МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД ДЭНДҮҮ ТАНХАЙ БОЛЖЭЭ


Сүүлийн үед эрчүүдээс илүү монгол хүүхнүүд архийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эрүүгийн шинжтэй гэмт хэргийг ихээр үйлдэх болсон нь харамсалтай. Энд өгүүлэх хэрэг ч мөн ялгаагүй энэ тухай өгүүлсэн болно. Олдохын Нямцэцэг гэдэг эмэгтэй нь 39 настай, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан аж. Уг нь Нямцэцэг нь нөхөр, хоёр хүүхдийн хамт Төв аймгийн харъяат боловч Сүхбаатар дүүргийн XVI хороо, Рашааны задгайд түр оршин суудаг байв. О.Нямцэцэг нь арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн XVIII хорооны нутагт байрлах “Бэлх” караоке бааранд согтуугаар үл ялих зүйлээр шалтаглан Б.Анхчимэгийг хүч хэрэглэн зодож хөнгөн гэмтэл учруулан, дарсны хундага, хөргөгчний шилэн хаалга, микрофон, сүлд модны суурь зэрэг нийт 175 мянган төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг устгаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрчээ. Энэ тухай шүүхийн сандал дээрээс О.Нямцэцэг мэдүүлэхдээ,

-Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтэд тодорхой уншигдлаа. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү? Би чинь хоёр нялх хүүхэдтэй эх хүн шүү дээ хэмээн нулимс цэлэлзүүлсэн нүдээр шүүгчээс царай алдан гуйж байлаа. Харин энэ талаар хохирогч Б.Анхчимэг мэдүүлэхдээ,

-Хүний эрх чөлөөнд халдсан буруугаа зөвхөн уусан архи луугаа чихэж болохгүй байх. Эмэгтэй хүн, эх хүн олон нийтийн газар согтуудаа агсам тавьж, хэн нэг хүний эрх чөлөөнд халдаж байгаа нь монгол эмэгтэй хүний мөн чанар муудсан юм уу гэж бодлоо. Тэр үед Нямцэцэгт зодуулж байхдаа гомдож байсан ч одоо бол түүнийг бага зэрэг өрөвдөж байгаа. Нийт 175 мянган төгрөгийн хохирол учирснаас 100 мянган  төгрөгөө Нямцэцэгээс авсан. Энэ хүний ядуу амьдралыг бодоод үлдсэн 75 мянган төгрөгийн нэхэмжлэлээсээ миний бие татгалзаж байна. Ял шийтгэлийн хувьд хоёр нялх хүүхдийг нь бодоод энэ эмэгтэйд хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү? гэжээ. Бас ч гэж Б.Анхчимэгийн хувьд хүн чанартай, бас жудагтай эмэгтэй байлаа.

Хэргийн талаар гэрч Ч.Бекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт,

..Махлаг, цагаан биетэй эмэгтэй дээд талд байсан виноны бакалнуудыг архины шилээр цохих үед хагархай шилнүүд бутарч унахдаа Анхчимэг эгчийн зүүн гарын долоовор хурууг зүссэн, тэгээд архины шил нь цааш ойгоод хөргөгчний хаалга хагалсан гэжээ. Гэрч Б.Галмандах мэдүүлэхдээ,

...Батсүх эхнэрийн хамт, би эхнэртэйгээ дөрвүүлээ “Бэлх” бааранд ороод дуулах гэсэн чинь караокеных нь микрофон болохгүй эвдэрчихсэн байв. Тэгээд баарны хүнийг дуудаж үзүүлэхэд “Илүү запас байхгүй” гэлээ. Бид “За, за караоке нь болохгүй юм байна, гарцгаая” гэсэн чинь тэр баарны хамгаалагч залуу нь “Та нар эвдчихсэн  ш дээ” гэдэг байгаа. Тэгэхлээр нь “Би төлчихье” гээд 20 мянган төгрөг шидсэн. Тэр үед Батбаярын эхнэр Нямцэцэг уурлаж “Муусайн новшнууд та нар намайг согтуу гэж бодоо юу?” гээд савласан. Тэгэхэд баарны ажилтан Анхчимэг “Та яагаад байгаа юм бэ?” гэхэд түүнийг Нямцэцэг заамдаж аваад хэд хүчтэй алгадсан. Үүний дараа Нямцэцэг баарны текний ар луу барьж явсан шилтэй архиа шидэхэд пид пад гээд чимээ гарлаа. Дараа нь Нямцэцэг муухай хашгираад барьж байсан архиа Анхчимэг рүү шидээд, хөргөгчний нүүрийг хагалсан гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн Б.Анх-чимэгийн мэдүүлэгт,

-Мөн өдөр манай караоке баараар үйлчлүүлэхээр хоёр эрэгтэй,    хоёр  эмэгтэй хүн нэлээд согтолттой орж ирсэн. Тэгээд 30 минутын дараагаар тарган намхан эмэгтэй нь микрофоныг дундуур нь салгаад барьчихсан гарч ирээд “Энэ муу чинь ажиллахгүй байна” гэхээр нь “Чи яагаад салгачихсан юм бэ, орж бай..” гээд араас нь ороход микрофоны утсыг нь тасдаад салгачихсан байсан. Тэгэхээр нь “Та нар тасдаад эвдчихсэн байна шүү дээ. Тэгэхээр яаж ажиллах юм бэ. Одоо та нар наад эвдэлсэн микрофоноо төлнө шүү!” гэтэл тэд нар бүгд уурлаж “Даварсан авгай вэ, янхан гичий” гээд дайраад байхаар нь би айгаад хамгаалагчаа дуудсан. Тэгтэл тэр бүдүүн эмэгтэй нь намайг алгадаад дараа нь текен дээр байсан менюг аваад дээд талд өлгөөтэй байсан дарсны хундагануудыг цохиж бүгдийг нь хагалсан. Тэгээд би сандраад доошоо суутал гартаа барьж явсан шилтэй архиа хөргөгчний нүүр лүү шидээд хага цохьсон гэжээ. Согтуудаа О.Ням-цэцэгийн танхайрсан хэргээс болж хохирогч Б.Анхчимэгийн биед “Зүүн сарвууны хоёр  дугаар  хуруунд  шарх  гэмтэл бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг Шүүхийн шинжилгээний ҮХ-ийн шинжээчийн 411 дүгээр дүгнэлтээр тогтоогджээ. 

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Нямцэцэгт ЭХ-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр  шүүхийн шийдвэр гарсан байдаг. Гэвч шүүгдэгч О.Нямцэцэгийг анх удаа хэрэг үйлдсэн, хохирогч гомдолгүй гэж мэдүүлсэн, хохирлоо төлж барагдуулсан  гэдгээр хөнгөрүүлж, шүүхээс тэнсэн харгалзах ял оноожээ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=