ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДАВТЛАГА ӨГӨХ НЭРЭЭР СУРАГЧДЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ХЭРЭГ ЮУ БОЛЖ ДУУСАВ?


ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилж уруу татсан хоёр этгээдийг илрүүлэн шалгажээ. Мөн 57 настай, дунд сургуулийн багш ажилтай Э нь сурагчдад давтлага өгөх, ЭЕШ-д бэлдэх нэрийдлээр голдуу хөвгүүдийг авч, тэр дундаас 17 настай сурагч эрэгтэй Х-г садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан хэрэг үйлджээ. Мөн 35 настай их сургуулийн багш ажилтай С нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан удаа дараагийн үйлдлээр 12-16 насны долоон хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэргийг үйлджээ. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хараа хяналт сул байгаагийн улмаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бий болж байгаа аж. Дээрх этгээдүүдийг бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан, садар самуунд уруу татсан хэргээр шалгаж байна. Мөн гэмт этгээдүүд хуурамч фэйсбүүк хаяг ашиглах замаар хохирогчтой харилцаа холбоо тогтоож, эцэг, эхээсээ нууцлах талаар ухуулга хийж байсан нь тогтоогджээ. Хэдхэн сарын өмнө багш нар цалин бага, ажлын ачаалал их байна хэмээн жагсаал цуглаан хийж, багагүй хэмжээгээр цалин мөнгөө нэмүүлсэн. Харин одоо Засгийн газар багш нарын цалинг нэмсэн шигээ ч ёс зүйгүй үйлдлийг нь хязгаарлахгүй бол боловсролын салбар гаж донтнуудаар дүүрч байгаа бололтой. Хүүхэд хүчирхийлэгчийг бид их холоос хардаг бол ердөө бидний багш хэмээн хүндэтгэдэг хүмүүсээс ч бузрын зүйлс гарах болжээ. 2022 онд нийслэлийн нэгэн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш нь 30 гаруй “сурагч”-аа анги засварын мөнгө өгөөгүй шалтгаанаар сандал өргүүлж зогсоосон байдаг. Сургууль, цэцэрлэг амрах болоогүй үед эцэг, эхийнх нь цалин буухыг хүлээж болмоор. Гэтэл эцэг, эхийнх нь хариуцлагагүй үйлдлийг хүүхдэд нь тохож, шийтгэсэн харгис үйлдэл гаргажээ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай холбоотой сурагчаа эцэг, эхийнх нь эрхэлдэг ажил, өмссөн зүүснээр нь ялгаварлан гадуурхдаг гомдол ч тасрахгүй байна. Тэр бүү хэл шавиа тооны машин алга болсон хэрэгт сэрдсэн асуудал ч гарсан. Хөвсгөл аймгийн Рашаант сумын дотуур байрны 11 настай Х дөрөвдүгээр сарын сүүлээр сураггүй болсон тухай мэдээлэл цацагдсан ч хоёр хоногийн дараа эсэн мэнд олдсон юм. Гэхдээ энэ хэрэг явдал болохын өмнө ангийн багш нь Х-г тооны машин алга болсон хэрэгт сэрдсэн байдаг. Хулгайн хэрэгт сэрдэгдэнэ гэдэг хүүхдийн хувьд асар том шийтгэл. Тэр тусмаа үйлдээгүй хэргийнх нь төлөө хүүхдийг хулгайч болгоно гэдэг бол ноцтой буруутгал юм. Хэргийн учир начрыг үнэн зөвөөр олъё гэвэл сумын цагдаагаа ч болтугай дуудаад шалгуулж болно. Гэтэл өөрөө хэрэгтнийг илрүүлэх гээд шавиа насан турш санаж явах нэг муухай дурсамжтай үлдээж, өөрөө энэ асуудлаасаа болж, шалгагдаж байна. Хэдэн жилийн өмнө Өвөрхангай аймгийн I сургуулийн багш Ц нь гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар бага ангийн хоёр эрэгтэй, таван эмэгтэй сурагчийн цээжин хэсгийн хувцсыг тайлуулж, нүцгэлэн ангиудаар хэсүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргаж байв. Ямар багшийн толгойд ийм шийтгэл бууж, бусад багш нар нь мөн энэ тэнэг үйлдлийг нь хүлээн зөвшөөрөөд сурагчдыг анги хэсүүлснийг төсөөлөхөд ч бэрх. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөр хоорондоо баян, тарган, сурлагатай, сурлагүйгээрээ хуваагдаж, ялгарахад ч багшийн ёс зүйгүй үйлдэл л нөлөөлсөн байх нь олонтаа. Мөнгө төгрөг өгдөг, ажлыг нь бүтээж өгдөг аав, ээжийн хүүхдийг сурлага муутай ч өөд нь татна, аав, ээжийнх нь эрхэлдэг ажил хар бор бол сурлагатай байсан ч дарна. НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас хийсэн 2020-2023 оны судалгаанд оролцсон хүүхдүүдийн дунд боловсролын орчинд хамгийн их зовоодог зүйл нь ялгаварлан гадуурхалт, дарамт гэдгийг онцолжээ. Судалгааны үр дүнд хүүхдүүдийн 69.5 хувь нь сургуулийн орчинд дарамт хүчирхийлэлд өртсөн. Үүний 15 хувь нь багш, 5.6 хувь нь нийгмийн ажилтан ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлдсэн гэж хариулсан байдаг. Багш нар зарим хүүхдэд давуу байдал олгодог. Ингэхдээ эцэг эх, амьдралын нөхцөл байдал, эдийн засаг, багшид ямар нэг хэмжээгээр ашигтай байх талыг хардаг. Нэг хүүхдэд давуу байдлыг олгож эхлэхэд бусад хүүхдийн суралцах идэвхи, өөртөө итгэх итгэл буурдаг. Энэ нь сурах эрхийг хангахад зөрчил гаргаж байна” гэсэн байдаг.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=