ядуу олонд минь наалдах байлаа. Наад захын хэрэгцээнд төсөв хүрэхгүй өлөн зэлэм ядаж байхад яагаад маш их давхар давхар үрлэг бүхий терминал шаардлагатай өргөн цариг тавив гэхэд “танк их буунаас айгаад” гэхээс өөр хариулт байна уу? Байвал хэлээч УИХ-аа. “Сэлгүүлэн ачих буулгахад дурлаад” гэлтэй ч биш, “мөнгөө хоосон үрмээр санагдаад” гэхэд хэн ч итгэхгүй. Яагаад нарийн цариг тавиагүй вэ гэвэл танк их буунаас айгаад тэрбум тэрбумын терминал шаардах өргөн цариг тавьжээ гэсэн хариу гардаг. Эх орноо ингэж “шатаах” өргөн цариг сонгосон нь эмзэг шарх  хөндүүрлэсний дээр томчууд нууц гэрээнүүдээс шомбодох гэснийх. Дэлхийн царигтай үл холбогдох өргөн царигаар тавьсан замын төгсгөлүүд элсэнд булагдах тавилантайг орос магнатууд мэдэж байсан ч Монголын төмөр замыг саатуулж, экспортоо өсгөсөндөө нэрэлхэх бүү хэл улам хатуурхдаг. Хэн хэндээ хожоотой найрсаг айлсагч их Хятад бидний танк их буу гэх мангуу өдөлтийг тоож эмзэглэдэггүй. Мануусын зовлонг тэд нэвт мэднэ. Тэд Орос шиг хөрш рүүгээ довтолдоггүй. Тийм уламжлалтай. Хаяа нийлсэн Хятад манай чулуу шороог авахгүй болчвол бид хэцүүднэ. Орос магнатууд үүнийг л хүсэж буй. Нүүрсээ төмөр замаар 10-20 жил зөөсөн бол Монгол өдгөө чинээлэг улс болсон.

Валютын урсгал хааж хөгжил чөдөрлөсөн Х.Баттулгыг эсэргүүцсэн олны бухимдлыг Ж.Оджаргал өөд эргүүлэхээр Л.Оюун-Эрдэний засаг түргэн авч байв даа. “Ж.Оджаргал Тавантолгойг төмөр замтай нь хувьдаа авахаар 30 жил шунаж буй бэрд” гэж Женкогийн троллууд шаагив. Ж.Оджаргал боомтын холболтыг дэмжих хэмжээний элит бизнесмен. Картанд орсон баргар жилүүдэд мөнгөөр суусан төр засаг баялаг гэх газрын гүн дэх чулуу шороогоо ухаад зоос болгоод өгөөч гээд англи хэлтэй бизнес гадарласан зовхи нь өөдөө залуустаа хошуу дэвсэв. Ж.Оджаргал, Сү.Батболд, Б.Нямтайшир нар хутга ханцуйлсан бөх дагуулж, УИХ-ын даргынхаа багалзуурт Л.Оюун-Эрдэнэ шиг асаагүй сэхээтнүүд. Тэд хуулийн дагуу, төр засгийн зөвшөөрлөөр олборлолт явуулсан. Баялаг бүтээх сорилтод тэд хөл алдан зүтгэж бэлжсэн. Харин төр засаг ардчилал чөлөөт зах зээлийг хөгжил болгож чадсангүй. Бусдын чадсаныг дөнгөсөнгүй заяа нь хаямрууд чинь. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=