НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ОРУУЛСАН 22-Р МОРЬТ ХОРООНЫ ХЭРЭГ



Халхын голын дайны түүх бичлэг дэх өнөөг хүртэл маргаан дагуулсан хэрэг явдал бол Нөмрөгийн голын байлдаан буюу Мана уулын байлдаан юм. Энэ асуудал судлаач түүхчдийн дунд ихээхэн маргаан дэгдээдэг. Уг байлдааны ажиллагаагаар МАХЦ-ийн VIII морьт дивизийн 22-р морьт хороо Японы цохилтыг тэсвэрлэлгүй ухарч үүнээс болж Монгол Улс Мана уул Нөмрөгийн голын зүүн эргийг алдаж одоо Хятадын газар нутаг болсон. Үүнээс болж тус хороо бүгдээрээ хороогоороо хэлмэгдэж олон жил ахмад дайчдын данс бүртгэл одон медалиас хасагдаж явсан гашуун түүхтэй. 1990 он гараад тус хорооны хэргийг дахин нягтлан шалгасан бөгөөд цагаатгах ажлыг эхлүүлсэн байдаг. Уг цагаатгах ажлыг хийхэд ч бас нилээн хэл ам дагуулсан байдаг. Тухайлбал эх орноосоо урвагчдыг улс төрийн хилс хэрэгт өртөгсдийн зүйл ангиар цагаатгах нь буруу гэх зэргээр маргалдаж байсан ч эцсийн эцэст цагаатгаж хорооны дайчид ахмад дайчдын хөнгөлөлт урамшуулалд хамрагдан одон медаль хүртэх боллоо. Түүх хэрхэн эхэлсэн бэ? Халхын голын дайн ид өрнөж байх үед Нөмрөгийн гол орчим нь фронтоос өмнө зүгт хамгийн тайван бүс байжээ. Нөмрөгийн гол орчимд Япончууд 1939 оны долдугаар сарын эхээр үзэгдэх болж тухай бүрд нь хөөн явуулж байсан ч наймдугаар сарын дунд үед томоохон хүчээр бэхжиж болзошгүй нөхцөл байдал ажиглагдсан тул фронтын командлалд мэдээлэлж байсан ч ач холбогдол өгөлгүй орхисон байдаг. Энэ нь хожмын уршигтай үйл явдлын эхлэл болсон юм. Тэр үед яаралтай арга хэмжээ авч Японы цэргийг хөөн Мана ууланд манай тал хяналтаа тогтоосон бол нөхцөл байдал өөрөөр эргэх байсан. Япончууд 8-р сарын 26 нд явган батальон хүчээр Мана уулыг эзлэн авч хориглолт хийхэд ч олигтой эсэргүүцэл үзүүлээгүй юм. Тухайн үед ерөнхий давшилт эхэлсэн байсан тул олигтой хүч хэрэгсэл гаргаагүй бололтой. 1939 оны наймдугаар сарын сүүлчээр Зөвлөлтийн хошууч Коневын отряд 300 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр Нөмрөгт очсон бөгөөд Японы талын хүн хүчийг өөрийн талтай ойролцоо гэж алдаатай дүгнэж байжээ. Конев болон Японы талын хооронд үе үе тандан турших тулалдаан газарт болон агаарт болсноос өөр ноцтой зүйл болоогүй байна. Коневын отряд байлдах чадваргүй болоод ямар нэгэн ноцтой хохирол үзээгүй байтал Армийн 1-р бүлгийн командлагчийн тушаалаар гэнэт МАХЦ-ийн VIII дивизийн 22-р морьт хороогоор солихоо больсон нь гайхал төрүүлж байгаа юм. Тухайн үед Зөвлөлт-Японы хооронд дайны гал зогсоох талаар хэлэлцээд эхэлсэн байсан бөгөөд зориуд хүч сул 22-р морьт хороог явуулсан байх магадлалтай хэмээн үздэг. 1939 оны есдүгээр сарын 7-ны 13 цагт К.Жуков Хамар даваан дахь өөрийн командын байрандаа маш нууц 00136 тоот тушаалаа гаргажээ. Түүнд 200,000-ны газрын зургийг зааж, Коневын отрядыг соль. Солихын тулд МАХЦ-ийн 8-р морьт дивизийн 22-р морьт хороог тус дивизийн хуягт суман хөнгөн ба дунд хуягт тус бүр дөрөв, мөн дивизийн их бууны батарей, VI морьт дивизийн хуягт суман, хошууч Коневын отрядоос буудлагын рот, хуягт суман, танкийн салаа ба радио станцыг гаргаж хүч нэмэгдүүлэн зохион байгуулж явуул. Есдүгээр сарын 8-ны 16 цагт (Ширээтийн овооноос урагш 17 км.) өндөрлөгийн районд хүчээ хуралдуул. Хүчээ хуралдуулсаны дараагаар есдүгээр сарын 8-9 шилжих шөнө солих ажлыг зохион байгуул. Маршрут 690 тоот өндөрлөгийн дэргэдэх Халхын голын гүүр. Чандмань овоо, Ширээтийн овоо 1100 тоот өндөрлөгийн район, их амралтыг Дэгээ голын хөндийд мөн оны есдүгээр сарын 08-ны 4.00 цагаас 10 цаг хүртэл хий гэсэн байдаг.

Тэгмэгц 22-р хорооны удирдлага энэ тушаалыг дивизийн даргаас авч Хулд уулын орчмоос маршаар хөдөлжээ. 200 гаруй хүнтэй Зөвлөлтийн хошууч Таранецийн отряд хамт явсан байна. Цаг агаарын бэрхшээл саатал ч гарсангүй. “Халуун нар толгой дээрээс төөнөсөн талд манай цуваа хөвөрсөөр байв” хэмээн энэ удаагийн маршад тус дивизийн Хуягт дивизионы хуягтын буудагчаар явсан Баатарын Галбадрах дурдан бичжээ. Хороо Дэгээ голын хөндийд 6 цагийн хугацаанд их амралт хийх тушаалтай байсан ч хорооны дарга Р.Бадарч, комиссар Ё.Цэдэн-Иш нар ар талаас хүрэлцэн ирэх идэшний үхэр малаа хүлээнэ. Цэргээ амраана гэх зэргээр элдэв шалтаг тооцож их давшилтын дараа Япончууд бууж өгч байгаа тул яарах шаардлагагүй гэж үзсэн бололтой хонон өнжин саатжээ. Яг үүнтэй зэрэгцэж хөдөлсөн Японы 4 явган дивизийн 1-р явган хороо сааталгүй явж есдүгээр сарын 9-10 нд Нөмрөгийн голд гүүр тавьж баруун эрэгт нь гарч амжсан байна. Байлдааны үед хугацаа алдана гэдэг дараа дараачийн бодлого амжилтад ноцтой хохирол учруулдаг гашуун сургамжтай билээ. Гэтэл 22-р хорооны удирдлага байлдааны энэ эрхэм чухал тушаад заасан хугацааг хэрэгжүүлэх талаар хэрхэн хандаж байсныг тухайн үеийн Орос, Монгол гэрчийн мэдүүлгээс мэдэж болно. Мөн хорооны гуравдугаар сумангийн улс төрийн удирдагч Эрэнжавын Дамбаравжаа (Завхан аймаг): Манай хороо есдүгээр сарын 9-ний шөнө Халх, Нөмрөгийн гол дээр ирэх байсан. Хорооны дарга, комиссар нарын гэмээр мөн газрыг тушаалын ёсоор эзэлж чадаагүй. Үүнд сургагчид галт байрыг энэ шөнө эзлэх нь чухал. Маргаашийн өдөр галт байрыг эзлэх нь дайсан үзэж их буугаар галлаж магадгүй, нөгөө талаар тушаал ёсоор энэ шөнө байрыг эзлэхгүй бол бид шүүхэд шилжих болно хэмээн зөвлөгөө өгсөнд дарга, комиссар нараас бид шүүхээс айхгүй, дайснаас ч айхгүй хэмээн уурлан, сургагчийн зөвлөгөөнийг урвуулан бид нарыг буудах гэж байгаа бол нүцгэлээд өгье гэж байсан учраас манай хороо 10-ны өдөр галт байрыг дайсны нүдний өмнө эзэлсэн гэж мэдүүлжээ. Гэрчүүдийн энэ мэт мэдүүлэг хавтаст хэргүүдэд олон бий. Р.Бадарч, Е.Цэдэн-Иш нар анхны байцаалтаар ямар ч хавчилт шахалтгүй шууд буруугаа хүлээж байжээ. Р.Бадарч есдүгээр сарын 15-нд мэдүүлэхдээ: - Анх тушаал авч гарснаас хойш дивизийн даргын тушаалыг биелүүлж чадаагүй. Учир нь 1939 оны есдүгээр сарын 8-ны өдөр хүрэх газраа хүрэх ёстой байсан бөгөөд 10-ны өдөр хүрэлцэн очиж бүтэн хоёр хоногоор хожимдон хүрсэн нь үнэн. Уг тушаал ёсоор манай хороо 9-нд шилжих шөнө галт байруудыг эзлэн авсан байваас зохих атал 10-ны 12 цагт дайсны нүдний өмнө илээр галт байруудыг эзлэн хориглосон учир Япон бидэн рүү давших төлөвлөгөө хийхэд дөхөмтэй болсон. Энэ бүхнээс 22 дугаар хорооны удирдлага байлдааны тушаалыг хүлээж аваад яаж ажилласан нь харагдана. Одоо тус хорооны удирдлага хэрхэн байлдсаныг үзье. Японы сурвалжид бичсэнээс үзвэл есдүгээр сарын 11-ний үүрээр бороо шивэрч, хүйтэн салхи салхилж цас хаялан цаг агаар тааламжгүй байв. Энэ үеэр 400 орчим хүн ганц их буутай дэд хурандаа Фуканогийн командалсан отряд цагаан пуужин буудаж гэрэлтүүлээд өмнөх өдрийн байрласан ангийн чиглэлд давшсанд тэдний хориглолтын байрлал урьд өдрийн хэвээр байсан тул их бууны гал нээж шуудхан атакласан. Тэгэхэд Монголын тал цочирдон самгардаад ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй ухрахдаа цэргүүдийн айж тэвдэн цухалдаж харааж ёолсон дуу тэнгэрт хадаж байсан гэжээ. Хэлмэгдсэн 22-р хороо хэрхэн байлдсаныг тус хорооны даргын сургагч Ч.И.Чебик гэрчлэхдээ: - 11-ний өдрийн дөрвөн цагт дайснаас бүх фронтоор давшилт хийсэн, бидний зүүн гарыг чиглэн дайсны батальон илүү хүч давшсан. Дайсны бүх хүчнийг байцааваас бүтэн хагас хороо байсан. Дайсан давшсан тухай мэдээ авмагц миний бие өөрийн дор захирагдаж байсан сургагч нарт хориглох тушаал өгч, хэрхэвч ухрахгүй, байлдах тухай сануулсан. Гэтэл өглөөний 6 цагийн үед хорооны дарга ухрах тушаал өгч, зарим ангиудыг ухруулснаа надад мэдэгдсэн. Энэ үед гуравдугаар суман, дөрөвдүгээр сумангийн нэгэн салаа дайсантай байлдаж байсан. Мөн дөрөвдүгээр сумангийн нэгэн салаа хорооны дарга Бадарчийн тушаалаар ухарсан. Түрүүнд нь хорооны дарга Бадарч, комиссар Цэдэн-Иш нар зугтсан. Миний бие сургагчийн хувьд дарга Бадарчид зөвлөж, “Та байлдааныг удирдах хэрэгтэй, бид одоо хориглон байлдах хэрэгтэй” гэхэд Бадарч хэлсэн нь: “Япон олон ... Хэрэв хориглож байлдвал миний бие хороог командалж чадахгүй” гээд шууд өөрийн хороог бутарган сарниулж, цэргүүдээ айлган сүрдүүлж байсан нь үнэн. Ингэж муу байлдсанаас манай хороо их хохирсон. 1927 оны 75 миллиметрийн (амтай) дөрвөн их буу бүхий батарей, их бууны сум ширхэгээр 40, хүнд пулемёт 3, хоолны гал тогоо тоногийн хамт 1, винтов буу, баг, сэлэм тус бүр 19, алагдсан хүн 22, шархадсан 8 болно. Батарейг олзлуулсан нь туйлын үл бүтэх явдал болсон ... Батарейн удирдлагын мэдэлд морь, мал, хоёр салаа цэрэг байснаас нэгийг ч ашигласангүй (ТЕГА хуудас 477, хавтас №1. тал 38-40) гэжээ.

 Есдүгээр сарын 11-ний өглөө 06 цагаас эхлэн хоёр тал харилцан буудалцаж тулалдаан бүтэн өдрийн турш үргэлжилсэн байна. Үүний улмаас орой гэхэд 22-р морьт хороо Нөмрөгийн голын баруун эрэгт ухран гарчээ. Япончууд 800 орчим хүнтэй байсан гэж үздэг. 22-р хороо ухрах үедээ 4 их буу, хүнд пулемёт 4, хөнгөн пулемёт 5-г дайсанд олзлуулсан байна. 22 хүн алагдаж 8 хүн шархадав. Тулалдааны үед Таранец яагаад ч юм алга болсон байна. Хожим тэрээр ямар нэгэн шийтгэл аваагүй юм. 1939 оны есдүгээр сарын 23-нд зүүн хязгаарын Цэргийн Шүүх таслах 88-р хурлаас хэрэгтнүүд болон гэрчүүдийн шинэчилсэн байцаалтаар тэд өмнө дурдаснаа давтан бататгасны зэрэгцээ үүний урд наймдугаар сарын 13-нд дайснаас айж хороогоо ухруулснаас танк эсэргүүцэх буу, хүнд, хөнгөн пулемёт, тачанк тус бүр 1, винтов 8, шинель 39, хөнжил 40, цэргүүдийн амийг хүртэл дайсанд үрэгдүүлсэн зэргийг хамтад илрүүлээд эх орноосоо урваж, дайсанд тусыг үзүүлж байсан юм гэж тооцжээ. Тэгээд эх орноосоо урвагчдыг хэрхэн шийтгэх тухай хуулийн 1-ийн 1 дэх ангийг баримтлан тус бүрийг буудан алах ял оноожээ. Гэтэл БНМАУ-ын Дээд шүүхийн 1939 оны аравдугаар сарын 18-ны 345-р тогтоолоор Дорнод корпусын Шүүхийн 88-р тогтоолыг хэвээр баталсныг Шүүх явдлын яамны 70 тоотоор өөрчилж, “Эл хэрэг нь хувьсгалт улаан цэргийн байлдааны үүргийг үл гүйцэтгэсэн учир Шүүх цаазны бичгийн 160-р зүйлээр шийтгэвэл зохих хэрэг атал Шүүх цаазны бичгийн шинэ нэмэгдлийг баримтлан эх орноосоо урван тэрслэгчидэд тооцож шийтгэсэн нь үл зохилдох бөгөөд хэргийн учрыг гуйвуулсан шалтгаан бүхий тул эх орноосоо урвасан гэж шийтгэснийг өөрчилж, Хууль цаазны бичгийн 160-р зүйлийг баримтлан Бадарч, Цэдэн-Иш, Дамдинжав нарт буудан алах ял ногдуулсугай” гэсэн байх юм. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдээс өршөөл гуйсанд Р.Бадарчийн ялыг хэвээр үлдээж, Е.Цэдэн-Иш, Д.Дамдинжав нарын ялыг 10 жил хориж шийтгэхээр өөрчилжээ. Уг хорооноос болж Монгол Улс 114 000 га (Мана уулын орчим 51,700 га) нутгаа алдсан гэдэг. Тус хороо заасан хугацаанаас хоцорч Нөмрөгийн голд нэг хоногийн дараа очиж дайсанд бэхжих боломж олгосон. Хориглолтын зурвасыг өдрийн цагаар дайсны хяналт дор Коневын отрядаас хүлээн авсан. Бас Конев дайсны хүн хүчний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Эцсээ хүртэл эх орноо хамгаалах чинь сэтгэл дутсан гэж үзэх үү эсвэл үндсэн хүчээ хадгалан ухарсан нь зөв үү? Армийн нэгдүгээр бүлэг есдүгээр сарын 20 хавьцаа Мана уулыг буцаан авах төлөвлөгөө зохиож бэлдэж байсан ч есдүгээр сарын 16 нд гал зогсоосноос болж Мана уул Японы талд очсон байна. Хожим 1945 оны чөлөөлөх дайн хийгээд 1964 оны Монгол Хятадын хилийн хэлэлцээний үед Мана уулын асуудлыг орхисон нь өөрөө гайхал төрүүлдэг юм.


/Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор хошууч Т.Сүхбаатар/



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=