ЗАВХАН АЙМГИЙН ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТРЫН ДАРГА Г.СОЛОНГО АЖИЛЧДААРАА ЗЭЭЛ АВАХУУЛААД ТӨЛДӨГГҮЙ БАЙЖЭЭ


Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонгыг өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, өөр ажилд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Үнэн хэрэгтээ Л.Ванганы нэрэмжит тус театрынхан Г.Солонго даргынхаа дарамт, зүй бус харилцаа, зан харилцааны доголдол гэх мэт олон зүйлийг тэвчиж, зарим мэргэжлийн уран бүтээлчид нь өөрсдөө ажлаасаа гарахад хүрсэн байна. Театрынхан өмнөх Засаг дарга Д.Батсайханд ч, одоогийн Засаг дарга Г.Өнөрбаяр нарт хандан удаа дараа ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл өгч байжээ. Хөдөө орон нутгийн боловсон хүчний дутагдлыг ойлгож, үе үеийн Засаг дарга нар уран бүтээлчидтэйгээ ойлголцож ажиллахыг захьж, ажлаас нь халахыг яардаггүй байж. Хамт олных нь удаа дараагийн хүсэлт, өргөдлийг танилцуулж, үүрэг өгдөг байжээ. Харин тэрээр өөрийнхөө хүсэлтээр 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөр ажилд шилжүүлэх хүсэлт өгчээ. Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр түүний хүсэлтийн дагуу өөр ажилд шижлүүлэх шийдвэр гаргасан байна. Гэвч тэрээр өмнөх ажлаа ч хүлээлгэж өгөхгүй, Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ТАЗ, АТГ гээд олон газар хандаж, хохирогчийн дүрд тоглож яваад хамт олон нь дургүйцэж, Засаг даргын гаргасан захирамжийг дэмжиж байгаагаа илэрхийлж хүсэлт ирүүлсэн байна. Тэр тусмаа Засаг даргыг хууль бус шийдвэр гаргасан хэмээн буруутгаж байгаад Засаг дарга Г.Өнөрбаяр тайлбар хийлээ. Тэрээр “Хөгжимт жүжгийн театрын дарга асан Г.Солонгын үйлдлүүдтэй холбоотой асуудлаар ажилтнууд нь өмнөх Засаг дарга нарт 2 удаа хандсан. Мөн надад 2 удаа өргөдөл, хүсэлт гаргажээ. Хамт олных нь өргөдлөөс дүгнэлт хийнэ үү. Өргөдөл, хүсэлтийг удааж шийдвэрлэсэндээ Хөгжимт жүжгийн театрын хамт олноосоо уучлал хүсье. Г.Солонго гуай “хууль бусаар халсан” мэтээр олон газар ханджээ. Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр 50 гаруй ажилтантай. Хамт олных нь 2023.11.15 өргөдлөөс харвал (2023 оны байдлаар) 30-аад хүнийг нь өөрөө халжээ. Түүнээс хойш хэдийг чөлөөлснийг нягтлан үзнэ. Ийм цөөхөн ажилтантай байгууллагаас ингэж халаад байх зөв үү? Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын чадварлаг олон уран бүтээлчид Г.Солонго даргын хандлагаас болж ажлаасаа гарчээ. Г.Солонго “том жүжиг” тавьдаг гэж олон ярьдаг. Тэр жүжгүүдийнхээ, хандивынхаа төсөв, тайланг хамт олондоо хэзээ ч танилцуулж байгаагүй. 2020.02.05 өдөр өмнөх Засаг дарга Г.Солонгод сахилгын шийтгэл ногдуулж байжээ. Үндэслэл нь Авлигатай тэмцэх газрын 2020.01.23 өдрийн албан бичиг бий. 2020.02.06 өдөр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссоос шаардлага гаргажээ. Уг шаардлагыг уншихад тухайн онд Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын 25 ажилтан (Хамт олных нь 50 илүү хувь гэсэн үг) Г.Солонгийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст хандсан байна. Хамт олных нь хэдэн хувь санал асуулгад юу гэж хариулсныг уншаарай. Г.Солонго ажилтнуудаараа зээл авахуулж, хүүг нь төлдөггүй байж. Энэ тухайн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Н.Ганбаяр “... театрын дарга Г.Солонго нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажилтнуудыг санхүүгийн дарамтад оруулсан үйлдлүүд нь төрийн байгууллагын удирдах албан тушаалтны ёс зүйд үл нийцэх тул даруй таслан зогсоох шаардлагатай юм” гэж бичиж байжээ. Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр сүүлийн 5 жилд Уран сайхны удирдаач, Ерөнхий найруулагч байхгүй явж ирсэн гэж хамт олон нь ярьсан. Тэгээд шийдвэрийг “Удирдлагын зөвлөл” гаргадаг гэсэн. Удирдлагын зөвлөлд нь Г.Солонго өөрөө, нягтлан, нарийн бичиг 3 байдаг гэж хамт олон нь тайлбарласан. Ийм удирдлагын зөвлөл гэж байх уу? Ийм удирдлагын зөвлөлтэй явж ирсэн хүн “сайн менежер” байх уу? Хамт олных нь удаа дараагийн хүсэлт, өргөдлийг танилцуулахад Г.Солонго нь 2025 оны 09 сарын 25 өдөр хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ 2025.12.13 өдрөөр өөр ажилд шилжүүлж өгөх хүсэлт бичсэн. Хүсэлтийг хэрэгжүүлж, өөр ажилд шилжүүлэх шийдвэр гаргасан. (Хүсэлтийг оруулав) Гэвч тэрээр ажлаа хүлээж өгөхгүй энэ тэндэхийн газруудад өргөдөл гомдол бичээд явдаг гэх. Түүний үйлдлийг хамт олон нь эсэргүүцэж, гаргасан захирамжийг дэмжиж байгаагаа илэрхийлж хүсэлт ирүүлсэн. Театр 50 гаруй ажилтантай. Хэдэн хүн дэмжиж гарын үсэг зурсныг хараарай” гэжээ. Ийнхүү асар олон ажлын дутагдал гаргасан атлаа өнөөдрийг хүртэл бусдыг гүтгэж, буруугаа хүлээхгүй, уран бүтээлчдийнхээ нэр хүндэд удаа дараа халдаж байгаа түүнийг хуулийн байгууллагад хандахаар шийджээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=