ЯЛЛАГДАГЧ Н.ТҮВШИНБАЯРЫН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААЛТАНД БУЦААЛАА


Улсын начин Э.Энхбатыг зэрлэг балмадаар зодож, тамласан  Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Н.Түвшинбаярт зодуулсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл найман сарын хугацаанд  Э.Энхбат начин ухаан ороогүй байгаа. Тэрээр БНСУ-д эмчлүүлсэн ч үр дүн гараагүй учир эх орондоо ирж, өдгөө Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. 

 Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцлээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэлээ. Шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ хэмээн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас дөнгөж сая мэдээллээ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=