УКРАИНЫ ХОТУУДАД ОРЖ ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮРЭН ХААЖЭЭ



Украин дахь нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас Украинд байгаа монгол иргэдийн талаар мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар Украины Харьков хотод 18 оюутан, байнгын оршин суугч дөрвөн иргэн, Киев хотод 12 оюутан, гурван байнгын оршин суугч, Кивград хотод хоёр оюутан байгаа аж. ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдын хэлснээр, Харьков хотод байгаа оюутнууд дайн эхэлснээс хойш хоргодох байранд байсан. Өнөөдөр зарим оюутан хоргодох байрнаас гарч оюутны байр болон бусад байранд очжээ. Киев, Кивград хотод байгаа оюутнууд бүгд оюутны байрандаа байна. Львов хотод суралцдаг оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамтаар Польшийн хилийг давсан байна. Украины хотуудад орж гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан гэж ойлгож байгаа. Тиймээс татан авалт хүндрэлтэй байна. Иргэддээ нөхцөл байдал намжтал байгаа газартаа байгаарай гэсэн зөвлөгөөг өгч байна гэлээ. Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.  

-Украинд сурдаг оюутнуудын их сургуульд албан бичиг илгээгээгүйгээс болж ирэх асуудал нь бүрхэг болсон гэж оюутнууд мэдээлсэн?

-Бид сургуульд албан бичгийг нэг хоногийн дотор гаргаж өгөх боломжтой байсан. Гэтэл Украинд оршин суудаг нэг монгол эмэгтэй их сургуулиуд руу холбогдож “Оюутнуудыг Битгий буцаа, хэрвээ буцна гээд байвал заавал Засгийн газраасаа бичиг авч ир гэсэн шаардлага тавиарай” гэж хэлсэн гэсэн. Тэр эмэгтэй ямар зорилгоор яах гэж ингэсэн нь тодорхойгүй байна. Үүнээс болж зарим оюутан буцаж чадаагүй.

-Тухайн эмэгтэй ямар хүн байсныг судалж үзсэн үү?

-Манай оюутнуудын дийлэнх нь Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Тухайн эмэгтэй ямартай ч Украинд байнга оршин суудаг. Хувийн сургуульд сурах оюутнуудыг Украинд зуучилдаг ажил хийдэг байж магадгүй гэсэн мэдээлэлтэй байна. Бусад мэдээллийг бид судалж байна.

-БНХАУ тусгай үүргийн нислэгээр оюутнуудаа авахаар яригдаж байна. БНХАУ-тай ярьж хамт оюутнуудаа авч болох уу?

-Хил нээгдээд нисэх буудал хэвийн болбол өөрсдөө тусгай үүргийн нислэг зохион байгуулж ч болно. Гэхдээ энэ бүхэн хил нээгдэх, нислэг үйлдэх зөвшөөрөл өгөх эсэхээс хамаарна. Бид оюутнууддаа туслалцаа явуулж, мөнгө шилжүүлэхээр төлөвлөж байна. Харьков хотод банк ажиллахгүй байгаа учраас тэнд байгаа хүмүүсээр дамжуулан мөнгө шилжүүлэх боломж байгаа эсэхийг судалж байна. Мөн тэнд байнга оршин суудаг монгол иргэдээрээ дамжуулан хоол хүнс дөхүүлж өгөх асуудлыг судалж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=