Э.БАТ-ҮҮЛ С.ЗОРИГИЙН НЭРЭМЖИТ АКАДЕМИ БАЙГУУЛНА



Өнөөдөр ардчиллын анхны тэмцэгчдийн нэг, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зоригийн төрсөн өдөр. Тэрээр амьд сэрүүн байсан бол өнөөдөр  61 насыг зооглох байлаа. Гэвч цэл залуухан  37-хон насандаа бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдаж, 25 жил өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл хэрэгтнийг олоогүй байгаа.  Түүний амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ. Д.Содномдаржаа нарыг ялласан ч хоёр хоногийн өмнө хэргийг нь хэрэгсэхгүй болгосон билээ.  

С.Зоригийн амь насаа алдсан хэрэгт хамгийн их хохирч, хэлмэгдэж явсан хүн бол түүний журмын нөхөр Э.Бат-Үүл байв. Тэрээр  хэрэг гарсан даруй гэрт нь очоод малгайгаа орхиж гарснаас бол, хэд хэдэн удаа сэжигтнээр шалгагдаж байлаа. Харин тэрээр өнөөдөр нүүр номоороо дамжуулан төр засгаас 25 тэрбум төгрөг нэхэмжилж байгаагаа мэдэгдлээ.  “Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс, өөрт учирсан хохиролоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжлэнэ! Би ингэх эрхтэй!!!” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Мөн "Би тултал нь явж заргалдаж байгаад МАН-аас хохирлоо гаргуулна. Тэгээд, тэр мөнгөнийхөө нэг хэсгээр нь Ардчилсан намын дэргэд баруун төвийн улстөрчдийг бэлтгэдэг, Зоригийн нэрэмжит Академи байгуулах олон жилийн мөрөөдлөө хэрэгжүүлнэ! Зоригийг хөнөөсөн алуурчдыг олохоос илүүтэй, түүний амь насны хэргээр улс төр тоглосон Нямдорж тэргүүтэй МАН-ын новшийн бузар явдлыг хараад нөхрийнхөө өмнөөс 25 жил гол харлаж харуусч явсан юм. Боловсрол хомс нийгэм ямар амархан тархиа угаалгаж явдгийг хараад гол харлаж харуусч явсан юм. Тэгээд, өнгөрсөн хойноо ч "зовж дуусаагүй" Зоригтоо зориулан Академи босгохоор мөрөөддөг болсон билээ! Тэр Академи босох өдөр ирнэ ээ!  Өнөөдөр Зоригийн төрсөн өдөр өө‼️" гэж өөрийнхөө байр суурийг илэрхийлжээ.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=