КОРОНАВИРУСЭЭР ӨВЧИЛСӨН ИРГЭН ХӨСҮТ-ИЙН ҮНЭН БАЙДЛЫГ ИЛЧИЛЛЭЭ


Коронавирусийн халдвараар анх тусгаарлагдсан иргэдийн төлөөлөл нэгэн иргэн тусгаарлагдах явцад нөхцөл байдал ямар байсан талаар ярьж өгснийг түүний зөвшөөрлийн дагуу олон нийтэд хүргэж байна. Түүний албан ёсны хаяг бидэнд байгаа ч эх сурвалжийнхаа нэрийг нууцлахыг хүссэн юм. Ингээд түүний яриаг элдэв нэмэр хачиргүйгээр хүргэе.



“Иргэн Д-ийн дараа Улаанбаатар хотоос тусгаарлагдсан хүмүүс­ийн нэг нь бараг би. Би 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд коронавирусийн халдвар туссан байж магадгүй гээд өөрөө сайн дураараа шинжилгээ өгсөн. Энэ тухай урьд нь уншиж байсан гол шинж тэмдгүүд илэрч амт үнэр огт мэдрэхгүй, архи уугаад ч, кимчи идээд ч мэдрэгдэхгүй, үнэрлэх амтлах мэдрэмжийг 100 хувь дарангуйлсан. Ингээд ХӨСҮТ-ийн лавлах руу яриад “Би амт, үнэр мэдрэх чадвараа 100 хувь алдчихлаа. Надад ийм шинж тэмдгүүд илэрч байна. Би ирэх даваа гаригт /2020.11.17/ ажилдаа очиж болох уу гэж /2020.11.16/ ярьсан. Гэтэл 100 дугаарын дуудлагыг авсан хүн “Сайн дураараа шинжилгээ өгч болно. Таныг коронавирусийн халдвар авсан эсэхийг би хэлж мэдэхгүй” гэсэн. Лавлах 1900-1950 руу залган гэрийнхээ ойролцоо шинжилгээ авч байгаа төвийг асуухад “Эм Жи Жи” төв дээр очиж сайн дураараа шинжилгээ өгч болно гэсэн хариу авсан. Энэ хооронд би нэг ч хүнтэй харилцаагүй, амны хаалт, бээлийгээ байн байн солиод яваад байсан. Тэр өдөр тус эмнэлэгт маш их ачаалалтай байсан тул шинжилгээ өгөлгүй гэртээ ирээд унтсан, өглөө ажилдаа явахдаа архиар амаа зайлаад, хамар руугаа үнэртэй ус цацаад байхад алийг нь ч мэдрэхгүй байсан. Ажил дээрээ очоод өөрөөсөө сэжиглээд хэнтэй ч харьцаагүй. Ингээд ажлынхаа эмчид үзүүлэхэд ханиад хүрсэн бололтой, эм бичиж өгье гэсэн. Би “Үгүй ээ, ханиадны вирус биш. Амт үнэрлэх мэдрэх чадвараа 100 хувь алдчихаад байна. Тиймээс цадаад байгаагаа ч, өлсөөд байгаагаа ч мэдэхгүй болчихлоо” гэхэд “Та сэжигтэй байна” гээд шууд тусгаарлах байранд оруулсан. Ингээд сэжигтэй гэж үзээд байгууллагын эмнэлгээс тусгаарлах хувцас өмссөн эмч нар ирээд түргэвчилсэн шинжилгээ авсан. Хариу нь эерэг гарчихлаа гээд ХӨСҮТ-ээс зааварчилгаа авсан, хүлээж байна гэсэн. ХӨСҮТ-ээс пургон машин ирж зөөвөрлөдөг юм байна лээ. ХӨСҮТ дээр ирэхэд гурван удаа хамрын арчдас, гурван удаа цусны шинжилгээ авсан. Тэр өдөртөө нийт 5 удаа хамрын арчдас өгсөн. Хамгийн аймшигтай нь тэр өрөөний 00-д ерөөсөө ус ирдэггүй, хажууд нь байсан угаалтуураас шанагаар бүлээн ус тосч почкиг нь дүүргэж, таггүй почкин доторх кнопыг нь нэг удаагийн бээлийгээр дарж усаа гоожуулж байж бие засч байсан. Тэгтэл 13 хоногийн дараа хүйтэн устай болж шанагаар ус хийхээ больсон. Тусгаарлахаар авч явсан нь гэнэтийн зүйл байсан учраас би ажлын өрөөнөөсөө цүнх,  гар утас хоёроо авч чадаагүй. Дараа нь эргэлтээр авчихна биз гэсэн. Хэвлэл мэдээллээр мэдээлсэн хоёр гурав хоног халуурч явсан гэдэг бол худлаа. Би нэг ч удаа халуураагүй. Миний тусгаарлагдсан ХӨСҮТ-ийн ор дэр огт ариутгал хийгдээгүй байсан, гэрээс эргэлт иртэл хувцастайгаа сууж удахгүй гарах байх гээд хүлээж байсан. Эмч үзлэг хийгээд халуун юм сайн ууж байгаарай гэсэн боловч тэнд ус буцалгагч байхгүй, халуун ус зөөх халуун савгүй. Цонх нь модон, маш их сийгдэг, хүйтэн өрөөтэй. Өрөөнөөс гарч болохгүй гэх боловч коридортоо халуун, хүйтэн ус нь байдаг. Эмнэлгийн сувилагч орж ирээд хувцсаа тайлаад амар, орчинтойгоо зохицож амьдар, эмнэлзүйн шинж тэмдэг нь ковид мөн гэсэн. Тийм онцгой нөхцөлд ХӨСҮТ-ийн 00 усгүй байна гээд төсөөл дөө. Үнэр мэдрэхгүй байсан тулдаа л ус хутгаж хийж байсан. Тэгж бие засч байхдаа тэр нөхцөл байдалд маш их гутарсан. Эмчид нь хэлэхэд “зүгээр байсан” гэсэн, дараа нь “харин тийм ээ, засах гэж байсан юм” гэсэн. Хоолны ширээ нь бас бохир, өрөөнд байдаг цэнхэр спиртээр арчихад алчуур тас хар болж байсан. Харин эмч сувилагч нарын үйлчилгээ, ур чадвар их сайн юм билээ. Тариа тарихдаа өвтгөхгүй тарьдаг, хамрын арчдас авахдаа өвтгөхгүй байсан. Дараа нь над дээр нэг хүн нэмж оруулахад мөд эндээс гарахгүй юм байна гэдгээ шууд мэдэрсэн. Тэр оруулсан хүн нь ХӨСҮТ-ийн ариутгагч байсан. Тэнд би 23 хоносон. Эмчилгээ нь гэвэл арбидол гэдэг эмийг өдөрт гурван удаа, нэг удаа уухдаа хоёрыг давхарлаж уулгаж байсан. Ирсний маргааш нь рентген зураг хүн бүрээс авсан. Тэр эмийг google-ээр хайгаад үзэхэд Орост бол хайрцгаараа 244 рублийн үнэтэй байдаг юм билээ. Lanavir өдөрт гурван удаа, витамин C өдөрт хоёр, витамин D-г өдөр 11 цагт уугаарай гэдэг. Ингээд л болоо. Арав гаруй хоногийн дараа дархлаа дэмждэг лааг шулуун гэдсээр хэрэглээрэй гэдэг. Хоол ундны хувьд бусад эмнэлгийн адил өдөрт таван удаа өгнө. “Сайн” гэдэг нэртэй тараг  эхний гурав хоногт өгсөн. Содын уусмалаар хамар амаа зайл гээд өгдөг. 

Тараг, үзэм, чацарганы шүүс дархлаа дэмжинэ гээд өгдөг. Нэг асрагч, нэг сувилагч, нэг эмч, нэг ариутгагч өдөр бүр, өдөрт нэг чагнаж үзээд, даралт, пульс хэмжээд гардаг. Дахиад тэр өдөр орж ирэхгүй. Сувилагч таван удаа хоолоо тараана. Эмээ хоёр өдрийнхөөр хайчлаад өгчихдөг. Асрагч нэг удаа цэвэрлэгээ хийнэ, ариутгагч өдөр бүр 00 ариутгана, хүний гар хүрдэг газар уусмалаа цацна. Ийм л үйлчилгээтэй байсан. Хамгийн сонирхолтой нь энэ хооронд нэг ч удаа “Таны хариу эерэг гарлаа, сөрөг гарлаа” гэж хэлээгүй. Уг нь надаас авсан шинжилгээний хариуг надад хэлэх ёстой биз дээ? Ээлжээ солихдоо эмч нь “сүүлд авсан шинжилгээ чинь сөрөг гарсан” гэж утсаар нэг хэлсэн. Надаас 20-30 удаа шинжилгээ авсан. Сүүлдээ тоолохоо больсон. Гэхдээ нэг ч хариу хэлж байгаагүй. Би хариугаа анх эерэг гарсныг хэнээс сонссон гээч. Цагдаагаас “чиний хариу эерэг гарсан юм шиг байна шүү” гэж хэлсэн. Нэг шөнө миний бие 02-03 цагийн орчимд гэнэт муудаж, бөөлжиж толгой эргээд байсан. Ногоон бүсээс өвчтөнүүд рүү очихын тулд баахан хамгаалалтын хувцас өмсдөг болохоор төвөг удаад яахав гээд тэсэх гэсэн боловч тэсч чадалгүй утсаар эмч дуудсан. Даралт эрс буурч эмнээс харшилсан байж магадгүй гэж эмч хэлж байсан.  Маргааш нь томографид харж, цээжний зураг авсан. Томографи руу явахад цагдаагийн хамгаалалтаар бүсэлж хүргэдэг. Цагдаа, тагнуул, эрүүгийн цагдаа, төмөр замын цагдаа, онцгой комиссынхон гээд гурван өдөр намайг шөнийн 23 цаг хүртэл байцааж хаагуур явсан, хэнтэй уулзсаныг асуусан. Иргэн Д-тэй холбогдуулчих асуулт тавьж, “Хар хархан” ч билүү тэр тоглолтыг үзсэн үү, караокед орсон уу гэхчлэн асуусан. Гэтэл тэр тоглолт нь болсон орой би 21 цаг хүртэл ажил дээрээ жилийн эцсийн тайлан гаргаж суусныг ажлынхан нотолж байсан. Би караокед огт ороогүй. Энэ мэтчлэн хэвлэлүүд худлаа мэдээлэл их тараасан. Таньд гэж хэлэхэд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүмүүсийг нууцлаарай гэж ямар нэг гарын үсэг зуруулаагүй, харин гараад ийм дэглэм барина шүү гэсэн зөвлөгөөтэй танилцуулж гарын үсэг зуруулсан. Надтай хамт хэвтэж эмчлүүлсэн ХӨСҮТ-ийн ариутгагч хэлэхдээ “Хэзээ ч бидний эмчилгээнд найман сая төгрөг зарцуулагдахгүй. Дээр нь эмнэлгээс өгч байгаа эмэнд хоолны өмнө, хойно гэсэн ямар ч зааварчилгаа хэлэх ч үгүй, үзүүлэх ч үгүй байсан. Эмч нар нь 2,5-4 сая гаруй төгрөгийн цалин авдаг. Дээр нь ХӨСҮТ-ийн дөрвөн давхар тэр чигтээ тагнуулын, цагдаагийн алба хаагчид, тархвар судлаач эмч нар ажиллаж байгаа гэж сонссон. Мөн биднийг тусгаарлах байр руу зөөсөн тээвэрлэлтийн зардал, автомашины шатахуун гэхчлэн ихэнх зардал нь үйл ажиллагааныхаа зардалд яваад байгаа болохоос өвчтөний хувьд томографид харахад хамгийн үнэтэйдээ 250 мянган төгрөг, эмүүдийн үнийг өндрөөр бодоход 100 гаруй мянган төгрөг, ерөнхийдөө ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээгээр нэг удаа хэлсэнчлэн нэг өвчтөнд 1 сая 900 мянган төгрөг зарцуулж байна гэсэн нь нийгмийн даатгалаас өгч байгаа нөхөн олговор зэргийг оруулбал дөхөж магадгүй.  Намайг ХӨСҮТ-өөс Яармагийн эмнэлэг рүү тусгаарлахад арав гаруй түргэний машинаар хүргэсэн. Яаралтай түргэн тусламжаар нийт 98 хүнийг ачаад авч явснаа Бөхийн өргөөний тэнд авчирснаа буцаагаад “Одоо та нар буу. УОК-ийн шийдвэр гараагүй байна” гээд буцаагаад ХӨСҮТ рүү зөөсөн. УОК, ЭМЯ хоорондоо уялдаа муутай байгааг эндээс маш тод харсан. Маргааш нь дахиад нөгөө арав гаруй түргэний машин ирчихсэн биднийг суулгаж аваад явсан. Хаашаа зөөж байгааг ч мэдээгүй, түргэний тэргээр 120 мянгатаас өнгөрөхөд нь л Яармагийн эмнэлэг рүү явж байгааг мэдсэн. Яармагийн эмнэлэгт халдвар хамгааллын дэглэм, ариун цэвэр нь арай илүү боломжийн байсан. Ингээд гарах боллоо. Цагаан хоолойгоор эхлээд Дархан, Эрдэнэтийнхэн, тэгээд Дорноговийнхон, хамгийн сүүлд хотынхан гарна. Шинжилгээ авахгүйгээр гаргана гэснээ яг гаргах болоход шинжилгээ авна гэхчлэн ажлын уялдаа огт байхгүй, ойлгомжгүй. Тэнд байгаа хүмүүсээс юм асуухаар бүгд мэдэхгүй гэдэг. Ингээд ХӨСҮТ-д 23, Яармагийн эмнэлэгт долоо хоносон. ХӨСҮТ-ийн орон дээр хэвтсэнээс хойш миний арьс маш их гуужсан. Тэгээд ХӨСҮТ-ийн ариутгагчаар ажилладаг эгчээс “Намайг эмнэлгээс гарахад миний хэрэглэж байсан хөнжил, гудас, дэрийг ариутгах уу” гэж асуухад “Үгүй, манайд тийм ариутгалын пункер байдаггүй” гэсэн. Би маш их гайхсан. Хамгийн гол нь цар тахлын энэ үед манай ЭМЯ, УОК бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Энэ цаг үед иргэн хүн хамгийн чухал нь дархлаагаа дэмжих, эмнэлэг тэр тусмаа ХӨСҮТ-ийг засварлан тохижуулах, ЭМЯ, НОК уялдаа холбоотой, үйл ажиллагаа нь ойлгомжтой байх, эмнэлгийн ажилтан болон ковидоор өвдсөн өвчтөнд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болмоор санагдсан. Бас ус буцалгагч өрөө бүрт байдаг хөнжил, гудас, дэрээ ариутгадаг болмоор юм байна лээ. Эрүүл мэндийн салбар ийм байдлаар цаашид ажиллаж болохгүй гэдэг үүднээс танд итгэж болсон явдлыг үнэн зөвөөр ярилаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=