Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа.

" />

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлал хийв


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Тэрбээр өчигдөр гэргий Анита Херцегийн хамт Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, албаны бусад хүмүүс угтаж авсан. 



Өнөө өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт  Унгарын Ерөнхийлөгч Янош Адер, түүний гэргий Анита Херцег нарыг Чингисийн талбайд албан ёсоор угтаж авав. Үүний дараа хоёр орны төрийн тэргүүнүүд гэргий нарын хамт Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

 



Хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын зураг татууллаа. Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзсан юм. Сонирхуулахад энэ айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог.

 



Айлчлал хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц болох ажээ.

Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.