ЗӨВЛӨЛТ МОЛГИ-ОРОС ГАЦААНД ХУВИРААД ДЭЭРЭЛХЭВ


“Зөвлөлтийн тусламж Хятадын аюул” гэх амны уншлагаар өнгөрөгч зууныг бид үдсэн. Тэгвэл энэ зуунаас “хоёр хөршийн гацаа” гэх хэллэгт шилжсэн нь бас ч гэж дэвшил. Зөвлөлтийн тусламж Хятадын аюул аль аль нь арилжээ гэвэл “зөвлөлт тусламжийг арилсан гэв”, “хятад аюулыг арилсан гэв” гээд урьд бол цөлнө. Өдгөө зөвлөлтийн тусламж байтугай нөгөө агуу зөвлөлт минь алга. Хятад дэлхийн хоёр дахь эдийн засаг болжээ. Энэ хувиралтад хорсогч Цэдэнбалтан Монголоор дүүрэн. Тэдний уураа гаргаж, өшөөгөө авч дөнгөдөг-гарын доорх дайсан нь ардчилал гэж ангалзсан анхны хэд. Өөрчлөгдөхгүй юм хорвоод байх биш. Нүүдэлчид хүртэл ардчилагдаж, “зөвлөлтийн тусламж, хятадын аюул” гэх таринаа “хоёр хөршийн гацаа” гэж шинэчилжээ. “Оросууд гацаав” гэж бид шууд хэлж зүрхэлдэггүй. Айсандаа “хоёр хөрш гацаав” гэдэг ч айх тусам оросууд чангардаг нь гомдмоор. БНХАУ, АНУ-ын дээрэнгүй хавчлагын эсрэг ОХУ-ыг хань татах том эрх ашгаа чухалчлаад өчүүхэн бидний Оросын гацаасныг хоёр хөрш гацаав гэж Хятадыг үндэсгүй ижилсүүлдгийг тэвчдэг байх. Нөхөрлөл нялуурлаар бөхжихгүй үнэнээр гагнагдах учиртайг монголчууд эрхэмлэж “нялуунаас шулуун дээр” гэдэг. Коммунизм байтугай СССР ч үгүй хаягдсан Монгол мөнгөгүй хувхай. Социализмын намагт зоогдоод үлдэхэд хөтөлж явсан Орос гараас татсангүй гэж бид гомдоогүй. “Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гээд хүн төрөлхтнөөс зүүгдэхээр сарвалзав. Хоёр их гүрний завсар хашигдсан буурай бөглүү Монгол ардчилал, чөлөөт зах зээлд хөлөө зоримог тавив гээд барууны хөрөнгө оруулагчид Орос Хятадыг даваад үүд сөхлөө. Ашигт малтмалын үнэ өсөх мөчлөг азаар таарч, урд хөршийн хэрэглээ эрс ихэссэнээр ядуу бидний эдийн засаг сэргэж эхэлмэгц харамсалтай нь зөвлөлтийн тусламж гэх сүржин молги маань-орос гацаанд хувираад дээрэлхэв. Эрчим хүчний орос магнатууд БНХАУ-ын нэг тэрбум долларын урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээлээр барьж эхэлсэн Эгийн УЦС-ын санхүүжилтийг хаалгав. Аварга гангийн үйлдвэр бүхий Бугат манай коксжих нүүрсний ордоос өндөр уулан дээрээс бараг харагдах газар. Тийш нь уурхайн төмөр зам тавих гээд үзэж тарсан чинь ахын далд хатгаасаар 280 сая долларын овоолго шороотой хоцорч олон тэрбум долларын ашиг хаагдав. Тэглээ ч Орос гацааг бид ярих дургүй. Ярихдаа тулбал “хоёр хөрш гацаав” гэж Хятадыг заавал хамсруулж Орост бялдуучилдгаа боль гэх гээд би хулмаганаад байна. Энүүхэндээ шивгэнэхэд нэг нь хөгжүүлэхгүй гээд манай мега төслүүдийг гацаадаг бол, нөгөө нь “хамтдаа хожъё” гээд зээл олгодог. Төмөр замыг 10-20 жил оросууд гацааснаас яг үнэндээ монголчууд өөрсдөө гацаагаагүй. Орост хир халдаахгүйн тулд өргөн нарийн цариг гэж монголчууд хоорондоо маргалдаад төмөр замаа тавьдаггүй гэж нам засаг ард олондоо бүх бурууг тохдог. Хүлцэнгүй иргэдээ элэг барьж буй нь тэр. Мангуу онигооны цаана муу нэрт монголчуудын өрөвдөм зовлон оршдогийг бид өөрсдөө дэлхий дахинаас нуудаг. Энэ бол геноцидээс угшилтай эмгэг. Танк их буугаа ачаад орж ирнэ гэх онигоонд мань итгэж дөнгүүлсэн юм биш. Овор их нурмаг малтмал экспортлогч манайд дэлхийн стандарт нарийн цариг (сэлгүүлэх терминал хэрэггүй) ашигтайг ОХУ-д илэрхийлчих сачий Монгол төрд байдаггүй. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж томорч буй нь ийм учиртай. Архивд үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ бид “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд талцан маргадгаар дотоод гадаадад ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл ард түмнийхээ нүүрийг хулчгар төр засаг нь ингэж хөөддөг. Бүдүүлгээрээ дуудуулдаг монголчууд өргөн нарийн цариг гэж үнэндээ мангартаагүй. “Царигийн маргаанд орос ах огт хамаагүй. Дүнхүү бид л хоорондоо маргаад төмөр замаа тавьж чадсангүй” гэж өөртөө бурууг тохож, орос ахынхаа нэрийг цэвэрлэдэг юм. Шав тавих ёслол мега төслийн оршуулга болов. Хэчнээн ч нүхэнд хадаг цай булж, тэр тоолонгоор хэчнээн ч цахилгаан станцын төсөл унтрав даа. Сая таван зуун мянган кв. км нутгаасаа эрчим хүчний станц барих дов олсонгүй. Тууз хайчилж хуврагууд аргил шахмал хоолойгоор тарина хүнгэнүүлж, хадаг цай өдий төдий нүхэнд булсны зардал юу шалиа. Гагцхүү булсан шав болгоны төслийн нэгж гэгчид шургалсан хэсэг этгээд цадаа. Хонхорт булсан шав гэхэд л 20-иод саяыг залгисан сурагтай. Булсан шавнуудаа эргээд олох уу? 1964 оноос ярьсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг тендерт шалгарсан хятад компани 288 сая төсөвт өртгийг 17 саяар хямдруулж, 271 сая доллароор барих тохироонд 2021 оны 9-р сарын 17-нд хүрч, талууд гарын үсэг зурснаар зуун дамнасан төсөл 2022 оны 4-р сард хөдлөх болжээ. Овоо доо гээд баярлатал “даврах болоогүй” гэсэн шиг ОХУ шатахууныхаа гэрээт нийлүүлэлтийг гэнэт хааж цочоов. Мал өсөөд маханд очерлохоо больсон ч машиныхаа хоолонд очерлолоо. Социализмд сайдууд машин унадаг байсан бол хоосрол дагуулсан ардчилалд машинтай ядуус үржжээ. Явгарсан ядуус хоёр зээрдээрээ таваргахаас залхуурч ах нарынхаа өөдөөс аймшиггүйгээр “бензиний чинь үнийг валютаар төлчхөөд байхад гэрээгээ зөрчиж крантаа урьдчилж анхааруулалгүй хаав” гэж цоролзлоо. Маниусын үед ингэж даварвал алуулах байв. Тээр жил Ангела Меркель-Монголд хөрөнгө оруулахад хоёр бэрхшээл байдаг. Нэгд баялгийн ордууд нь олон зуун, бүр мянган км-ийн чанад дэд бүтэцгүй цөлд оршдог, хоёрт хөршөөс нь зөвшөөрөл авахгүй бол төсөл нь явдаггүй гэж телевизээр мэдэгдэж харагдсан. V ДЦС-д хөрөнгө оруулахаар солонгос франц япончууд хэдэн жил тэвчээртэй хүлээсний эцэст энэ төслийг Орос хэзээ ч зөвшөөрөхгүйг мэдээд буцсан. Цөхөрсөн биз. Төслийг гацаасан этгээдийг олох нэхэл ковидоор сөхөгдмөгц манай эрх баригчид “монголчуудаас болоод гаднын хөрөнгө оруулагч нар V станцын төслийг орхисон” гэж орос ахаа хаацайлав. Цахилгаан эх үүсвэрийн төсөл ёс мэт гацдаг. Тэсгим жаварт халаалт тасарч хөлдүүс болбол үнэ хэдээр нэмэгдэх тухай цэцэрхээд утгагүй. 40 хэм хүйтэрдэг нийслэлд амьдардгаа бид “сүх далайтал үхэр амар” гэгчээр хайхардаггүй. Насжилт хэтэрсэн станцууд унтрах, Орос экспортоо хаах-аль нь ч дайрсан 1,7 сая оршин суугчтай хот тэс хөлдөнө. Өвгөн станцууд оргил ачааллын үед бүх тэнхээгээ шавхаж, дээр нь Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах аюул хутганы ирэн дээр өвөлждөг. Эрчим хүчний доголдлыг арилгах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц байв! Багануурын станцыг “сүйрүүлэх хужаа төсөл” гээд юу ч биш болгосон. Багануурт станц баривал Хятад арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хужаа тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацсан. Энэ ухуулгын ил эзэн нь “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, үл үзэгдэх залуурч нь сайд Ц.Даваасүрэн байв. Өмнөд хөршөө үзэн ядагч сүргийн цөсийг хөөргөхөд тэнэг пиар чухам. Харанхуй тархи тоглоом болдгийн тод жишээ. Багануур ДЦС-ыг Ц.Даваасүрэн бус “олны шаардлагаар” төр засаг царцаав гэх ойлголт хар массын вакум толгойд үлдсэн. Ингэснээр орос олигархуудын цахилгаан манай руу саадгүй урсав. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квот дагуу хятад ажилчдын тоо хязгаартай. Ажилчдын 90 хувь монголчууд байна гээд гэрээгээр тохирчээ. Юун 5000 хужаа, юун Хятад арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой тул юун шатах аюул бэ? Монголд маш чухал төслийг гацаах цуурхлыг төр засаг огт хайхраагүй. Биеэ үгүйлдэггүй би бичиж зөнөгөө дуудуулж байлаа. Хамтдаа хожъё гэдэг хаяа хатгасан аугаа хэрэглэгч хөршөө өдөж хатгаад буруу харуулчихвал нүүрс хүдэр зэс маань борлохгүй бид л баларна. Дэлхийн хоёр дахь эдийн засагтай бөөр нийлэн айлсах учрал бол ховор боломж. Хятадгүйгээр Монголоо төсөөлөөд үз. Малтмалаа дэлхийн аль буланд ямар тээврээр яаж хүргэж, хэнд зарахаа бод. Нүүрс зэсийн орлогогүй болбол бид хэцүүднэ. Их Хятадын дэргэд мань өчүүхэн. Юм л бол хужаа гэж онголздог чинь бодлогогүй авир агаад айдас арилах яагаа ч үгүйг Путин харуулж буй цагт урд хөршөө өдөөд байвал ганцаардана шүү. Манай станцууд 40-өөс 50 жил ажилласан хөгшид юмсанж. Нас сүүдэр хоёр нугарсан станцуудын үхмэл цогцсуудыг авч хаяад орлуулах донор “эрхтэн”-үүдийг зөвхөн Оросоос авна. Энэ нь өндөр үнэтэй цахилгааныхаа араас сэлбэгээ шахах тулгалт. Ийм аргаар шулахын тулд мануусыг юмны учир олдоггүй дүнхүү, эрх ашгаа хамгаалах оюунгүй байдалд уяад, чадамж өндөр шинэ технологиор супер эх үүсвэр барихыг гацаадаг. Ахын заль ужиг агаад хорон хажир. Манай инженерүүд амбасын үеийн станцуудынхаа болохгүйг болгон монголчилж, тэсгим жаврыг давж яваа нь юутай их буян бэ. Хөлдөж үхэхээс аврагч та нарыг минь бурхан өршөөг. Багануурын станц нэг кВт цахилгааныг ОХУ-аас импортолж буй тарифаас хямдаар төвийн бүсэд нийлүүлнэ. Уурхайн хажуудах станц тээврийн зардлаа хэмнэнэ. Нас хэтэрч үжирсэн станцуудаа хальхуулаад сэхэхгүй. Багануурын станц ашиглалтад орсон бол цахилгаан дулаанаар доголдохгүй байлаа. Н.Тавинбэх сайдын яриа: “Багануурын ДЦС-ын гэрээ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхлээд явж байхад нь Монголын тал тодорхойгүй шалтгаанаар зогсоосон... Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон ч 2022 оны IV сард Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтийн асуудлыг ярилцъя” гэсэн... Нас хэтэрсэн станцуудаа байнга өндөр үнээр сэлбэж, хөрөнгөө дэмий үрдгийг больж, орчин үеийн станц барих манай төслүүд аварга саварт атгаастай. III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ цацагдав. Багануур станцын нийт өртгийн талаас илүү үнэтэй сэлбэг?! Гайхалтай. Мөн III ДЦС-ын элэгдсэн эд ангийг сэлбэх төслийг Оросын “Интер РАО-экспорт” компани гүйцэтгэхээр ТЭЗҮ-гээ ирүүлж, ОХУ-аас олгох өндөр хүүтэй зээлийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулна гэж хөөрцөглөв. Багануур-ДЦС алсарч үжирсэн станцуудаа өндөр үнээр сэлбэх дараалсан хагалбаруудын төлбөр, хулхи сэлбэгүүдийн үнэ, эрчим хүчний хэт өндөр өртөгтэй нийлээд хойшоо урсав. В.Путин Халх голын 85 жилийн ойгоор дуулиан шуугиантай Монголд зочлохдоо III ДЦС-ын засварт дээр дурдсан 655 сая доллар бус 1,4 тэрбум евро гаргахыг тулгаад улаан хивс дээгүүр салют буудуулан буцлаа. Эгийн УЦС. 40 жил гацсан станц. БНХАУ тэрбум долларын урт хугацааны нэн хөнгөлөлттэй зээл олгохоор болж, өндөр өртөгтэй эрчим хүч импортлох хэрээс хэтэрсэн хүнд ачаа хөнгөлөх нь гэж өмнөд хөршдөө бид баярлалгүй яах билээ. Эгийн гол урсдагаараа хэдэн жил урсаад л өртгөө нөхчих төсөл. Тэгтэл хайрт орос ах нар минь Эгийн УЦС Байгал нуурт хөнөөл учруулна гээд зогсоочхов. УЦС барихад аварга усан сан тогтоодог. Хиймэл нуур манай хуурайшлыг чийгшүүлж хур бороо элбэгшинэ. Ер нь УЦС гэж хэрэглээ талаас нь нэрлэдэг ч давхар өгөөж нь ус тогтоож нуур буй болгох юм. Монголын төв ба хойд бүсийн гол горхи бүгд Байгал нуурт цутгадаг. Усны зөвлөх инженер П.Бадамдорж ярихдаа: 1988 онд Сайд нарын зөвлөл, ХААЯ, УААЯ зэрэг газраас Хилийн усны хэлэлцээр боловсруулах ажлын хэсэгт намайг оруулсан юм. Гэтэл тэр баримт бичиг сураггүй болжээ. Яасан бэ гэвэл 1988 оны хэлэлцээрээс тэс өөр хэлэлцээр 1996-1997 онд хийчхэж. Хэн байгуулсан нь тогтоогддоггүй, гарын үсгийн тайлал байхгүй-энэ хэлэлцээрийг өдгөө оросууд бариад дайрдаг. Заалт нь: хил дамнасан гол мөрний асуудлыг ОХУ-аас асууж шийднэ гээд заачихсан. Гол мөрнийхөө усны 20 хувийг нутагтаа саатуулж, бүтээн байгуулалтдаа ашиглах эрх олон улсад үйлчилдэг. Үүнийг оросууд сайн мэдэж байгаа. Эгийн голд УЦС баривал Байгал нуурт хөнөөлтэй гэж ОХУ-ын гаргасан гомдлыг ЮНЕСКО-гийн Өвийн хорооны 39-р чуулганаар хэлэлцэж, Өвийн хорооны эрх бүхий гишүүн улсууд “Эгийн голын УЦС Байгал нуурт нөлөөлөхгүй нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон тул хөгжиж буй Монгол улсыг дэмжих нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлж байв. Эгийн гол төсөлд зөвлөхөөр Францын Трактебэл инженеринг (GDF Suez) компани ажиллав. Энэ компани эрчим хүчний салбарт дэлхийд гуравт жагсдаг. Уг компанийн судалгаанаас ганц дүгнэлтийг онцлоход “нөлөөлөл 1 хувиас доош бол огт нөлөөлөхгүй гэж тооцдог бол манай станц ашиглалтад орсноор Байгал нуурт 0,023 хувиар нөлөөлнө” гэсэн тооцоо гарчээ. Ураны төсөл. 3,5 сая зүдүү монголчуудыг өөд нь суга татах ураны төсөл мухар төмөр зам шигээ, эрчим хүчний эх үүсвэрүүд шигээ дашин шог болох таамаг сонсогдов. Гэхдээ гялс дашин шог болохгүй. Янз бүрийн хууралтаар сунжирч эрчим хүч экспортлогч гуай хугацаагаа сунгаж хожлоо нэмэхээр шунана. Орос эх сурвалж: Монгол улс Францын уран олборлодог Нигер биш. Канад Францыг Монголд уран олборлохыг ОХУ хэзээ ч зөвшөөрөхгүй. Ийм мөрүүд уншсанаа нэхэн санаад Францтай тохиролцож буй ерөнхийлөгчийн маань ураны төсөл явдаг л байгаа даа гэж эмзэглэв. ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко 12-р сард манайд морилоод Францтай хийж буй ураныхаа төслөөс татгалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын станц барьж өгье гэжээ. Ердөө ганц энэ хатгаас л ураны төслийг яг суулгана. Өөр шалтгаан хайх хэрэггүй. Зөнөг зохиолчид юу үнэртэв гэвэл “ураны төсөл монголчуудын зөрчилдөөнд унтарснаас оросууд оролцоогүй” гэх танил комбинаци ханхлав. Төслийг зүтгүүлсэн ерөнхийлөгч маань ганцаардах вий. Эрчим хүчний эх үүсвэр барихыг Орос зөвшөөрдөггүйг үхэж буй өвгөнөөс өөр түс тас хэлэх удирдагч манайд байдаггүй. Энд л бидний лоймол нуугдаж буй юм. Казахуудаас дутаж буй эх оронч бус бэртэгчин зангаа эндээс томруулдаг шилээр хай. Оросын барьж өгөх бага оврын АЦС хэдэн онд эрчим хүчээ түгээх бол? Тэр болтол ОХУ эрчим хүчээ манайд шахна. Лав 10 жил шахна. АЦС Эгийн УЦС-ын араас орно. Удах тусам хэт өндөр үнэтэй цахилгаан шахдаг оросуудад хожоотой. Казахстан ОХУ-тай ойлголцож ураныхаа өгөөжийг хүртээд сэхэв. Оросуудын улайм цайм гацаасан төслүүдийг манай эрх баригчид иргэддээ шууд хэлэхгүй тойруулж элдэв шалтаг тоочих нь “үнэнийг ухаарч болохгүй осолтой этгээдүүд нь ард түмэн нь юм байж” гэх ойлголт төрүүлдэг. Энэ доромжлолыг мэдрэмжгүй монголчууд гадарладаггүй. Улсаараа бууж өгдөг орос олигархуудын гацааг арилгах том санаа өвгөн би тээгээгүй. Тийм хүсэл миний насанд ахадна. Манай мега төслүүдийг орос олигархи-магнатууд гацаадгийг нууж, гацаагчид нь хоорондоо хэрэлддэг монголчууд гэж дэлхийд зарладгийг илчлэх гэсэн буурай билээ би. Гол төслүүд оросуудын дарамтад унтарч-ядуурахын дээр бас улсынхаа хөгжлийг чөдөрлөгч гэх муу нэр зүүсэн ард түмэн минь хөөрхий. Солиотой эр зориг зөнөсөн насанд минь надад амтагдав. Даварсан хийрхлээ дэврээж үзэхээр шийдлээ. Юу вэ гэвэл мега төслүүдээ 20-30 жил гацаасан оросуудаас айж тэднийг тойруулаад бурууг ядуу хүн амдаа нялзаалгүй шууд хэлэх зориг үхэхийн өмнөх агшинд төрдөг аж. Мега төслүүд далдаас гацаагч оросуудыг шууд зарлаад, гацаагаагүй атлаа гацаагч гэгдсэн ард түмнийхээ сэвтсэн нэрийг цэвэрлэе. Зөв үү? Манай удирдагч өндөр хөгжилтэй барууны хүчирхэг гүрэнд айлчилж, гар барьж, тэврэлдэж, гэргийтэйгээ ёслолын хүндэт харуулын өмнүүр алхах-үзээгүй юмаа үзэж буй нь тэр. Тийм завшаан манай удирдагчдад Кремль олгож байгаагүй. Ёс зүй, соёлоор тэргүүлэгч гүрэнтэй зээ зүү болсон амандаа хүр. Дараа нь орос сайдын өмнө чичрээд үзэглэсэн гэрээнээсээ буцах ертөнцийн шившиг. Монгол хүн дахиад уулзах нүүр халуун гэдэг. Дахиад сонгогдохгүй, дахиад уулзахгүй ч хайран эх орон-Монголын минь нэр төр үүрд сэвтэнэ. Өргөн цариг тавихыг ямар түвшинд шийдлээ? Мэдээж УИХ. Зүүнбаян, Гашуун сухайт, Ханги гурван чиглэлд өргөн цариг тавьсан 76 гишүүний кноп-танк их бууны аюул “бодиттойд” итгэдгээ гадаад дотоодод нотлов. Яагаад гэвэл нарийн царигаар Хятадын төмөр замтай шууд холбох боломж байсаар атал сэлгүүлэн ачих терминалд асар их хөрөнгө, үнэт цаг хугацаагаа зориуд дэмий үрээд зогссонгүй, галт тэрэгний урт урт цуваагаар саясая тонн эрдсээ хил хамгийн хямдаар шууд давуулах ховор боломжоо 10-20 жил алдах өөр шалтгаан байгаагүй юм чинь даян дэлхий тэгж ойлгохоос яах билээ. Юутай ч 12 жил гацсан галт тэрэг эцсийн эцэст зэрэглээт говиор нэг удаа туршилтаар жирэлзэв. Таван толгойд туг далбаа дарцаглан хөгжим нижигнэж дарс ханхаллаа. Жилд 70 сая тонн нүүрс экспортолно гэж ерөнхийлөгч хөөрцөглөв. Дагаад хөөрчих гэсэн чинь хилийн боомтоос 10 км-ийн наана өргөн царигтай төмөр зам маань мухардаж, галт тэрэгний цуваа нүүрсээ эзгүй хээр асгаад цааш машинаар зөөх гэнэ. “Ашиглалтад оруулав” гэж сүржигнэсэн төмөр замаараа нүүрсээ илчит тэрэгний цуваагаар хил давуултал хэдэн жил хүлээх ойрхон заль илэрлээ. Тэрбумын өртөгтэй терминал барьж уусгах дарамт дараагийн төр засгийн нурууг хотойлгоно. Энэ бол бодлогын залгамж чанараа нулимдаг 76 хоноцын гай. Өргөн цариг тавьсанд танк их буунаас өөр шалтгаан байгаагүй. УИХ сэлгүүлэх терминалд хомс төсвөө өм цөм хоослохыг тоогоогүй нь танк их буунаас айсан бус орос ахаа зуйрчээ. Царигаа дэлхийн стандартаар тавьсан бол Гашуун сухайт, Шивээ хүрэн, Хангийн терминалуудыг барих тэр их хөрөнгийг ядуус хүртэх байв. Амин чухал наад захын хэрэгцээнд төсөв хүрэхгүй хүн ам өлөн зэлэм ядаж байхад яагаад маш их давхар давхар үрлэг бүхий терминал шаардлагатай өргөн цариг тавив гэхэд “танк их буунаас айгаад” гэх үү. Өөр хариулт байна уу? Байвал хэлээч УИХ-аа. “Сэлгүүлэн ачих буулгахад дурлаад” гэлтэй ч биш, “мөнгөө хоосон үрмээр санагдаад” гэхэд хэн ч итгэхгүй. Яагаад нарийн цариг тавиагүй вэ гэвэл танк их буу ороод ирнэ хэмээх Женкогийн онолоор УИХ олон тэрбумын терминал шаардах өргөн цариг тавьжээ гэх хариу гардаг. Ингэж шатаах өргөн цариг сонгосон нь хулчгарынх уу тэнэгийнх үү? Эсвэл баяжих шунал уу? Уг нь нүүрсээ галт тэрэгний цуваагаар хил давуулж валют болгож байж л тугаа мандуулж, хөгжмөө нижигнүүлж, дарсаа ханхлуулмаар. “Экспортын төмөр замаа 10 гаруй жил гацаасны гайгаар 80 их наядын ашиг алдсанаа экс ерөнхийлөгч Х.Баттулгаас нэхэмжлэх учиртай” гэж Засаг мэдэгдсэн ч монголчууд Украйны нацистуудыг зүхэж В,Путиныг өмөөрөөд 80 их наядын хохирлоо тоогоогүй. Та бидний сонгосон 76 түшээ дэлхийн стандартын царигтай холбогдох боломжгүй өргөн царигтай төмөр зам тавьснаар урд хилийн наана манай мухар замын төгсгөлүүд элсэнд булагдаж буй. Гол буруутан Х.Баттулга бус УИХ-ын 76. Нарийн цариг тавьсан бол БНХАУ танк их буугаа ачиж ирээд эзэлнэ гэдэгт УИХ далдуур итгэдэг аж. Итгэдгээ өргөн цариг тавьснаар зарлачихлаа-даян дэлхийд. Хэн хэндээ хожоотой найрсаг айлсъя гэдэг БНХАУ энэ даварсан өдөлтийг нэвт дүгнэж буй. Хятад Орос шиг довтлохгүй. Тэд даруу. Манай чулуу шороог авахгүй болчихвол бид хэцүүднэ. Орос магнатууд үүнийг хүсэж буй. 10-20 жилийн өмнөөс нүүрсээ төмөр замаар зөөсөн бол монголчууд өдгөө чинээлэг амьдарч буй. Улаан орос & ах нар. Улаан орос чинь ах нар юм уу, ах нар маань улаан орос юм уу. Дээгүүрээ “орос ах” гэж бөхөлздөг ч доогуураа (жишээ нь манай Гашууны голынхон) “улаан орос” л гэдэг. Мах бэлтгэлд хамж тушаадаг иргэ сэрх шар агтаа “улаан оросын хоол” гэнэ. Ноос ноолуур арьс шир хөөвөр хялгас сүүнийхээ ногдлыг гүйцээж чадахгүй шүүхээс дуудагдвал “улаан орос чинь яасан ханаж цаддаггүй мангас вэ” гэж гэртээ томорно. Намын гишүүн-матаач новшийн дэргэд бол цуурна гэж хол. Гэнэдүүлэхээр өдвөл юу гэдэг гээч: хар шар феодал, эсэргүү, японы тагнуулыг орос ах нар минь дарж өгөөгүй бол дорой бид ингээд социализмд жаргаж суухгүй сөнөсөн гээд уйлагнана. Дургүй хүрэм бялдуучид цөм ардын дайсны удам угсаа. Улаан оросын “ал” гэснийг Чойбалсан “үгүй” гэвэл А.Амар, П.Гэндэн нар шиг буудуулна. Ю.Цэдэнбал айхдаа орос хүүхэнтэй гэрлээд зогссонгүй, хүргэн биеэ өөлсөн нөхдөө “Найрамдал-дружбад цав суулгалаа”, “Хятадын талыг баримтлав” гэж цөлдөг ял зохиож хэрэгжүүлэв. Тэгээгүй бол өөрөө түнтийнэ. Тоглоомын этгээд түүний үед оросод үг хэлэх огторгуйд шороо цацах ижил болсон. Бал дарга гоц суутдаа монголчуудыг атгасан бус түүний ард Кремлийн үл үзэгдэгч цустай урт гар зэхээтэй. Кремлийн тавиул-түүнээс айсан алба хаагчид цөм улаан оросод хир халдаахгүйг онцгой чармайна. Одоо ч чармайдаг. Бид орос ахаа өмөөрдөг сонор сэрэмжээрээ хоорондоо уралдаж, хэлмэгдлийн эсрэг дархлаагаа хөгжүүлж явлаа. Улаан орос гэгч хэн бэ? Ленин! Тэр-суут болъщевик агаад улаантны загалмайлсан эцэг. Түүхэн хөндүүр хөндөгч хэн бэ? В.Путин! Тэр-ХХI зууны эзлэн түрэмгийлэгч, хөршүүдийнхээ хөгжлийг гацаагч. Ташуураас өөр зэвсэггүй нүүдэлчин малчид болъщевик улаантанд ичгүүргүй бялдуучлаад хүйс тэмтрүүлээгүй. Долигносныхоо хүчинд юутай ч голомтоо самруулаагүй нь овоо шүү. Дааж давшгүй алдагдалд унагах оросуудын тулгалтыг “үгүй” гэж түс тас зөрж зүрхэлдэггүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт харагдавч түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжинд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал цаашаа А.Амар, П.Гэндэн гээд С.Данзан Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань эмгэнэл бичээтэй байгаа. Зөрвөл толгойгүй болж байсан ХХ зууны гамшиг улирсан эсэх бүрхэг. Ардчилагчдын зүрхэнд шар ус хуруулахаар С.Зоригийг хөнөөсөн гэх хардлагыг би бүрэн үгүйсгэж чаддаггүй зохиолч. Одоо тэгээд яах вэ. ХХI зуунд дахин ичгүүргүй бялдуучлах уу? Үгүй шүү! Эх орныхоо амин чухал эрх ашгаас яав ч хазайхгүйгээ оросуудад 3,5 саяул шийдмэг нотолж, муусайн удирдагчаа эрвийх дэрвийхээрээ түшье! Тэд хүн амаа чинээлэг аж төрүүлэхийн төлөө жинхэнээсээ тархиа ширгэтэл чөмгөө дундартал зүтгэг. Ерөнхийлөгчийнхөө санаачилгуудыг дуугарах дуу, тугтрах хүчээ нийлүүлж дэмжье. Нефтээ нэрж-өндөр үнэтэй шатахуунаар айлын царай харж холгуулдгаа цэглэе. УЦС, ДЦС-аа урд хөршийнхөө хөрөнгө оруулалтаар эргэж хургалгүй ашиглалтад даруй оруулж, уранаа газрын гүнд уусган баяжуулах аюул багатай технологиор олборлон мөнгөжье. Тэрбум модны ногоон шугуй униартан, гол мөрний ай саваар усан сангууд цэлэлзэн хур бороо элбэгшиж, тариа ногоо дэлгэрч, органик хүнс лангуу дүүрэн бялхаг. Элийрсэн зөнөг зохиолчийн дэврүү хүсэл биелнэ-харж бай. Ирээдүйгээ ийнхүү өөдрөгөөр төсөөлөн баястал Кремлийн үзэл сурталч нэгэн Россия-1 телевизээр хачин юм ярьж балмагдуулав. Украинд оросууд өөрсдөө тулалдаж эрсдэхгүй. Хойд солонгос, монголчууд оросуудын өмнөөс украинчуудтай байлдвал таарна гэж шижээргүйтэхэд эртний нэг явдал санаанд оров. 1966 оны өвөл II улирлаар би шалгалтаа бузгай өгснөөр гадаад декан Москвагийн ойролцоохь амралтад 10 хонох эрхийн бичгээрээ шагнав. Подольска гэх амралтад би янз бүрийн зүсний оюутны дунд орчхов. Патрис Лумумбагийн нэрэмжит дээд сургуульд Ази, Африк, Латин америкийн хөгжилдөж бүжиглэсэн өнгөт ба хар арьст оюутнууд суралцдаг бөгөөд тэд орос багш нараар коммунист онол заалгаад нутагтаа очиж хувьсгал хийх юм гэнэ. Орон оронд хувьсгал мандсанаар социалист лагерийн орны тоо олширч дэлхий нилдээ улаан болно гэх суртал намайг хар нялхаас эзэмдэж буй. Намайг сургуулиасаа ганцаараа ирсэн гээд нэг хүний жижиг өрөө өглөө. Тэнд надтай нэг орос оюутан дотносоод бүр жигтэйхэн. Энэ олон гадаад оюутан дундаас ганц монгол намайг ингэж онцолж буй нь оросууд монголд арай л дотно юм даа гэж би баярлалгүй яахав. Тэр орос маань найз бүсгүйтэйгээ амарч буй юмсанж. Мань оросыг нэг хартай хоёр хүний өрөөнд хуваарилсан аж. Тэр надаас өрөөгөө сольё гэж гуйлаа. Ганц хүний өрөөнд тухтай нь мэдээж. Дотроо дургүй ч орос ах минь гуйж байгаа юм чинь яаж зөрөх билээ. Би түүний өрөөний хараас “яахав” гэж асуулаа. Хар залуу шууд дургүйцсэнгүй. Гэхдээ янзгүй царайлаад дуугарсангүй. Муу хар негр хоцрогдсон бүдүүлэг монголтой нэг өрөөнд орохоос сэжиглээд байна уу гэж миний шар гозойв. Тэгтэл нөгөө орос амин чухал хэргээ бүтээх гэж шургуутаж, (хайр сэтгэл гэж мөн ч золиг шүү) намайг нөгөө ирээдүйн коммунист-хувьсгалч негрт магтаж гарлаа. Орос Монгол ган бат найрамдалтай л гэнэ. Монгол феодализмээс капитализмыг алгасан хөгжиж яваа дэлхийн ганц орон л гэнэ. Нөгөө харыг чи энэ монголтой нэг өрөөнд орвол хувьсгал яаж хийж, капитализмыг хэрхэн харайхыг заалгах болно гэж томоогүй хүүхдийн зангаар намайг зүйл бүрээр магтлаа. Харыг зөвшөөрвөл би шинэ орос найздаа нэг хүний тасалгаагаа суллаж, найз бүсгүйтэй нь жаргуулдаг ч юм билүү гэж уярав. Миний уярлыг анзаарч горьдлого төрсөн орос хүч нэмэхээр “Монгол капитализмыг байтугай социализмыг хийгүй харайж коммунизмд орох хувьсгалч улс” гэж сүржгэнэтэл нөгөө хар учиргүй уурлаж, “Та нар яахаараа энэ муусайн монголчуудыг ингэж доромжилж байдаг юм бэ. Та нар биднийг бас монголчууд шиг дарлах санаатай юу? Горьдсоны гарз мэдэв үү?” гэж хашгираад, намайг “Та нар энэ муусайн оросуудад яахаараа ингэж чадуулж байдаг улс вэ? Наад оросуудад чинь чадах юм юу ч байхгүйг ойлго. Мэдэв үү? Монгол залуу минь чи наад муу оросдоо салаавч үзүүл” гэв. Би орос оюутны өмнө ямар ч буруугүй атлаа хар негрийн өмнөөс орос ахаасаа айсны дээр, нөгөө муу харын өөдөөс юу ч хэлж чадахгүй болсон оюутан ч гэлээ орос ахаа хараад өмөөрмөөр санагдлаа. Тэр муу хар нутагтаа очоод орос багш нарын зааснаар хувьсгал хийх нь юу л бол гэж эргэлзэв. Онгироо харын царайд ЗХУ-д сурч байна гэж монголчууд-бидэн шиг биширсэн шинж огт алга. Орос залуу бүсгүй хоёрт нэг өрөөнд хоёулхнаа ноололдох хүсэл их байгаа нь андашгүй. Тийм хүсэл байлгүй ч яахав. Орос ах маань сүүлдээ над руу найз охиноо явуулжээ. Бүсгүй надаас хар арьстан залууг ятгаад өрөөнд нь орчих гэж гуйлаа. Эмэгтэй хүний гуйлтаас татгалзах хэцүү. Би нөгөө негрийг панаалдаад өрөөнд нь оръё гэж гуйвал нөгөө шаар чинь хурц ширүүн том алаг нүдэндээ хүйтэн хилэн үсчүүлээд “Үхээнц лоймол та нар оросуудад доромжлуулж явахдаа таарсан малууд” гэж загнаад өрөөнөөсөө намайг чирч гаргадаг байгаа. Амрах арав хоног дундаасаа хэтэрч, орос ах тэсэхээ болиод сүүлдээ надад гомдоод “Чи ерөөсөө тэр муу социалист лагерийн биш негрийн талд ороод зөвлөлт андыгаа дэмжсэнгүй. Бид та нарт яаж тусалдаг билээ” гээд намайг хананд шахаад элэгдэж байтал нөгөө негр мэдээд найз хартайгаа элбээд орос ахыг минь нүдэж орхив. Орос ах маань негрээс хариугаа авах гэсэнгүй муугаар нь монгол-намайг зодох гэж ээрүүлдээд салдаггүй. Би хэд хоног хар арьстан оюутныг гарсан ч орсон ч дагасаар арай гэж шагналынхаа амралтыг мэнд барж билээ. Орос ахтайгаа зодолдохоос яагаад хулчийв гэвэл би зодолдох дүйгүй амьтан. Тэгээд ч гол нь орос ахтайгаа зодолдсон монгол оюутан, зөв буруугаас үл хамаарч өчиггүй хөөгддөг байв. Тийм жишигтэйг оюутан-бид андахгүй. Мөн ээж минь “ухаантай хүн аймхай байдаг” гэж сургасан бол аав минь намайг Москвад суралцахаар явахад “орос хүн өөрөө үхэхээс ч айдаггүй, хүн алахаас ч айдаггүй юм гэнэ лээ шүү” гэж захив. Орос хэл огт мэдэхгүй, орос хүнтэй нөхөрлөх байтугай үг сольж үзээгүй аавын үеийнхний дунд ийм яриа дэлгэрсэн нь гайхалтай. Айснаа дурсахаас би нэрэлхсэнгүй. Бүгд л айдаг. Ардчиллын үед ч айдас арилсангүй. Ардчиллын үед ч айдас арилсангүй. Унан байж морио, ханилан байж нөхрөө таньдаг*. * “Дэлхий даахгүй баян” номоос түүвэрлэв.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=