МОНГОЛ МОРИНЫ ТУХАЙ БАХАРХАЛТ ДУРСАМЖ



Герман улсад 1990 оны эхээр хөл тавьсан хоёр монгол залуугийн нэг нь хуучин “опель” машин худалдаж аваад Москва ороод тэндээс ачуулахаар болжээ. Беларусын Гродно боомтоор гарч, Минск хотод ирээд нэг жижиг дэн буудалд хоноглохоор болов. Гэтэл машинд нь бага зэрэг гэмтэл гарсан тул ойролцоох машин засварын газар очоод байтал том краз машин иржээ. Жолооч нь бууж ирээд монгол залуучуудын опель машиныг сонирхож байснаа хаанаас ирснийг нь асуугаад “Монголоос яваа” гэж сонсонгуутаа нүд нь сэргэж хаана буусныг нь асуугаад “та нартай ярих яриатай хүн дээ би” гэжээ. Орой нь жолооч эр нэг шил водка, даруулганы идэх юмтай буудалд нь ирээд монгол залуусыг ширээнд урьж яриагаа эхэлжээ. “Би Минскээс холгүй нэг тосгонд төрж өссөн. Дайны хөлд нэрвэгдсэн тосгон маань ядуувтар, манайх ч их ядуу айл байлаа. Тэр үед би жаахан хүү байсан. Нэг өдөр Тосгоны зөвлөл “дайны фронтоос ирсэн морьдыг айлуудад тарааж байгаа тул ирж морь ав!” гэж зар тараасан юм. Аав морь авахаар очтол дарга “Энэ бол монгол морь, бас Берлин хүрсэн юм шүү!” гэжээ.Тэр цагаас эхлэн монгол морь манай гэрийн гишүүн болж “Монгол” гэж нэрлэгдсэн. Монгол их чадалтай, урьд нь хоёр тоомсог морь хагалж бардагггүй талбайг ганцаараа анжис чирээд хагалчихдаг. Эцэж цуцахыг мэдэхгүй. Монгол маань хажуу хөрш айлуудын газрыг хагалж, аав маань шанд нь мөнгө авдаг байв. Ачаа сайн даадаг, дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоох ч үгүй ганцаараа чирээд явчихдаг. Өмнө нь тэр тэргэнд хоёр морь хөллөдөг байв. Монгол хашаанд байх дургүй, зад дайраад гарчихна, өөр морьдтой нэг жүчээнд хийвэл зодолдоод сүйд хийнэ, дураараа сул явах дуртай, ааваас өөр хүнийг ойртуулдаггүй байсан. Өөр хүнийг унагачихдаг байсан тул “нуруун дээр нь хэр удаан тогтох вэ” хэмээн мөрийцөж, аав маань нэлээд мөнгө хождог байлаа. Өвөл болохоор Монгол маань ууланд явж өвсөө олоод идчихнэ, идэш тэжээлд мөнгө зардаггүй. Манай тэр хавиар чоно элбэг байдаг ч Монгол маань чононд бариулахгүй харин ч нэг удаа залуу чонын толгойг зад тангарчихсан байсан гэж аав маань ярьсан. Тэгээд Монгол маань тосгонд их алдартай болж хүмүүсийн хүндлэл хүлээж аав ч мориороо бахархдаг байв. Өвөл болохоор Монгол маань цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг төрхтэй, их л сүртэй алхаж явдаг сан. Аав маань мориндоо их хайртай, “Монгол ирснээс хойш манай амьдрал өөдөлж чинээлэг айлын тоонд орсон” гэж ярихад ээж маань “энэ жижигхэн хар морь манай амьдралыг ивээх гэж явуулсан бурханы элч” гэдэг байлаа. Аав маань халамцуу үедээ “Ийм морийг сургаж хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан, мундаг хүмүүс байдаг байх даа, би даанч амьддаа монгол хүмүүстэй учрахгүй биз, та нар минь миний талархлыг заавал дамжуулдаг юм шүү” гэж ярьдаг байсан юм. Би хот руу сургуульд сурахаар явахад аав Монголоо хөллөн намайг хүргэж өгсөн. Хэдэн жил өнгөрч би Минскт амьдрахаар болсон. Нэгэн өдөр ааваас захиа автал “Монгол маань хөгшрөөд жүчээнээс гарахгүй байсаар зогсоогоороо үхсэн. Аав маань гашуудаж архи их уусаар байгаад Монголынхоо араас явсан даа, хөөрхий” гэж яриад кразны жолооч эр хэсэг дуугүй болов. Тэрбээр өврөөсөө хуучин фото зураг гаргаж ирээд “Ааваас минь үлдсэн ганц зураг” гэж үзүүлэхэд нэг хөгшин эр жижигхэн хар морины хамт авхуулсан зураг байв. Жолооч эр “За ингээд би аавын гэрээслэлийг биелүүлж Монгол хүнтэй уулзаж Монголынхоо тухай дуулгалаа” гэж хундага өргөөд “Монгол морины төлөө ууцгаая” гэж билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=