Үндсэн хуулийн Цэц бол хууль хоорондын зөрчилтэй холбоотой аливаа маргааныг хагалж эцсийн шийдвэрийг гаргадаг, хэнтэй ч хуваалцахгүй дархан эрхтэй байгууллага. “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэдэг нь

" />

УИХ “Цэц”-тэй болжээ



  Үндсэн хуулийн Цэц бол хууль хоорондын зөрчилтэй холбоотой аливаа маргааныг хагалж эцсийн шийдвэрийг гаргадаг, хэнтэй ч хуваалцахгүй дархан эрхтэй байгууллага. “Цэцийн дээр хөх тэнгэр л бий” гэдэг нь зүгээр ч нэг хэлээгүй, энэхүү байгууллагын онцлогийг тодотгосон үг. Хууль хоорондын зөрчилтэй холбоотой маргааныг шийдвэрлэдэг ийм байгууллага Монгол Улсад ганцхан л бий. Цаашдаа ч ганцхан л байх ёстой. Гэтэл энэ удаагийн УИХ түүнтэй яг адилхан дархан эрхтэй бүтэц бий болгожээ. Энэ бол УИХ-ын дэргэдэх “Цэц”. УИХ-ын дэргэдэх “Цэц”-ийн дарга нь О.Баасанхүү бөгөөд З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан, С.Ганбаатар, Ж.Батсуурь, Д.Арвин, М.Зоригт зэрэг 18 гишүүнтэй. Одоо энэ бүтэц угтаа юу болохыг гадарласан байх. Энэ бол УИХ-ын Өргөдлийн байнгын хороо. 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент Өргөдлийн байнгын хороог шинээр байгууулж иргэдээ сонсч, тэдэндээ илүү ойр ажилладаг болсон нь сайн хэрэг. Үүнтэй хэн ч маргахгүй. Харин Өргөдлийн байнгын хороог Байнгын хороо гэж ойлгоход хэцүү болчихлоо. Учир нь, сүүлийн үед тус Байнгын хороо Үндсэн хуулийн Цэцийн ажлыг хийдэг болов. Байнгын хорооны дарга О.Баасанхүү хурлаа нээж, хуралд оролцогчдоо танилцуулж байгаа нь яг Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа. “Байнгын хорооны хуралдаанд гомдол гаргагч иргэн Б.Ууганбаяр, Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн хүрэлцэн ирсэн байна. Одоо иргэний гомдлыг судалж дүгнэлт гаргасан С.Ганбаатар гишүүний дүгнэлтийг сонсъё” гэхийг нь сонссон хэнд ч Цэцийн дунд суудлын хуралдаан болж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэ бол хэлбэрийн хувьд Цэцийн хуралтай адилхан байгааг илтгэж байгаа юм. Зөвхөн хэлбэр нь ийм адилхан байж болох л байх. Гэвч үүгээр зогсохгүй Үндсэн хуулийн Цэц л хэлэлцэн шийдвэрлэх ёстой асуудлыг авч хэлэлцээд, бүр шийдвэр гаргаад байгаа нь гайхмаар. Тодруулбал, хамгийн сүүлийн хуралдаанаараа Засгийн газрын тогтоол Газрын тухай хууль зөрчсөн болохыг тогтоолоо.

  Иргэн Б.Ууганбаяраас Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол хууль тогтоомжид нийцээгүй тул Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгох асуудлаархи өргөдлийг тус Байнгын хороонд ирүүлсэн байна. Өргөдлийн байнгын хороо энэхүү өргөдлийг нь хэлэлцээд “Засгийн газрын тогтоол нь Газрын тухай, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцээгүй тул уг тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөх, эсвэл хүчингүй болгохыг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй” гэж шийдвэрлэв. Уг нь энэ асуудлыг Өргөдлийн байнгын хороо бус Цэц хэлэлцэх ёстой юм. Засгийн газрын тогтоол хууль зөрчсөн явдал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсон, Шадар сайд асан Д.Тэрбишдагвын Онцгой байдлын ерөнхий газрын даргад хурандаа цол олгосон шийдвэртэй яг адилхан юм. Ерөнхий сайд, Шадар сайд нар нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй гэдэг үндэслэлээр энэ хоёр зөрчлийг хоёуланг нь Үндсэн хуулийн Цэц хэлэлцэж байв. Тиймээс Өргөдлийн байнгын хороо иргэн Б.Ууганбаярын гомдлыг хэлэлцэхийнхээ оронд “Энэхүү гомдлоо Үндсэн хуулийн Цэцэд гарга” гэж түүнд зөвлөх ёстой байлаа. Гэвч ингэсэнгүй Үндсэн хуулийн Цэцийн өмнүүр ороод Засгийн газар тогтоол нь хууль зөрчсөн байна гээд дүгнэчихлээ. Байнгын хороо ийнхүү шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг болсон нь нэг бол Цэц, эсвэл шүүх гэж харахаас өөр арга алга.

А.Бүрэнтөгс

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.