ЯМААНЫ НООЛУУР ТЭНГЭРТ ХАДСАНААР МОНГОЛ САХАРЫН ЦӨЛ БОЛОХ НЬ


Ямааны ноолуурын үнэ энэ жил санаанд оромгүй өндөр үнээр эхэлжээ. Хөдөө аж ахуйн биржийнхэн энэ хаврын ноолуурын анхны арилжааг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд хийсэн бөгөөд агуулахаас 1202 кг ноолуурыг 114.2 сая төгрөгөөр ченжүүдэд худалджээ. Ингэснээр кг ноолуурын үнэ 95 мянган төгрөгт хүрч эхлэв. Ямааны ноолуурын ханш 2014 онд кг нь 85 мянган төгрөг давснаар “Хамгийн өндөр үнэд хүрлээ” гэж малчдын магнай тэнийж байсан удаа бий. Энэ жил түүнээс 10 мянган төгрөгөөр илүү үнэтэйгээр гарааны зурхайгаас хөдөлсөнд малчид бөөн баяр болоод байна. Манай ноолуурын зах зээлийн үнийг хятадууд тогтоодог болоод нэлээд хэдэн жил өнгөрлөө. Тэд хямд үнээр авч эхэлбэл малчид түүгээр нь л ноолуураа борлуулахаас өөр аргагүй. Харин энэ жилийн гарааны үнэ өндөр байгаа нь малчдад таатай мэдээ байх нь аргагүй. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн төвд кг нь 120, Өмнөдэлгэр суманд 100 мянган төгрөгт хүрсэн гэх мэдээлэл байна. Мөн Сүхбаатар аймагт кг ноолуур 92-94 мянган төгрөгөөр борлогдож байгаа аж.  Манай улс 2022 оны эцэст 31.5 сая ямаатай болсон. Энэ нь 2021 оныхоос хоёр саяар өссөн дүн юм. Ямааны тоо толгой өссөн тул малчид өмнөхөөсөө их ноолуур самнаж, зах зээлд нийлүүлэх нь ойлгомжтой. Монголын ноос, ноолуурын холбооныхон малчид энэ жил 8500-8700 тонн ноолуур худалдана гэсэн таамаг дэвшүүлээд байгаа ч зарим эх сурвалж 9000 тонн давсан ноолуур нийлүүлнэ гэж төсөөлж байна. Ноолуурын дундаж ханш 85 мянган төгрөгөөр тооцоход нийт 722.5 тэрбум төгрөг малчдын гарт очих тооцоо гарч байна. Ийм хэмжээний мөнгө Монголын эдийн засаг, тэр дундаа саармагжаад буй худалдаа, үйлчилгээний салбарыг идэвхжүүлэх чадалтай. Тодруулбал, малчид ихээхэн арилжаа наймаа хийж, худалдаа, үйлчилгээний салбарынхны орлого өсөх нөхцөл бүрдэнэ. Хэдийгээр өнгөн дээрээ  эдийн засгийн эргэлт сайжрах нь сайн ч гэлээ хэдэн жилийн алсаа харвал манай улсад ихээхэн хор хохирол дагуулна. Учир нь, Хятадын ЗГ-аас нутаг дэвсгэрийнхээ хойд хэсэг буюу манай улсын урд нутгаар хиллэдэг газар нутгийг ногоожуулах хөтөлбөр баталжээ. 2030 он гэхэд Өвөр Монголын өөртөө засах орны  ихэнх хэсэг, тэр дундаа элстэй, сул шороотой нутаг дэвсгэрт мод зүлэг тарих хөдөлгөөнийг өрнүүлжээ. Ингэснээр Монголоос ирдэг түйрэн буюу шар шороон шуургыг зогсоох арга, нөгөө талаасаа аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ийнхүү нутгийн хойд хэсгээ ногооруулж байгаа нь энэ аж. Өвөр Монголын Ордос аймагт Чингис хааны онгоны музейг нээсэн бөгөөд үүнийг үзэх гэсэн гадаад, дотоодын зочдыг хүлээн авахын тулд байгаль орчноо хүртэл дээд зэргээр анхаарч, ийнхүү ногоон бүс болгож байгаа юм. Харин ногоон бүс болгоход нэг хэцүү асуудалтай тулгарсан нь мал маллаж амьдардаг өмнөд монголчуудтай хэрхэн хэл амаа ололцох байлаа. Өвөрмонголын  ихэнх хүмүүс нь малаа дагаж амьдардаг, тэдний дийлэнх нь жилдээ олох ашиг орлогоо бодон ямаа голдуутай байжээ. Гэвч ямаа нь бэлчээрийг цөлжүүлдэг тул ямааны тоо толгойгоо цөөрүүлэх шаардлагыг малчдад тавьсан байна. Ингэхдээ нэг ямааг нь нэг мод тарихаар сольсон аж. Мөн нэг малчин айлыг дээд тал нь 50 ямаатай байхыг зөвшөөрч, гэхдээ ямаагаа бэлчээрт гаргахгүй,  багахан хэмжээний газар хуваарилж өгөөд зөвхөн түүн дотроо бэлчээхийг үүрэгджээ. Харин ямаагаа цөөлөх тусам тэдэнд засаг захиргаанаас нь мөнгөн урамшуулал олгож, нэг ямааныхаа оронд нэг мод тарьсан хүнд ч багагүй шагнал олгох болжээ. Ийнхүү өвөрмонголчууд ямаагаа хэт цөөлснөөс энэ жил манай малчдын ноолуур өндөр үнэ хүрсэн байна. Хэдхэн жилийн дараа Өвөрмонголын нутаг хараа булаасан онгон зэрлэг ногоон байгалиараа Швейцарьтай зэрэгцэж, хавь ойрын жуулчдыг соронзон адил татах аж. Гэтэл алсын хараагүй манай төр засгийн харалган бодлого, аминчхан үзэлтэй малчдын хувиа хичээсэн сэтгэлээс болж, ямааны тоо толгой ойрын жилүүдэд хэт өсч, бэлчээрийн ноцтой доройтолд орох шинжтэй. Хэдийгээр өнөөдөр малчид гар дээрээ хэдэн төгрөг илүү авах нь сайхан ч гэлээ хэдэн жилийн дараа өнөөх ямаагаа бэлчээх соргог өвсгүй, Сахарын цөл шиг элсэн дунд л амьдарч байх вий. Хятадууд дотор хүний ухаанаар монголчуудад хэдэн юань илүү харуулахад л өнөө тэнэг монголчууд нь ямаагаа зуу зуугаар өсгөнө гэдгийг тэд тун нарийн тооцоолжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=