ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХОТЫН ГАЗАРТ ЭЗЭН СУУСАН БАРИМТ


ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы ах дүүс Улаанбаатар хотод нийт 2,261 053 м/кв буюу 226 га газар, буюу 3230 айлын хашааны газартай тэнцэх газар эзэмшдэг. Түүний сонгогдсон Налайх дүүргийн 1-р хороо 1473, 2-р хороо 1243, 6-р хороо 563 өрхтэй. С.Амарсайхан болон түүний ах дүү нарын эзэмшдэг газар нь Налайх дүүргийн 1, 2, 6-р хорооны нийт айлын хашааны газрыг нийлүүлсэнтэй тэнцэж байгаа тухай УИХ-ын гишүүн асан Г.Уянга нийгэмд хүргэсэн. Үүнд,
Сайд С.Амарсайхан “Оюуны ундраа групп” ХХК-ийн төрсөн ах нар С.Отгонбаяр, С.Уламбаяр, С.Ганбат гуравтайгаа хамтран эзэмшдэг. Тус групп нь:
1. Налайх дүүргийн 4-р хороонд 499 466 м.кв
2. Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 4728 м.кв
3. Сүхбаатар дүүргийн 10-р хороонд 5602 м.кв
4. Баянзүрх дүүргийн 16-р хороонд 4694 м.кв
С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо гүйцэтгэх захирлаар нь ажиллаж, хүү А.Эрдэнэхүслэнгийн эзэмшлийн “Люмекс” ХХК нь
5. БЗД-ийн 12-р хороо Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хойно 10 576 м.кв
С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоогийн төрсөн дүү Ч.Сүхбат, Ч.Өлзийхишиг Ч.Лхагвадулам нарын эзэмшдэг “HHW” ХХК
6. БЗД-ийн 11-р хороонд 11 050 м.кв гэх мэтээр хотын газрыг хүссэн зоргоороо авч, эзэн суужээ.
Тэгвэл газрын эзэн болсон эрхэм сайдын бас нэгэн газрын наймааг хүргэе.
Улаанбаатар хотын захирагч болсныхоо дараа С.Амарсайхан нийслэл хотыг хөгжүүлэх сайхан төлөвлөгөө ярьж, Нийслэлийн Засаг даргын тамгыг атгасан цагаас газрын наймаа цэцэглэжээ. Бага Тэнгэрийн амаас чанх хойш, Туул голын эрэгт 4 га газрыг 2006 оны дөрөвдүгээр сарын 4-нд Улсын бүртгэлийн 9011041039 дугаараар бүртгэж, “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн аялал жуулчлал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулахаар өгчээ. Уг нь Д.Оюунхорол сайд байхдаа Туул голын орчим газар олгохгүй гэсэн хориглосон шийдвэр гаргасан ч тухайн үеийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг дийлээгүй аж. Уг газрын ашиглах зориулалт нь анх авсан үеийнхээсээ өөрчлөгдөөгүй буюу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн нь хэвээрээ байлаа. Гэтэл үүнээс хоёр жилийн дараа Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас тус компанид анхааруулга хүргүүлжээ. 2010 оноос хойш уг газарт ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй байсаар Гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусгавар болжээ. Ингээд 2014 оны тавдугаар сарын 2-нд тус компаниас газар ашиглах хугацааг дахин таван жилээр сунгахаар албан хүсэлт гаргаж Богдхан уулын Хамгаалалтын захиргаанд ирүүлж, Гүйцэтгэх захирал У.Ундармаа гарын үсгээ зуржээ. Улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас Гэрчилгээний хугацааг таван жилээр сунгасан ба энэ удаад анх 2008 онд авч байсан солбилцлуудад ихээхэн өөрчлөлт гарсан байжээ. Харин Хамгаалалтын захиргаанаас үйл ажиллагаанд мөрдөх стандартуудыг дагахыг сануулж, “Урт нэртэй хууль”-ийн дагуу хамгаалалтын бүсээс 200 м-ээс дотогш нэвтрэхгүй байхыг онцгойлон анхааруулсан. Гэтэл “Зүүнбаян рефайнери” компани эдгээр стандарт, шаардлагыг илэрхий зөрчсөн. Энэ нь олны нүдэнд ил болсон ба хэн ч очиж харсан ойлгомжтой гэдэгтэй зөрөх хүн гарахгүй биз ээ. Тиймээс 2017 оны тавдугаар сарын 30-нд Хамгаалалтын захиргаанаас 449 тоот албан шаардлагыг “Зүүнбаян рефайнери” ХХК-д хүргүүлжээ. Албан тоотод тус компанийг газрын төлбөр төлөөгүй, Дархан цаазат газрын дэглэмээс зөрж бургас хядсан, гэрээнд заасан нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн тул газар ашиглах эрхийг цуцлах нөхцөл үүссэнийг анхааруулж, холбогдох бичиг баримтыг БОАЖЯ, ТХНУГ, Хамгаалалтын захиргаанд авчрахыг үүрэг болгожээ. Харин “Зүүнбаян рефайнери” компаниас хариу ирүүлээгүй тул зургаадугаар сарын 19-ний хурлаар газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гарсан байна. Гэвч “Зүүнбаян рефайнери” ХХК үйл ажиллагаагаа зогсоосонгүй. Туул голын эргийг сүйдэлж, усны гол тэжээл болсон бургасыг нь хядаж дөнгөв. Тэгвэл энэ их эрх мэдэлтэй “Зүүнбаян рефайнери”-ийн цаад эзэн нь НИТХ-ын дарга С.Амарсайхан байжээ. Туул голын эрэгт аялал жуулчлалын бүс байгуулах нэрээр тансаг харшууд босгож, өндөр үнээр борлуулах бизнес тэр чигээрээ “Оюуны-Ундраа” групптэй холбогддог. “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн захирал С.Уламбаяр нь хотын шинэхэн дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр нарын төрсөн ах. Тиймээс Туулын эрэг дэх барилгыг “Оюуны-Ундраа” группийн нэг бизнес бөгөөд С.Амарсайханд хамаарал бүхий барилга байгууламж гэдэг нь тодорхой. “Зүүнбаян рэфайнери” компани Туул голын эргээс наймхан метрийн зайд барилгынхаа суурийг тавьжээ. Тэгэхдээ ус тогтоох үүрэг бүхий хайргыг ухаж, зайлуулсан. Мөн 5 га газрын бургасыг хядсан баримт байна. Энэ нь Усны тухай хуулийн маш олон зүйл заалтыг зөрчжээ. Дээр нь анх газар авсан зориулалтыг гуйвуулж, олон давхар, 50 айлын тансаг хаус, дөрвөн давхар нүсэр үйлчилгээний төв барихаар болсон. Дархан цаазат газар, усны ундарга, Туулын эрэг, эсвэл айлууд суурьшсан газрыг гартаа оруулж, Улаанбаатар хотын иргэд, байгаль орчны эсрэг ноцтой гэм хор хохирол учруулсан энэ эрхэм өнөөдөр ХЗДХ-ийн сайд болчихоод “Шударга ёсыг тогтооно, хуулийг эрх тэгш хэрэгжүүлнэ” гэж ярьж буй нь инээдэмтэй санагдаж байна. С.Амарсайхан хотын дарга байхдаа хадам дүү Ч.Сүхбатыг Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын Инновацийн хэлтсийн даргаар, хадам дүү Ч.Лхагвадуламыг “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийн даргаар тус тус томилон ажиллуулж байсан.
С.Амарсайханы төрсөн ах С.Ганбатын “Грэйт Органикс Валли” ХХК нь Налайх дүүргийн 4-р хороонд 169 997 м/кв, С.Ганбатын “Собттрейд” ХХК нь ХУД 11-р хороо Зайсангийн аманд 59 546 м/кв, мөн түүний
“Өү Ю Жи Си Си Си Си” ХХК БЗД-ийн 11-р хороонд 65 000 м/кв, ХУД-ийн 8-р хороонд 67 083 м/кв болон 50 619 м/кв тус тус газрыг С.Амарсайханыг хотын захирагч, Шадар сайд болсны дараа эзэмшилдээ авчээ. Ах С.Ганбатын үүсгэн байгуулсан “И Эй Ай Эн Партнерс” ХХК, “Юко энд эс би эм” ХХК-иудыг 2020 онд Усны-Эхийн Доржнямбуугийн нэр дээр шилжүүлсэн. У.Доржнямбуу “Оюуны ундраа” группт ахлах няраваар ажилладаг. Өөрөөр хэлбэл С.Ганбат зарим компаниудаа У.Доржнямбуугаар өнгөлөн далдалж байгаа нь энэ. Тэдний нэр дээр бүртгэлтэй компаниудын нэр дээр,
Налайх дүүргийн 5-р хороонд 80 000 м/кв
ХУД-ийн 11-р хороонд 26347 м/кв
ХУД-ийн 11-р хороо Зайсангийн аманд 10554 м/кв
БЗД-ийн 11-р хороонд 45527 м.кв
Налайх дүүргийн 3-р хороонд 30 000 м/кв
Налайх дүүргийн 7-р хороонд 7005 м/кв
Ах С.Ганбатын уул уурхайн компанийг эзэмшдэг нягтлан Ч.Мөнхболдын нэр дээр 2016 оноос хойш “Саран бэрс” ХХК, “Том нар” ХХК, “Төгрөг энержи” ХХК бүртгүүлсэн. Эдгээр компаниудын нэр дээр олон арван га газар авсан байх жишээтэй.
Сайнбуянгийн Уламбаярын охин У.Ундармаагийн “Зүүнбаян рефайнери” ХХК
БЗД-ийн 11-р хороонд 39757 м/кв
ХУД-ийн 1-р хороонд 2877 м/кв
Налайх дүүргийн 7-р хороонд 21485 м.кв
С.Нэргүйн “Буянналайх” ХХК
Налайх дүүргийн 1-р хороонд 4656 м.кв
Налайх дүүргийн 5-р хороонд 1709 м.кв
Сайнбуянгийн Отгонбаярын эхнэрийн төрсөн дүү Жамбалдагвын Хуягаагийн "Опен рөүд" ХХК
29. БЗД-ийн 11-р хороонд 76800 м.кв
30. Налайх дүүргийн 7-р хороонд 24 001 м.кв
С.Ганбатын “Собттрейд” ХХК
ХУД 11-р хороо Зайсангийн аманд 15235 м.кв
ХУД 9-р хороо Зайсангий ам 1781000567 дугаартай 5773 м.кв
ХУД 9-р хороо Зайсангийн ам 1781000562 дугаартай 3674 м.кв
ХУД 9-р хороо Зайсангийн ам 1781000439 дугаартай 15 019 м.кв
ХУД 11-р хороо Зайсангийн ам 1781000563 дугаартай 13368 м.кв
ХУД 9-р хороо Зайсангийн ам 1781000565 дугаартай 6477 м.кв
ХУД 11-р хороо Зайсангийн ам 1781000528 дугаартай 40927 м.кв авсан байдаг. Энэ газарт ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы хувийн хаус тансаг харш нь сүндэрлэжээ. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нийслэлийн газраас өнгөтэй өөдтэйг нь шилээд зогсохгүй дархан цаазат Богдхаан ууланд бизнесээ өргөжүүлж Туулын бургасыг хуйгаар нь хядсанаас гадна Өмнөговь дахь Хайрхан толгой орд, Сүхбаатар аймаг дахь Ар баян орд, Баян-Өлгий аймаг дахь Ховд гол орд зэрэг нүүрс болон вольфрамын ордын нууц эзэн, мөн тэдний гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийн эзэмшдэг уул уурхайн газруудын тухай болон бусад олон баримтуудыг нэгэн сайтаас эрхлэн гаргасан “126” номд дэлгэрэнгүй бичжээ. Албан тушаал, эрх мэдлээрээ далайлган ах дүүстэйгээ бүлэглэн хотын үнэ цэнэ хүрэх газрыг авсан эрх мэдэлтэн өнөөдөр үнэн худлыг дэнслэн, шударга улстөрчийн суудал дээр ХЗДХ-ийн сайд гээд сууж байна. Арай ч дээ энэ улсын байж байгаарай царай.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга эцэст нь ийн бичжээ.
Танил талгүй, ийм хүмүүсийн хамаатан садан, эхнэр хүүхэд, амраг, найз нөхөд биш л бол чамд шударгаар ажиллаад өөдөлж дээшлэх ямар ч боломж, ямар ч орон зай байхгүй, ямар ч шүү! Ойлгов уу?! Энэ нийгэм зүгээр л сүйрсэн! Жирийн иргэн Танд ганцхан орон зай үлдсэн нь тэмцлийн орон зай!
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=