Я.ЭРДЭНЭБИЛЭГ: Н.ТҮВШИНБАЯР СЭТГЭЛИЙН ШАНАЛЛЫН ТАМД ҮХЭХ ХҮРТЭЛ МИНЬ УНАГАЛАА ДАА


Булган аймгийн Могод сумын Асгатын голд хаваржиж буй малчин, Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат агсны аав Я.Эрдэнэбилэгийнд   манай сонины сурвалжлах баг очлоо. Асгатын голдоо адуугаа хурааж, хонио тэвээрүүлж буй хоёр хөгшин хүүгээ хэрцгий балмад алуурчин Н.Түвшинбаярын гарт алдсанаас хойш зүрхний  эм, даралтны эмээр хооллож,  өдөр хоногийг уй гашуу дунд өнгөрөөж байгаагаа нулимс дуслуулан хэлсэн юм. Биднийг очиход баганан дээрээ дусал тариа өлгөчихсөн, ширээн дээр нь  уут дүүрэн эм тариа хөглөрч байлаа. “Өглөө босоход, орой унтахад бүр илүүтэй хүү минь бодогддог доо, энэ амьдын тамаас үхэж байж л салах байх даа” хэмээн Я.Эрдэнэбилэг гуай санаа алдав.  Ярилцлагаа эхлэхийн өмнө түүний эхнэр Д.Алтанцэцэг   Я.Эрдэнэ­билэг гуайд хандаж “Наад цамцаа солиод дээл өмсөөч, зураг авахуулна шүү дээ” гэхэд “Өө яахав яахав, хүүгийн маань цамц байгаа юм” гээд чийгтсэн аньсагаа чимээгүйхэн шудрав. Ээж аавдаа ирж үнсүүлэхгүй эргэлт буцалтгүй бурханы орныг зорьсон хүүгийнхээ эдэлж хэрэглэж байсан хувцсыг нь өмсч,  санасан цөхөрсөн сэтгэлээ дэвтээж суугаа аав, ээж нь арга буюу ам нээхэд хүрчээ.  

-Сэтгэлийн уй гашууг чинь хөндөж буйд уучлаарай. Хүүгээсээ хойш хэцүүхэн байгааг  нүдээрээ харлаа. Тэгэхээр ярилцлагаа хүүгийнхээ гэгээн сайхан дурсамжаас эхэлье?

Я.Эрдэнэбилэг:-Хүү маань тэнгэрт хальснаас хойш бид хоёр ямар ч ярилцлага өгөөгүй. Гэвч сүүлийн үед элдэв яриа гарах болсноос үүдэж, энэхүү ярилцлагыг өгье гэж бодлоо. Би хүн болсоор хоёр дахь удаагаа ярилцлага өгч байна.  Хоёр жилийн өмнө манай нутгийн дүү Б.Гүнбилэг манайд ирж, хүүгийн маань барилдааны тухай сайхан ярилцаж байлаа.   Хүүгээ зэрлэг балмад хүний гарт алдсаныг нь ярихаасаа өмнө тэдний хэрхэн нөхөрлөж явсныг нь эхлээд ярих нь зүйтэй байх. Миний хүү Э.Энхбат болон Н.Түвшинбая¬р  нар  наймдугаар ангиа төгсөөд Булган аймгийн төвд  хамт сурсан.  Тэр үедээ хоёулаа бөхөөр явахаар шийдэж, аймгаасаа бөхийн сургуульд суралцаж, өдийг хүртэл хамт явсан. Хамтдаа арван жилийн сургуулиа төгсч, цугтаа бөхийн “Аварга” сургуулийг төгсч,  гадаад, дотоодод ч үргэлж хамтдаа явж байсан. Анх аймагт байхад нь “Авзага трейд”-ийн Мэндбаяр гуай хоёуланг нь гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн дээ. Хоёулаа цуг байр хөлслөөд, тогоо шанагыг нь түлээд хамтдаа хөөгдөж явсан хөгжилтэй түүх ч бий. Спортын гараагаа хүртэл хамтдаа эхлээд,  Н.Түвшинбаярыг олимпийн наадамд нь хүртэл бэлтгэл хангагчаар нь  явж, бүх л амжилтанд хүргэсэн дээ. Хүүхэд байхдаа хүртэл манайд ирж хамтдаа амраад, хожим эхнэр хүүхэдтэй болсон хойноо  ч эхнэр хүүхэд, ээж ааваа дагуулаад ирж байсан хүн шүү дээ.   Ижил дасал болтлоо л нөхөрлөсөн. Гэхдээ ийм аймшигтай  хэрэг хийх хүнтэй ижил дасал болтлоо нөхөрлөхдөө миний хүү яагаад мэдсэнгүй вэ. Яагаад өчнөөн олон жил болохдоо мэдээгүй юм бол. Хань түшиг болж явсан хүнээ ийм болгочихдог юм байна. 

Д.Алтанцэцэг:-Ижилдэн дасах дасахдаа энэ хоёроос илүү ингэж ижил дасал болсон хүмүүс байдаг ч юм уу үгүй ч юм уу.  

Я.Эрдэнэбилэг:-Мал хүртэл ижилсээд явдаг даа. Гэтэл 16 наснаасаа эхлээд 20 жил ижил дасал болтлоо нөхөрлөчихөөд эцэс сүүлд нь ингэж амийг нь хөнөөх ч гэж дээ. Хайр найргүй зэрлэгээр хөнөөсөн дөө, миний хүүг. Малыг хүртэл ингэж алахгүй дээ. 

-Муу мэдээ сонсоод тэр шөнөдөө та хоёр хот руу гарсан уу. Хүүг нь арай ч ийм болгочихсон гэж бодоогүй байх?

Я.Эрдэнэбилэг:-Хоорондоо л зодоон хийсэн юм байх, арай ч ийм болчихсон гэж бодоогүй очсон. Муу мэдээг сонсоод тэр дороо л хөдөлсөн. Хот ороод л ер нь төсөөлснөөс илүү хүнд байгаа юм байна гэж мэдсэн. 

Д.Алтанцэцэг:-Ерөөсөө л суудал дээр нь алчихсан юм билээ. Спортын хүн байсан болоод зүрх их сайтай хүн юм, тархи бол ямар ч найдваргүй шүү гэж эмч нар анхнаасаа хэлсэн. Зүрх нь ажиллаад байсан учир эм тариагаар тэжээгдээд байсан болохоос газар дээрээ л өнгөрсөн юм билээ. Тэр зодоон болсон гэх өрөөний бичлэгээс харахад үнэхээр аймшигтай. Цус нь олгойдоод таазаар нь нэг бялдчихсан байсан гэсэн. Хана руу толгойгоор нь авч шидсэн байгаа юм. Миний хүү толгойгоо л их хамгаалсан юм шиг байгаа юм. Гар нь бүр хэгз, хэгз цохигдсон.  Хоёр өвдөг нь бас улаан нялга болсон байсан. Ингэж зодож, амийг нь хөнөөнө гэж арай ч бодсонгүй явлаа.  

-Анхны тусламжийг оройтож үзүүлсэн нь үнэн үү?

-Эр улсууд зодолдохыг алийг тэр гэхэв. Зодсон даруйдаа ингэчихлээ, тэгчихлээ гээд эмнэлэг домнолгоор гүйж харайсан бол бид хоёр өнөөдөр ийм яриад суухгүй ээ. Зодсоныхоо дараа түргэн тусламж дуудах гэхэд  “Би эмчээ дуудна, байлгаж бай” гэсэн байгаа юм. Тэр дор нь эмнэлэгт авчирсан бол амьд сэрүүн байх ч байсан юм бил үү. Тэгсэн хэрнээ өөрөө эмнэлэгт очоод хэвтчихсэн байгаа юм. 

-Н.Түвшинбаяр та хоёртой уулзсан уу, уучлал гуйсан уу?

-Нэг ч удаа уулзаагүй, яриагүй, уучлал гуйгаагүй. Заримдаа харж л байсан. Ная гарсан хоёр хөгшинд нь ч хатуухан үг хэлээгүй дээ, бид хоёр. Н.Түвшинбаяр энэ хугацаанд хүний урманд уулзах нь байтугай утсаар яриагүй дээ.  Үнэхээр уучлал гуйгаад, хамтдаа гүйж явсан бол бид хоёр өнөөдөр арай өөрөөр л хандах байсан даа. 

-БНСУ-д эмчлүүлэхээр явахад нь эдгээд ирэх байх гэсэн найдлага байсан уу?

Д.Алтанцэцэг:-Солонгос эмч нар хүүг минь тамирчин, бие хаа сайтай тулдаа зүрх сайтай юм, түүнээс бус тархи нь аль хэдийнэ үхэжсэн шүү гэдгийг анх очиход нь хэлсэн. Толгой нь угаасаа битүү оёо байсан. Гар, хөл гээд бэртээгүй газар байхгүй. Толгой нь ч яс гээд байх юмгүй, бяцарсан байсан. Хүний уураг тархи чинь тараг шиг байдаг гэсэн. Ерөөсөө тэрийг нь тэр чигээр нь зайлаад хаячихсан. Тархийг сэргээх, эмчлэх ямар ч арга байхгүй байсан. Олон түмнийхээ буян, найз нөхдийнх нь тус дэмээр Солонгост очсон ч ямар ч найдлага байгаагүй. Их хэцүү байсан. Ерөөсөө хүний гарт, даавуун дээр л өргөгдөж байсан. Тархи нь үхэжсэн болохоор ямар ч өвдөлт мэдрэхгүй, ямар ч харьцаа байхгүй. Шуудай шиг шингэнүүдийг хэдэн арваар нь залгаад эмчилгээ хийсэн. Уушги нь устсан байсныг  Солонгост үнэхээр сайн эмчилгээ хийсэн, даанч аврахын арга байхгүй болчихсон байсан. Ердөө зүрхийг нь л ажиллуулж байсан.

Я.Эрдэнэбилэг:-Бид нар тэндээс нь Герман авч явъя гэж ярилцаж байсан. Хүүгийн ангийнх нь хүүхэд Германд эмч хийдэг.  Бид нар очих уу, яах уу гэсэн “Та нарт зардлын нэмэр, ямар ч найдваргүй болсон байна” гэж хэлсэн. Ерөөсөө л  тэр үедээ л миний хүүг алчихсан юм билээ. 

-Тархи толгой руу нь л зодож нүдсэнээс харахад санаатай үйлдэл ч юм шиг?

Д.Алтанцэцэг: -Ядаж хөл гарыг нь хугалаад орхичихгүй дээ, тархинд нь хүрэхгүй байж болоогүй юм байх даа. Болохгүй бол тэргэнцэр дээр ч болтугай суулгаад үр хүүхэддээ харагдаад явж байсан бол бид өнөөдөр гомдохгүй ээ. Хар багаасаа үерхэж нөхөрлөсөн найз нөхөртөө алуулна гэдэг хамгийн харамсалтай. Аль толгой руугаа цохиулсан хүн амьд сэрүүн явахыг тэр гэхэв.  Тэгэхэд бүр тархийг нь бяцартал зодсоноос болж ямар ч  мэдрэлгүй. Хөл гар нь зүгээр л сул, өөрийгөө хянах, биеэ мэдрэх ямар ч мэдрэл байхгүй. Эндээс Солонгост амьсгаатай төдий л очсон.  Сэргэвэл сэргэхээр л эмчилгээ хийсэн. Ямар ч арга байгаагүй дээ.  Тархины багана ясыг  айхтар гэмтээсэн.  Ухаан байсан бол хөл гар нь хөдлөхгүй, айхтар зовох байсан байх. Их ч зовсон доо, бүхэл бүтэн найман сарын турш  зөвхөн зүрх нь л ажилласан. Сүнс гэж байдаг бол сүнс нь ч гэсэн их л зовсон байх. Солонгос эмч нар нь “Танай Монголд байдаг бурхан, бөө гэсэн гайхамшгаар л босч ирдэггүй юм бол өөрөөр аврах ямар ч арга алга даа” гэж хэлсэн.  Эмч нар нь “Та сэтгэлээ бариарай, таны хүүгийн тархи нь үхэжсэн, юу ч мэдрэхгүй байгаа” гэсэн. Рентген зураг авахуулна, эм тариагаа хийлгэнэ, дандаа хүний гараар хийнэ. Хүү минь дотуураа их зовсон байх даа, хөөрхий. Найздаа тамлуулж алуулсан даа. Яваандаа ч би болохоо байлаа гэж мэдсэн. Ерөөсөө л нутгаа бараадъя гээд.../уйлав/

Онгоцоор хойд хаалгаар нь оруулсан. Гэтэл дийлэх хүн  байгаагүй. Өлгийтэй хүүхэд аятай гарыг нь хүлээд даавуунд ороогоод хүүгээ онгоц руу чирээд оруулж байсан. Яаж нэг хүү минь нутагтаа ирж байгаагаа мэдэж байгаа юм шиг амьсгаатай ирсэн юм.

Я.Эрдэнэбилэг:-Энэ дашрамд хэлэхэд, хүүг минь босоод ирэх байх гэж итгэж найдаж, эмчилгээнд нь тусалсан  монголчууддаа маш их баярласнаа илэрхийлье. Сүүлд тэнгэрт дэвшихэд нь хүртэл ямар олон хүн зул өргөж,  гашуудаж байгааг харж байлаа. Гашуудлыг минь хуваалцсан та бүхэндээ  талархаж байгаагаа хэлье ээ. Таньдаг мэддэг  байтугай танихгүй хүмүүс ч олноороо очиж, хоол цай дөхүүлж өгч, чадах чинээгээрээ тусалж байсан. Гадаадад байдаг монголчууд ч эмчилгээнд нь их тус болсон.

Д.Алтанцэцэг:-Миний хүү чинь өөрөө сэтгэл сайтай хүн байсан болохоор олонтой хүн байжээ.../уйлав/

Би чинь хүний хажууд уйлж унжаад яахав гээд хэлээ хазаад яваад байсан. Хүнээс хол очиж уйлна. Одоо хань ижил, үр хүүхдүүдийг нь бодохоор өрөвдөөд байх юм. Гурван нялх хүүхэд нь “Аав үхээгүй байсан ш дээ” гээд ярих юм. Аав тэгдэг байсан, ингэдэг байсан, тэр үед аав үхээгүй байсан гээд...../уйлав/ Миний хүү чинь сайн ханьтай учирсан.  Найз нөхөд ч олонтой. Зун болохоор ирж айраг цагаагаа ууж, “Таваар ууна шүү” гээд л бужигналдаад л... Тэр болгон нь одоо үгүйлэгдэх байх даа.

-Наадам дөхөж байгааг ч хэлэх үү?

-Хэлээд юүхэв. Олондоо нэртэй, сэтгэл сайтай хүн байсан болохоор фэйсбүүкээр хүүг минь их л дурсч бичих юм даа. Миний хүү нэг эмчилгээ аваад, хөл дээрээ босоод эргээд муудсан бол одоо яая гэхэв. Гэтэл тэр дороо л хүүг минь алсан.  Нэг хэсэг фэйсбүүкээр хүүг минь ухаан орсон, хөл дээрээ боссон гэх мэтээр худлаа их бичсэн. Зодуулснаасаа хойш нэг ч удаа ухаан ороогүй,  тэр үедээ л үхлүүт болтол зодсон байсан. Хүүгээ ухаан орох байх гэж бодоод хүүгийнхээ чихэнд “Миний хүү чинь тэр багшийн ангид сурдаг байлаа, тэгж барилддаг байлаа,  онц сурдаг байлаа, тэр барилдаанд түрүүлж байлаа” гэх мэтээр  их л ярьдаг байсан даа. Хөөрхий яаж сонсох вэ дээ, тархи нь үхэжчихсэн юм чинь. 

Я.Эрдэнэбилэг:-Уг нь тархи нь гэмтсэн ч гэсэн ингэж яриад байвал хүн ухаан ордог юм байна. Гэвч хөөрхий хүүгийн минь тархийг бяцартал зодсон, ерөөсөө л тархи нь ээдчихсэн байсан гэсэн. Түвшинбаярт гомдохын дээдээр гомдож байгаа. Нэг цохичихоод татаад авсан бол яая гэхсэн. Гар хөлийг нь хугалаад орхичихгүй яав даа. Санаатай гэдэг нь бүр мэдэгдэж байгаа юм. Миний хүүтэй хамт явсан Тулга ах нь гадаа нь хүлээж байсан. Зодоон болоод байна гэхээр нь ороод ирэхэд Н.Түвшинбаяр зөрсөн байгаа юм. Гэтэл тэр ахыг нь “Хэнийг хамгаалах гэж байгаа юм” гээд элэгдсэн байсан. Тулга тэр үед мэс засалд ороод удаагүй, бие нь тааруу явж байсан.  Хэд хоног өвдөж байгаад гайгүй болсон. Хэрвээ ухаангүй байсан бол  юу гэж тэгж явах вэ дээ. Ухаантай байсан болоод  хүн зодож байна шүү дээ. Тэгэхээр бүр санаатайгаар хүүг минь алсан гэж бодож байна. 

-Энэхүү балмад хэрэг Булган аймгийн ИХТ С.Гал-Эрдэнийн  ажлын өрөөнд болсон. Өнөөдрийг хүртэл С.Гал-Эрдэнэ болоод тухайн газарт байсан хүмүүс та бүхэнтэй уулзаж, уучлал гуйсан уу?

Д.Алтанцэцэг:-С.Гал-Эрдэнэ энэ бүхнийг зохион байгуулаад, өрөөндөө хоёуланг нь хаяж явдаг нь ч ямар учиртай юм.  Заримдаа ч  янз бүрээр л бодох юм. Хүүгийн маань гар хөлийг барьчихсан байсан юм болов уу, тэгээд болохоо байхаар нь гараад зугтаачихсан юм болов уу  ч гэж бодох юм.  Хоёр цагдаа байсан л гэх юм. 

С.Гал-Эрдэнэ болон ИТХ-ын дарга Эрдэнэбат нарын зүгээс уулзаа ч үгүй, уучлал  ч гуйгаагүй. Гандан дээр явж байхад тэнд бас явж байна гэж байсан. Гэхдээ ирж уулзаагүй. Эрдэнэбат болохоор хэвлэлээр аав ээжтэй нь холбоотой байгаа, уулзсан гэж худлаа ярьсан байсан. Бидэнтэй огт уулзаагүй, уучлал ч гуйгаагүй. Тэд миний хүүг хөнөөгөөгүй ч хажууд нь байсан юм бол ядаж хоёр цохилтыг нь ч гэсэн хамгаалсан бол арай ч ийм юм болохгүй байсан болов уу. 

-Шүүх хурал удаа дараа  хойшиллоо. Шүүгдэгчид ямар ял шийтгэл оноох бол гэж бодож байна?

Д.Алтанцэцэг: -Улсын шүүхдээ бид хоёр итгэж байгаа.  Шүүх шударгаар шийднэ гэдэгт итгэлтэй байна. Удаа дараа хойшилж байгаа нь учир шалтгаантай байх. Саяын шүүх хуралд бид хоёрыг оруулаагүй.  Ганцхан бэрийг маань оруулсан. Аав ээжийг нь яагаад оруулахгүй байгаа юм бол. Бид хоёр бол орох ёстой л гэж бодож байна.  Хүүг минь алъя гэж л алсан. Ямар ч хайр найр байхгүй. Өөрөө таван хүүхэдтэй хүн биз дээ. Өчнөөн сайхан гэр оронд сайхан ах эгч нартай орчинд өссөн, хөдөө малчин айлд хүн болсон байж яагаад ингэж хэрцгийгээр найзыгаа алав аа. Бид хоёр чинь өөрийнхөө хүүхэд шиг л хайрлаж ирсэн дээ. Медаль авахыг нь зурагтаар хараад  өөрийнхөө хүүхэд шиг баярлаж омогшдог байлаа. 


Я.Эрдэнэбилэг:-Монголын шүүх хуулийн ямар л дээд ял байна, түүнийг л оноох ёстой. Яасан гэж энэ хүнийг өрөвдөх юм. Урьд өмнө хүнийг ингэж зэрлэг балмад хэрцгийгээр  хөнөөж байсан түүхийг би лав мэдэхгүй юм байна. 

Д.Алтанцэцэг:-Хамт яваад осолдсон бол, хэн нэгнээ гэмтээсэн  байсан бол бид хоёр “гомдолгүй ээ” л гээд сууна. Хоёр гараараа алах гэж, хүн ойртуулахгүйгээр алсан хүнд өршөөл байх ёстой юм уу. Байхгүй байх л гэж бодож байна.

Я.Эрдэнэбилэг:-Цаазын ял байдаг сан бол цаазыг нь л өгмөөр байна. Энэ ял манай улсад байхгүй болсон учир одоо дараагийн ялыг нь л өгөх хэрэгтэй.  

-Н.Түвшинбаярын бүхий л ялалт, амжилт Э.Энхбаттай салшгүй холбоотой?

Я.Эрдэнэбилэг: -Олимпийн аварга, улсын заан болоход миний хүү нэлээд тус болсон доо.  Заан болоход нь миний хүү элэг бүсээ тайлчихаад нэлээд урвагардуу явж байсныг Монголын ард түмэн харсан даа.  5-ын даваанд Н.Түвшинбаяр амлаж авахад найзыгаа  өөд нь татах нь уу гэтэл  өөрөө гуйгаад зогсчихсон. Миний хүү шууд барилдалгүй элэг бүсээ тайлаад өгч байсан. Яасан ч хайр найргүй юм, миний хүү урвайгаад явж байгаа нь зурагтаар тод харагддаг даа. Бүхий  л цаг үе, амжилт ялалтанд л тусалж байсны хариуг амь насыг нь хөнөөж өглөө дөө.  Их л гомдолтой байна даа. Үр хүүхдээ алдахын хэцүү зовлонг өтөлсөн насандаа үзэх шиг зовлон байдаггүй юм байна. Шөнө ч нойр хүрэхгүй, өглөө ч нойр хүрэхгүй, их л хэцүү зовж байна.  Хоёр биеийгээ харж, “Яаж байгаа бол” гэж сэтгэл эмтрээд л сууж байна даа. Уйлаад, унжаад босоод ирэх биш. Алъя гэж алсан хүнийг хуулийн хариуцлагыг нь хүлээлгэх нь шударга ёсонд нийцэх байх. 

Тэргэнцэр дээр суумгай болгосон  байсан бол бид өнөөдөр гомдол нэхэхгүй ээ. Эр хүн нэг алдсан байна, найз нөхөртөө дэм болоод яваарай гэж хэлээд бид хоёр орхих байсан. Найзыгаа түрээд ч болтугай явж байгаарай, шорон оронгоор яахав гэж л хэлэх байсан. Сэтгэлийн шаналлын тамд үхэх хүртэл минь унагалаа даа, Н.Түвшинбаяр. Би хэзээ үхнэ, тэр цагт л энэ там дуусах байх даа. 

Д.Алтанцэцэг:-Юу ч дийлэхгүй, өөрийгөө Монголын хамгийн том хүн боллоо гэж  бодсон байх даа. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Хурц гуай өөрт нь хэлж л байсан байна лээ. Өдий хүртэл бид хоёр чимээгүй байлаа. Хууль шүүхийнхээ шийдвэрийг хүндэтгээд тохирох ялыг нь оноох байх гээд итгээд сууж байна. Өөр хүнд цохиулж, зодуулаад ийм болчихсон бол одоо яая гэхсэн. Ижил дасал болтлоо нөхөрлөсөн, бүх л цаг үе, амжилт ялалтандаа хамт явсан нөхрөө хөнөөсөнд үнэхээр их гомдолтой байна.  

-Хэрвээ Э.Энхбат начин өөрийнхөө спортын замналаар явсан бол өдийд Н.Түвшинбаярын дайны амжилт гаргах байсан байх?

Д.Алтанцэцэг:-Манай хүү ер нь их хэнэггүй, хүнд итгэмтгий, их зөөлөн  хүн. Бусдын төлөө л явсаар дууслаа даа.

Я.Эрдэнэбилэг:-Бид хоёр ер нь хүүхдүүдээ их зөөлөн, хүний төлөө хүмүүжүүлсэн. Одоо бодоход энэ маань алдаа байжээ. Ийм юм болно гэж мэдсэн бол жаахан танхайдуу, зэрлэгдүү өсгөдөг байж гэж өөртөө буруу өгч сууна. Хүнийг гомдоож болохгүй, нөхөрлөлдөө үнэнч, хүнээс гажуу буруу юм хийж болохгүй, найз нөхөдтэйгээ эвтэй, олонтойгоо явж байгаарай гэж захидаг байсан. Заримдаа ч “Яахаараа бид хоёрт ийм зүйл тохиолдов оо” гэж гол харлах юм. 


-Хэрвээ Н.Түвшинбаяртай уулзвал та хоёр юу асуумаар байна?

Д.Алтанцэцэг:-Анх хүүг минь архины шилээр цохисон гэдэг юм билээ. Гэлээ гээд тэр дор нь эмнэлэг рүү үүрч дүүрээд гүйсэн бол өнөөдөр бид хоёр гомдол нэхэхгүй л байсан. Гэтэл Н.Түвшинбаярт бид хоёртой уулзах цаг зав зөндөө байсан. Нэг ч удаа уучлал гуйгаагүй. Энд тэнд явж байна, тэгээд явж байна гээд сонсогдоод л байсан.  Танихгүй, мэдэхгүй биш  бид хоёр дээр хүрээд ирэх ч боломж байсан. Тэр үед бид хоёр хотод байсан. Бид хоёртой уулзах цаг зөндөө байсан даа. Н.Түвшинбаярыг хар багаасаа нөхөрлөж, өчнөөн  сайхан тэмцээн уралдаанд түшүүлж, түрүүлж явж байж амжилт гаргасан  найзыгаа ингээд алчихлаа гэж бодоод амьд яваад хэрэг байна уу гэж бодож байгаа болов уу, аль эсвэл арга чарга хэрэглээд ял шийтгэлээс гарчих юмсан гэж  боддог болов уу, яадаг бол. Юу бодож явдаг юм бол доо тэрийг л асуумаар байна. 

Ямар ч байсан бид хоёр энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэтэл эцсээ хүртэл явна. 

Э.Энхбат начны төрсөн дүү аймгийн манлай заан Э.Энх-Амгалан: Шүүх үүнд тохирсон ял шийтгэл онооно гэдэгт итгэж байна

-Талийгаач ахынхаа хэргийн талаар ямар бодолтой байна вэ?

-Энэ бол хоёр айлын маргаан биш, үүнийг Монголын бүх ард түмэн, гурван сая хүн мэдэж байгаа. Энэ хэрцгий хэрэгт хөнгөн ял шийтгэлээр шийдэх юм бол нударгаар бүхнийг шийдэж болдог юм байна, хүний амь насыг хөнөөж болдог юм байна, шүүхийг аргалж болдог юм байна, нэр алдартай, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст хууль тэгш бус ханддаг юм байна гэж бодох болно. Ахын минь амийг Түвшинбаяр санаатайгаар онц хэрцгий аргаар тамлан, зовоож хөнөөснийг хүн бүхэн мэдэж байгаа шүү дээ. Би лав урьд өмнө ийм аймшигтай хүн амины хэрэг дуулаагүй юм байна. Тэгэхээр энэ хэрэгт шүүх тохирсон ял шийтгэл онооно гэдэгт итгэж байна.





Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-03 18:08:14 IP : 148.60.92.227
temercheder!!! : Daanch haramsaltai ,Hyrz gyai tyyniig yag l (Saihan symiin Tybsenbayaraar )l baigaarai gej zahij baij dee!!!heniich ygiig abdaggyi herzgii alyyrchin baij dee....
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-04 16:38:28 IP : 103.212.117.215
Зочин : гарчиг нь аймаар юмаа. Ярилцлага өгөх хэрэг бсан юм уу даа?
Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-06 00:16:13 IP : 202.55.188.92
uu : ee huurhii. Tuvshinbayar gd hunii adag sug uilee edleg.