Ерөнхий сайд Ч.Сайханбилэг лхагва гариг бүр тухайн нэг салбарын удирдлагуудыг хүлээн авч уулзан үүрэг өгдөг билээ. 

" />

ТҮЦ машин болон www.ezasag.mn хаягаар 167 үйлчилгээ авдаг болно


  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг лхагва гариг бүр тухайн нэг салбарын удирдлагуудыг хүлээн авч уулзан үүрэг өгдөг билээ. Энэ уулзалтыг “Шийдлийн цаг” гэж нэрлэдэг. Энэ удаагийн “Шийдлийг цаг”-аар Ерөнхий сайдын Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранбат, Мэдээлэл шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарыг хүлээн авч уулзлаа.


  Ар, өврийн хаалга байхгүй, авлига, хүнд суртлыг танихгүй, дотоод ажилтай, хуралтай гэдэг элдэв шалтаг тоочилгүй төрийн үйлчилгээг түгрэлжгүй, 24 цагийн турш авах боломж олгодог 108 ТҮЦ машин улсын хэмжээнд ажиллаж байна. ТҮЦ машинаас төрийн 20 гаруй үйлчилгээг авах боломжтой. Мөн өнгөрсөн долоо хоногоос www.ezasag.mn сайт ажиллуулж эхэлснээр иргэд гар утас, таблет, зөөврийн компьютерээс төрийн 25 үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ. Цахим үйлчилгээний төрөл нэгээр нэмэгдэхэд л том төрөөс ухаалаг төрд шилжих нэг алхам болдог гэдгийг Ерөнхий  сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд тодотголоо.


  Төрийн 167 үйлчилгээг цахимаар хүргэх боломжтой. Эдгээр үйлчилгээг амжилттай нэвтрүүлчихвэл төсвийн том хэмнэлт гарах юм. Ингэж үйлчлүүлэхэд иргэдээс 1000 төгрөгийн хураамж авдаг. Хураамжтай  холбоотойгоор нэг хувийн шимтгэлийн асуудал үүсээд байгааг Ц.Жадамбаа хэлж байлаа. Монгол банкны тухай хуулийн дагуу тухайн үйлчилгээг үзүүлэхэд банк нэг хувийн шимтгэл авдаг, харин Төрийн сангийн тухай хуулиар 1000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн бол энэ төлбөр тэр чигээрээ Төрийн санд төвлөрөх ёстой. Энэ асуудалд зохицуулалт шаардлагатай байгаагаас ТҮЦ машин болон цахим хаягаар авч болох зарим үйлчилгээг иргэдэд хүргэхэд гацаа үүсчээ. Энэ бол төрийн байгууллагуудын хоорондын уялдаанаас хамаарах асуудал. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд Засгийн газар, агентлагийн хэмжээнд энэ асуудлыг хэрхэн шийдэх боломж байгааг судалж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

  Мөн ТҮЦ машин, төрийн үйлчилгээний цахим системийг ашиглан  (www.ezasag.mn) энэ оны аравдугаар сараас төрийн 167 төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх, энэ ажлыг чанартай зохион байгуулахыг даалгаад, төрийн шуурхай үйлчилгээний төрөл 10 дахин нэмэгдэх нь хүнд суртлыг 10 дахин багасгана. Энэ бол баялаг бүтээгчдээ, иргэдээ бичиг цаас, хүнд суртлаас чөлөөлөх том боломж гэдгийг Ерөнхий сайд онцолж байсан юм.



А.Бүрэнтөгс

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.