Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр  “Сайдын цаг”-т оролцож, 2015-2016 онд хийх зохион байгуулалт, үйл ажиллагаагаа сайжруулах төлөвлөгөөг танилцуулав. 

" />

Эмнэлгийн дарга нарыг сайд томилохоо болино


Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр  “Сайдын цаг”-т оролцож, 2015-2016 онд хийх зохион байгуулалт, үйл ажиллагаагаа сайжруулах төлөвлөгөөг танилцуулав. Хоёрдугаар сард болсон тус салбарын удирдах ажилтнуудын зөвлөгөөнөөр үндсэн хоёр зорилго бүхий дээрх төлөвлөгөөг баталсан юм байна. Үүнийг ажил болгохын тулд Засгийн газар 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаднаас босгох гэнэ. Юуны өмнө анхан шатны нэгж болох сум, өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, шээс, цусны шинжилгээ авдаг болгох гэнэ. Ер нь одоо үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээ нь 4-5 дахин нэмэгдэнэ гэсэн үг.  Ингэснээр хоёр, гуравдугаар шатны эмнэлгийн ачааллыг бууруулж, эмчилгээ, үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай хүргэх боломж бүрдэнэ. Дээрх мөнгөний гуравны хоёрыг өрх, сумын эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, стандартын шаардлага хангасан түршэний машин авч өгөхөд  зориулах нь. Нэг машин 70 сая төгрөгийн өртөгтэй байхаар тооцсон юм билээ. Орчин үеийн тоног төхөөрөмжтэй боллоо гээд түүнийг ажиллуулах, оношоо зөв унших эмч, ажилтан хэрэгтэй. Тиймээс энэ талаар ч анхаарах юм байна. Эмчээр төгсөгчид эхний 1-2 жилдээ өрхийн эмнэлгүүдэд ажиллаж, “дадлага хийдэг”. Улмаар өрхийн эмнэлэгийнхэн юу мэддэг юм гэсэн хандлага гарахад нөлөөлж буй юм. Үүнийг өөрчилж, төгсөгчдийг томоохон эмнэлгүүдэд ажиллуулах аж. Харин өрхийн эмнэлэгт олон жилийн туршлагатай, шилдэг эмч нар очно. Тэднийг анхан шатны нэгж руу татахын тулд урамшууллын систем бий болгоно.

Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт засаглалын өөрчлөлт хийхээ сайд нь мэдэгдлээ. Томоохон эмнэлгүүдийн даргыг салбарын сайд  томилдог. Танил тал, хамаатан саднаа тавилаа гэсэн шүүмжлэл нөгөө талд нь гарч, эмч нар нь ажил хаяхаас эхлээд бөөн асуудал дэгдэж буй. Тэгвэл одоо боловсруулж буй шинэ хуулийн төсөлд иргэд, тухайн орон нутгийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн хүн, төрийн төлөөлөл гэх мэт олон талаас бүрдсэн, есөн хүнтэй Удирдах зөвлөл байгуулахаар тусгажээ. Уг Зөвлөл эмнэлгүүдийн дарга нарыг томилно, үр дүнгийн гэрээ байгуулж, биелүүлээгүй бол хариуцлага тооцно. Санхүү, томилгоо гэх мэт холбогдох бүх эрхийг эмнэлэгт нь өгнө хэмээн  Г.Шийлэгдамба сайд онцоллоо. 

С.Энхжин

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.