Нүүрсний гэх хэрэгт холбогдсон хулгайн хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.
Шүүх хурлын эхэнд шүүгдэгч "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг Ерөнхий шүүгч Б.Халиунаас татгалзах хүсэлт гаргаж, улмаар уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, хүлээн авахаас татгалзав. Үүнтэй холбоотойгоор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Монгол Улсын хууль, шүүх засаглал хараат бус байх, тунгалаг байх зарчмыг л яриад байна. Өмнө нь хонгилын шүүгч нар гэж гарч ирсэн. Одоо барьцаалагдсан шүүгч нар гэдэг зүйл гарч ирээд байна. АТГ-аас лавлагаа бичиг аваач, барьцаалагдаагүй гэдгийг яаж мэдэх юм. Энэ нөхцөлд та бид хоёр адилхан болчихоод байна, шүүгч ээ. Гэтэл долуулаа нийлээд шийдчихлээ. Надад жижиг ч гэсэн итгэл хэрэгтэй байна. Тэр бичгийг харчих юм бол би үгээ хэлмээр байна. Тиймээс Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байна. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Намайг болон 11 хүнийг улс төрийн золиос болгочихлоо шүү дээ. Ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Энд итгэдэг ард түмэн гэж байхгүй. Би үгээ хэлмээр байна. Танд итгэмээр байна. Надтай халз найзалсаны төлөө Т.Аюурсайхан энд сууж байна. Тэр надтай найзалсан 76-г бүгдийг нь аваад ир. Энэ нүүрсний мөнгөөр санхүүждэг хэвлэлийнхэн гадаа байгаа. Энэ бүгдийг яримаар байна. Гэхдээ итгэдэг шүүгчдээ яримаар байна. Намайг жагсаалаар оруулж ирсэн. 68 хүн баригдсан шүү дээ. Одоо би гав ганцаараа байна. Намайг гаргах юм бол маш олон хүний зүрх зогсчих гээд байна. Намайг ингээд ярихаар маргаашнаас бүгд мэдээлэл хийнэ харж байгаарай. Хамгийн эхэнд дуугарсан нь хулгайч шүү. Яагаад намайг яриулахгүй, эндээс гаргахгүй байгаа юм. Тамгагүй төр гэж байдаг бол тамгатай төртэй үлдэх гэж байгаа жүжгийг чинь би мэдэж байна. Дээр нь, би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг хялбаршуулна гэж ярьсан, тийм зүйл байхгүй. Би уурхайчдаасаа нэг ч нүүрс хулгайлаагүй. Би үнэнчээрээ байсаар байгаад дуусна. Та нар намайг яаж ч ялласан би нэг ч хэрэг хүлээхгүй, хэрэг хийгээгүй болохоор тэр " гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.