ДИЙЛДЭШГҮЙ ОЛИГАРХИ Б.БЯМБАДОРЖИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРААС ЗАЙЛУУЛЖ, ХУУЛИЙН ДАГУУ ЯЛ ОНООХ ЦАГ БОЛЖЭЭ


Монгол улсын Эрүүл мэндийн салбарын чухал албан тушаалуудад даргаар очоод голдуу л бусармаг үйлдэлд хутгалдаж явсан Б.Бямбадорж гэгчийн тухай өгүүлэхийн тулд зориуд иш татав. Учир нь “Өгөөш амталсан авилгачныг, цагдаж хичнээн сэнхрүүлсэн ч улсын сан руу хялалзмуй!” гэдэг үг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын (НЭМГ)-ын дарга Б.Бямбадоржид яг тохироод байгаа юм. Энэ хүн Эрүүл мэндийн салбарт анх хөл тавихаасаа л элдэв янзын будлианд хутгалдаж ирсэн байдаг. Гэхдээ арав хорин жилийн өмнөх хуудуутай явдлыг нь нэг бүрчлэн тоочих гэвэл сонины зай хүрэлцэхгүй. Тиймээс ердөө саяхны жишээг иш татъя.  “Үндэсний шуудан” сонины 2021 оны 10-р сарын 196 дугаарт: “Улаанбаатар үхлийн голомт болсон ч НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хариуцлагаас мултарсаар байх уу” гэсэн гарчиг бүхий томоохон нийтлэл бичигджээ. Тэгж байтал “Өглөөний сонин”-ы 2021 оны 10-р сарын 204 дугаарт: “Эрүүл мэндийн салбараас төрсөн “олигархи” буюу Б.Бямбадоржийн овилгогүй үйлдлүүд-1” гэсэн маш ноцтой нийтлэл бичигдсэн байх аж. Мөн “Үндэсний шуудан” сонины 2021 оны 10-р сарын 199 дугаарт: “Томилгоо хөөцөлдөж яваа Эрүүл мэндийн сайдад хариуцлага тооцъё” гэсэн гарчиг бүхий материалд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийн хууль бус халаа сэлгээний талаарх гомдол өссөөр байгаа тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Түүнчлэн “Өглөөний сонин”-ы 2021 оны 10-р сарын ¹205 дугаарт: “Эрүүл мэндийн салбараас төрсөн “олигархи” буюу Б.Бямбадоржийн овилгогүй үйлдлүүд-2”, тус сонины 2021 оны 10-р сарын ¹206 дугаарт: “Эрүүл мэндийн салбараас төрсөн “олигархи” буюу Б.Бямбадоржийн овилгогүй үйлдлүүд-3” гэсэн хоёр ч том нийтлэл дараа дараалан хэвлэгджээ. Ноцтой баримт бүхий ийм олон нийтлэл дуу дуугаа авалцан нийтлэгдсээр байхад Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын захиргаа гэх мэт холбогдох газрууд Б.Бямбадорж хэмээх мэргэшсэн олигархид ямар ч арга хэмжээ авалгүй өдий хүрсэн байх аж. 

Өмнө нь Эрүүл мэндийн салбарт олон удаа ноцтой зөрчил гаргаж байсан Б.Бямбадоржийг уг нь дахиад ямар нэгэн албанд томилох эрх зүйн үндэс байхгүй байв. Гэтэл чоно борооноор, хулгайч сиймхийгээр гэгчээр ковидын үеийг далимдуулаад “Цар тахлын нөхцөл байдалд Засгийн газар онцгой горимд ажиллаж буй учир түр томилгоог хийж байна” гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хууль зөрчин байж Б.Бямбадоржийг НЭМГ-ын даргаар шууд томилчихсон байдаг. Уг албанд томилсон үндэслэл нь буруу, бас ажлын гүйцэтгэл нь маш тааруу байсаар байтал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түүнд ямар ч хариуцлага тооцолгүй өдий хүрчээ.  Нийгмийн хамгийн эмзэг төдийгүй их хэмжээний хөрөнгө мөнгө урсаж байдаг эрүүл мэндийн салбарт Б.Бямбадорж авилга, хээл хахууль гээчийг жинхэнэ цэцэглүүлж ирсэн байх аж. Түүний авилгал хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүд Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн дарга байхаас нь эхэлсэн. Тиймдээ ч мань хүн тус эмнэлгийн дарга байх хугацаандаа “Эрин” нэртэй хувийн эмнэлэг барьж амжсан байдаг. Төсвийн цалингаар амь зуудаг жирийн нэг эмч хүн бүхэл бүтэн эмнэлэг барих хэмжээний арвин их мөнгө цуглуулсан нь яаж ч бодсон ноцтой асуудал мөн биз. Энэ их мөнгийг тэрбээр Эрүүл мэндийн салбарт өрнөж ирсэн том том тендерт хуруу дүрж цуглуулсан гэх бөгөөд салбарынх нь нөхөд хүртэл үүнийг нь андахаа байж “Манай Бямбадорж Эрүүл мэндийн салбарын элдэв янзын тeндeрт томоохон үүрэгтэй оролцдог нөхөр дөө” гэх мэтээр шивэр авир ярилцах бол энүүхэнд. Б.Бямбадорж нь зөвхөн өөрөө тeндeр шомбодоод зогсохгүй бусдад тeндeр олж өгч дундаас нь мөнгө тоншдог гэж байгаа юм. Нэгэн жишээ дурдахад “Хар чонот” компанийн захирал, Монгол Улсын гавъяат барилгачин н.Баянцагаан 2019 оны 5-р сарын 28-ны өдөр 14 цаг 30 минутанд Төрийн ордонд 405 тоот өрөөнд Эрүүл мэндийн сайдтай уулзжээ.  Тэр уулзалтан дээр н.Баянцагаан: “Танай Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж Говьсүмбэрийн 100 ортой эмнэлгийн тендерийг авч өгье. Нэг тэрбум төгрөг өг гэлээ. Тэр надаас мөнгө нэхэхэд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Баярсайхан хамт байсан. Би 100 сая төгрөг болохгүй юу гэж асуухад “Үгүй, нэг тэрбум” гэсэн. Би үүнийг хаана ч хэлнэ. Бямбадорж нэг тэрбум төгрөг өгчих гэж намайг удаа дараа дарамталсан. Би гавъяат барилгачин хүн. Миний бүтээн байгуулалтанд оролцох эрхийг минь яагаад ингэж хааж боож байгаа юм бэ” гэж хэлсэн байх аж.  Б.Бямбадорж 2017 онд Нэгдүгээр эмнэлэгийн даргаасаа огцронгуутаа 2018 оны нэгдүгээр сараас Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд ганцхан жилийн дараа буюу 2019 оны нэгдүгээр сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. Энэ үеэс эхлээд түүний хууль бус үйлдлүүд улаан цагаандаа гарсан байдаг.  Жишээ нь мань хүн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Дорноговийн 100 ортой эмнэлэгийн ажлын хэсгийг хуралдуулахгүй нэг сар гацааж байжээ. Энэ талаар тухайн үеийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга “Төрийн нарийн бичгийн дарга яагаад ч хөдлөхгүй байна. Учирлаж хэлээд ч нэмэргүй юм” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан байна. Eр нь тэрбээр хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, төрийн ажил гацаасан, ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байжээ. Уг нь яамны төрийн нарийн бичгийн дарга хүн салбарынхаа төв аппаратын бодлогыг зангидаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө төрөөс үзүүлэх үйлчилгээ, чанар стандартыг дээшлүүлэхэд гол анхаарлаа хандуулах учиртай. Гэтэл Б.Бямбадорж тэгсэнгүй. Тиймээс ч АТГ-аас түүнийг шалгаж, тун удалгүй Бямбадорж “өөрийн хүсэлтээр” гэх нэрийн дор ажлаасаа чөлөөлөгджээ.  Авилга, хээл хахуультай нэр холбогдсон, олны дунд “Эрүүл мэндийн салбараас төрсөн олигарх” хэмээн нэрлэгдэх болсон Б.Бямбадорж 2021 оны 2-р сарын 8-нд Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар томилогджээ.  Улсын төсөв хүндхэн байгаа энэ цаг үед төрийн албыг данхайлгаж, таван хэлтэстэй байсан НЭМГ-ыг найман хэлтэстэй болгон өргөтгөсөн гэх. Ингэхдээ өөрийн гэсэн хүмүүсээр эргэн тойрноо хүрээлүүлж, нутаг ус, урьд нь хамт ажиллаж байсан хүмүүсээр удирдлагын багаа хүрээлүүлээд эхэлжээ. Эрх ашигтаа нийцүүлж, албан тушаалын томилгоо хийхийн тулд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоол, журмыг удаа дараа зөрчиж ирсэн байх аж. НЭМГ бол төрийн захиргааны байгууллага. Тийм ч учраас хууль ёсны байх, хуульд захирагдах, гаргасан шийдвэр нь хуулийн үндэслэлтэй байх зэрэг зарчмыг хатуу баримтлах ёстой газар. Гэтэл Б.Бямбадорж энэ бүхний эсрэг ажиллаж, өөрийнхөө хувийн байгууллагад ажиллаж байгаа мэт дураар авирлах, мэргэжилтнүүдийг эрхэлж буй ажлаас нь болж хардах, дарамтлах, албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй үүрэг даалгавар өгөх зэргээр ёс зүйгүй авирласан олон баримт байх аж.  Түүнчлэн Б.Бямбадорж НЭМГ-т томилгоо хийхдээ доорхи хуулиудыг зөрчсөн байж болзошгүй байна. Үүнд, Монгол Улсын Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1 дэх хэсэг “Агентлаг нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаас гадна төрийн үйлчилгээг жигд, чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, хууль ёсыг сахих, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх зарчмыг баримтлан ажиллана гэх заалтыг зөрчөөд байна. Мөн Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээний тухай 2016 оны дөрөвдүгээр тогтоол. Түүн дотор “Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлаг нь 100-гаад ажилтантай бол дэд дарга (орлогч дарга) нэгтэй, зуугаас цөөн ажилтантай бол дэд дарга буюу орлогч даргагүй байх чиглэл баримтлах, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулж ажиллуулах шаардлагыг харгалзан агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь доороо хэлтэсгүй, хэлтэс нь тасаг, албагүй, орон тоог нь долоогоос доошгүй байх чиглэл баримтлахыг зөрчжээ.  Мөн энэ нөхөр томилогдож ирснээсээ хойш НЭМГ-аас Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Одгэрэл, Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, өөр бусад ажилтнууд болох Г.Бурмаа, Д.Нарантуул, Б.Гэрэлт-Од, Д.Болдбаатар гэх мэтчилэн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч гучин хүнийг ажлаас нь халж, амьдрал ахуйг нь хохироожээ. Энэ нь нийт ажилчдын 56 хувийг эзэлж байна. Хууль бус үйлдэл, шударга бус явдал, төрийн удирдах албан тушаалтан ийм ёс зүйгүй байгаа байдал, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалдаа үлдэх гэж үхэн хатан тэмцэж байгаа байдлыг илчилж төрийн жинхэнэ шударга албан хаагч байсныхаа төлөө ажлаасаа халагдсандаа дээрхи хүмүүс маш их гомдолтой байгаа аж. Тэгэхдээ шүүх үнэний талд бат зогсоно гэдэгт итгэлтэй байна.  Б.Бямбадорж Ковидын хуулийг далимдуулаад өөрийнхөө хувийн байгууллага аятай л халаа сэлгээ хийж, дээрх хүмүүсийн оронд өөрийнхөө тойрон хүрээлэгч 25 хүнийг ажилд авчээ. Эдгээр хүмүүс нь Төрийн албаны шалгалт өгөөгүй байх жишээтэй. Төр засаг эдийн засгийн маш том эрсдэл дунд улс орноо хөгжүүлэх гэж хэрхэн зүтгэж, цар тахлын хүнд үед ард түмнээ авран хамгаалах гэж эрүүл мэндийн салбарынхан сөхөрч унатлаа мэрийн тэмцэж байхад Нийслэлийн хамгийн гол агентлаг болох НЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бямбадорж байгууллагаа самарч, мэргэжилтнүүддээ тооцоо бодож, гудамжинд гаргаж, чи дараачийнх нь, чи ажлаа өг, чамаас дээр ажиллах хүн байна хэмээн ажлын байрны дарамт үзүүлж, бас ч үгүй ашиг сонирхол бүхий санаагаа далдалж чадахгүй хуульд байхгүй “Байнгын ажиллагаатай үнэлгээний хороо” гээчийг байгуулж, тендерт санаархаж буй нь цаанаа л нэг явуургүй.  Мөн Б.Бямбадорж нь Төрийн өндөр албан тушаалын үндсэн чиг ёс зүйгээ уландаа гишгэжээ. Энэ тухайд хамгийн ноцтой баримтыг хөндөe. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой хамаарал бүхий “Шинонмед” гэх эмнэлэг бий. Уг эмнэлэг өмнө нь “Туйплин шинэ зууны эмнэлэг”, “Эрин эмнэлэг” зэрэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлд “Шинонмед” болгон нэрээ өөрчилжээ.

Хамгийн сонирхолтой нь Б.Бямбадорж 2021 оны хоёрдугаар сард Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар томилогдсоны дараа буюу 2021 оны тавдугаар сард түүний Шинонмед эмнэлэг дээр ковидын ор дэлгэх тусгай зөвшөөрөл гарсан байгаа юм. Хэвлэлд цацагдсан мэдээллээс харахад Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Ц.Алтанзагас болон НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нар албан тушаалын давуу байдлаа ашиглаж хувийн эмнэлгээ ковидын тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн жагсаалтад багтаажээ. Бөхийн өргөөний урд байрлах Шинонмед эмнэлгийн тухайд хэвтэн эмчлүүлэх 60 ортой гэнэ. Гэтэл уг эмнэлэг орныхоо тоог 150 хэмээн мэдүүлж Оринтиал зочид буудалд ор дэлгэн ковидын эмчилгээ хийж Эрүүл мэндийн даатгалын сангаас сар бүр 300, 400 саяар нь санхүүжилт авдаг байсан байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын сангаас Шинонмед эмнэлэг рүү ковидын хэвтэн эмчилгээний төлбөрт дараах гүйлгээнүүдийг 2021 оны 6-р сараас 2022 оны 1-р сар хүртэл хийжээ. Үүнд.

2021 оны 6-р сард 161 сая 955 мянга 884 төгрөгийг;

2021 оны 7-р сарын 17-ний өдөр 114 сая 415 мянга 000 төгрөгийг;

2021 оны 8-р сарын 07-ны өдөр 318 сая 955 мянга 000 төгрөгийг;

2021 оны 08-р сарын 30-ны өдөр 404 сая 205 мянга 000 төгрөгийг;

2021 оны 09-р сарын 23-ны өдөр 84 сая 572 мянга 000 төгрөгийг;

2021 оны 09-р сарын 11-ний өдөр 224 сая 868 мянга 000 төгрөгийг;

2021 оны 10-р сарын 28-ний өдөр 213,293,000 төгрөгийг;

2021 оны 10-р сарын 12-ний өдөр 568 сая 827 мянга 000 төгрөгийг;

2021 оны 11-р сарын 10-ны өдөр 339 сая 592 мянга 500 төгрөгийг;

2021 оны 12-р сарын 16-ны өдөр 305 сая 772 мянга 500 төгрөгийг;

2022 оны 01-р сарын 03-ны өдөр 373 сая 114 мянга 814 төгрөгийг Шинонмед эмнэлэг ковидын ор дэлгэсний төлбөрт санхүүжилт болгон ЭМДС-аас авчээ.

2021 оны зургадугаар сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэлх долоон сарын хугацаанд Шинонмед эмнэлэг-Хурилдуур ХХК ковидын ор дэлгэсний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 3 тэрбум 109 сая 570 мянга 698 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр авсан болох нь дээрх тоон баримтаас тодорхой байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга өөрийн хувийн эмнэлэгтээ ковидын ор дэлгэх тусгай зөвшөөрөл гаргуулж, энэ мэтээр долоон сарын дотор Эрүүл мэндийн даатгалын сангаас гурван тэрбум гаруй төгрөг авсан үйлдлийг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт үйлдэл гэхгүй бол өөр юуг албан тушаалын хэрэг гэх билээ. Нэг үгээр ковидын халдварын голомтыг бууруулах чиглэлд бодлого боловсруулж, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагыг удирдлагаар хангаж ажиллах учиртай НЭМГ-ын дарга Б.Бямбадорж ийнхүү хувийн эмнэлгээрээ дамжуулан цар тахлаас тэрбум, тэрбумаар нь ашиг хийсэн  байх аж. Тиймээс энэхүү ноцтой асуудлыг АТГ, Тагнуулын ерөнхий газар анхааралдаа авч шалгах нь зүй. Өдгөө Монголын банк санхүүгийн салбарт “Сахал” Эрдэнэбилэг хэмээх хэнд ч дийлдэшгүй аймаар амьтан төрж гараад байгаа. Энэ хүн Хөгжлийн банкийг сүйрүүлж хаясан. Харин Монголын Эрүүл мэндийн салбарт Б.Бямбадорж хэмээх идээд идээд цаддаггүй маш аюултай шимэгч хорхой бий болоод байна. Тиймээс Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар та хэнд ч дийлдэхээ байгаад байгаа НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид хариуцлага тооцох ёстой. Төрөөс төрсөн тэрбумтан гэгддэг энэ нөхөрт хариуцлага тооцолгүй өдий хүртэл толгойг нь илж өөгшүүлсээр ирсэн нь олон түмний дургүйцлийг ихэд төрүүлж байна. 

/Үргэлжлэл бий/ 

Сэтгүүлч Д.Батнасан  

Эх сурвалж: "Одоо цаг" сонин



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 18:03:53 IP : 202.126.88.133
Зочин : Бямбадорж гэдэг энэ нөхөр арай л дэндэж байгаа хүн дээ. Түүнийг дийлэх эрх мэдэлтэн олдохгүй байна гэдэг чинь бүгдийг хахуульджээ гэсэн үг.
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 18:04:34 IP : 202.126.88.133
Зочин : Нэгдүгээр эмнэлгийг самарч гүйцсэн хүн дээ
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 18:05:32 IP : 202.126.88.133
Зочин : Сумьяабазарын уяаны нохой энэ хүнийг та нар яагаад ч дийлэхгүй
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 18:39:09 IP : 202.126.88.133
Зочин : Эрүүл мэндийн яам энэ хүнийг толгой дээрээ залчихжээ.
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-04 18:41:32 IP : 202.126.88.133
Зочин : Олон тэрбум төгрөг цуглуулж чадсан Энэ хүнийг та нар дийлэхгүй ээ. Заяа чинь дутна.
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-05 11:19:40 IP : 66.181.181.210
Зочин : ХУД ийн ЭМТийг Сумъяабазар Алдаржавхлан нартай нийлэн самарч бна. Эмч ажилтанууд нь тэмцээд эсэргүүцээд ТВ гээр гарч л байх юм. Сумъяабазарын эхнэрийн ахын эхнэрт бэлэглэх үйл ажиллагаа эхлээд явж бна. Зогсоох арга чарга бна уу
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-05 13:34:06 IP : 202.126.88.132
Зочин : Мөнгийг бол тэрбум тэрбумаар нь цааш нь хийсэн хүн гэдэг шүү