Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.04.17/ Төрийн ордны “А” танхимд боллоо.

" />

УИХ гишүүн Ё.Отгонбаяр цаг үеийн асуудлаар цахим ярилцлага хийв


Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.04.17/ Төрийн ордны “А” танхимд боллоо.


Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулдаг энэ удаагийн цахим ярилцлагад Булган аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Булган аймгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцов.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар ярилцлагыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг цахим ярилцлага энэ удаад Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд суурилуулсан “дүрст” хурлын тоног төхөөрөмжийг анх удаа ашиглан уг хурлыг хийж байгаагаараа онцлогтой болж байна. Уг систем нь УИХ-ын гишүүнтэй иргэд сонгогчдыг уулзуулах, хуулийн төслийн хэлэлцүүлгийг цахимаар хийх, цаг үеийн асуудлаар зөвлөлдөх, төрөл бүрийн сургалт семинар зохион байгуулах гэх зэргээр зардал болон цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой үйл ажиллагаа юм гэв. 

Тэрээр, нийт оролцогчдод ярилцлагын хөтөлбөрийг танилцуулсны дараа хөтөлбөрийн дагуу “хаваржилтын байдал, цаг үеийн асуудал” сэдвийн хүрээнд Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат аймгийн хаваржилтын байдлын талаар товч мэдээлэл хийв.

Танилцуулгад, өнөөгийн байдлаар аймгийн нутаг бүхэлдээ ихээхэн хуурайшилттай, 2-3 удаагийн цасан болон шороон шуурга шуурснаас шалтгаалан цаг агаарын нөхцөл хүндэрч хаваржилтад сөрөг нөлөө үзүүлээд байгаа тухай дурьдагдсан. Булган аймагт 2015 он гарсаар аймгийн хэмжээнд 50 осол, гамшиг гарсан байна. Үүнд: ой хээрийн түймэр 8 удаа, обьектийн гал түймэр 17, газар хөдлөлт 1, хүн, мал амьтны галзуу өвчин 15, үхрийн хорт, салст халуурал өвчин 3, автын осол 3, цас, шороон шуурга 3, голын мөсөнд цөмөрч осолдсон 3 удаагийн тохиолдол тус тус гараад байгаа аж. Мөн халдварт өвчний улмаас 442 мал, цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 48800 мал хорогдоод байна. Харин дээрх осол, гамшгийн үеэр хүний амь нас эрсдээгүй ажээ. Засаг дарга, аймагт одоогоор нэг түймрийн голомт байгаа бөгөөд цурманд оруулаад байгаа, жижиг түймрүүдийг гарсан цаг тухайд нь ажиллаж унтрааж байгаа тухай болон түймэрт өртсөн малчдад гэр, зарим материаллаг тусламж шаардлагатай байгаа тухай онцолж байсан.

Аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат гишүүнд өнгөрсөн хугацаанд болсон цасан шуурга, цаг агаарын аюулт үзэгдлийн үеэр хэрхэн ажилласан талаар  дэлгэрэнгүй мэдээлээд цаашид авах арга хэмжээний талаар мөн санал солилцсон юм.

Уг мэдээллийн дараа Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, өнөөдрийн цахим ярилцлагын хувьд шинэ тоног төхөөрөмжийг ашиглан зохион байгуулж байгаа нь дараа дараагийн удаад тодорхой сэдвүүдээр холбогдох яам, байгууллагын ажилтнуудыг байлцуулан үр дүнтэй зардал багатайгаар холбогдож, асуудал шийдвэрлэх боломжийг бүрдүүлж буй ажлын эхлэл болж байгаа юм байна. Мэдээлэлтэй холбогдуулан тодруулах зүйлс байна гээд галзуу өвчин ихээр гарах болсон шалтгаан болон малчдын эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагын талаар асуулт тавьж, намрын чуулганы завсарлагааны үеэр тойрогт ажиллах явцад ажиглагдсан зарим асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар сонирхож байсан юм.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр сонгогдсон тойргийнхоо удирдлагуудтай холбогдож орон нутгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсож асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар харилцан санал солилцох явцад Аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа нар салбарын болон цаг үеийн асуудлаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Г.Ариунбуян, Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа нараас тайлбар авч санал солилцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Б.Наранбаяр

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.