ДЭН ДУН МОНГОЛ АРДЧИЛАЛ



“Тоншуул” ганцхан ажил эрхэлдэг байв. Тэр нь дутагдал засах. Харамсалтай нь засаж чадсан дутагдал бараг байхгүй байх. Хүний мууг арилгах хэцүү юм билээ. Тэр ч бүү хэл би өөрийнхөө мууг ч холтолж шалилгүй насыг элээх шив. Монголчууд ардчилал зах зээлд орсноор хүн биш болчихсон юм биш. Социализмд ч “Тоншуул”-ын хэдэд ахадсан гажиг тоймгүй байв. “Тоншуул”-ын хэд гэгчид нь шог хошин гэх марзан юм бичих зурахаас цаашгүй-хэн ч тоодоггүй таван барлаг. Дотроо бол түүхэнд үлдэх том уран бүтээлчид. Цайлган инээд хоолойд тулсан хөнгөмсөг насандаа голдуу хошин юм бичжээ. Насжих тусам инээд холдож, өөрөөр хэлбэл хошин мэдрэмж уугисаар унтардаг болтой. Намайг нам засгийг магтаж амьдарчихаад одоо шинэ үеийнхэнд долигонож өнгөрснөө мууллаа гэж давшилдаг комментч цөөнгүй. Би магтаж яваагүй. Социализмыг гоёчилсон увайгүй магтаал-ухуулгаас бултаж, шог хошин төрлөөр бичсэн этгээд. Хэдэн халтар цаасанд болж байгаа ч гэх шиг өчүүхэн юм жиргэдэг. Эдүгээ мөнгөний нөлөөнд автахгүй бичихэд тэтгэвэр минь хүрдэг. Энэ нь их тэтгэвэртэй гэсэн үг биш. Настай хүнд юу ч орохоо больдог юм байна. 

Тийм л зоригтой зохиолч юм бол тэр үед нь шүүмжлээд Чойном шиг хэлмэгдэх чинь яасан юм бэ гэж ам асууна. Би Чойном шиг зориглоогүй хулчгар. Хад мөргөж үхэхээс айсан юм. Тэглээ ч үзлээсээ урвасан нэг ч өгүүлбэр миний бичвэрүүдэд байхгүйг хэлье. Миний ботиудаас магадлаарай. Монгол хүнээс аль ч нийгэмд салаагүй залхуу, залхаг, хуулиа сахидаггүй, худалч, хулгайч, эв түнжингүй, матаач зан хөгжил чөдөрлөж буйг “Тоншуул”-д олон жил ажиллахаар хурц мэдэрдэг юм билээ. Бүр хөндүүр үүсэж сүрхий эмзэглэнэ гээч. Тэглээ ч аймхай би гашуун үгнийхээ тунг тааруулж, эрсдэлээс сэрэмжилж явав. Чойном шиг шоронд орж эрхээ хасуулж амиа алдсанаас ингэсэн нь арай ахиуг бичнэ биз дээ. Надад тийм тооцоо байв. Миний роман, тууж, өгүүллэгээс өнгөрөгч нийгэмд биеэ хэрхэн авч явсан минь төсөөлөгдөнө буй зээ. Коммунизм байгуулахад саад бологчдыг Лениний онолоор хүмүүжүүлэх хөтөлбөртэй байлдагч армийнх нь орон тоог “Тоншуул”-ын тав нэмнэ. “Тоншуул”-ын захиалга зуу гаруй мянгад хүрч МАХН-ын санхүүд жилд 500 мянган төгрөг оруулж, бид тав захиалагчдын мөнгөөр буюу нүгэлгүй орлогоор гэдсээ тэжээснээ дурсахад таатай. Захиалга өссөн нь бидний сайных бус. Социализмыг гоёчилсон бүх сонины 70 жилийн бялдууч магтаалд залхсан уншигчид нийгмийн ялзралыг гагцхүү шударга шүүмжлэл эмчилнэ гэж 80-аад оноос горьдоход хүрсэн билээ. Шүүмжилдэг ганц хэвлэл нь “Тоншуул” учраас захиалга өссөн юм. Нам эвлэл үйлдвэрчин пионерийн гишүүд “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр”, “Пионерийн үнэн” сониноо албадлагаар захиалдаг бол “Тоншуул”-ыг сонирхлоороо захина.

Улс болгонд шог зохиолч гэх гажиг этгээд түүхэнд тасраагүй бөгөөд тэд ихэс дээдэст ад үзэгдэж амь зуудаг. Монголд ч тийм байна. Шог зохиолч-нийгмийн бохирын слесарь хүн. Даажинтай хувь заяандаа шог зохиолч гомдох илүү зан л даа. Яагаад гэвэл хорвоод тийм азгүй нэгэн төрөх ёстой агаад тэр тавилан надад оногджээ. Хувийн өмч устаж нийгмийн өмч ноёлмогц угийн залхуу монголчууд биеэ дайчилж чармайхаа цэглээд, лазганах залиар намынхаа онолоос илүүрхэв.  элгүй, амины гэх өмчгүй хувхайрсан монголчууд тархиа унтраагаад, зөв­лөлтөөр хөтлүүлэн коммунизм байгуулж эхэлсэн түүхтэй. Ингэснээр бид цөм шүдтэй тулам болсон бөгөөд тулманд гар хөл толгой байдаггүй. Ганц том ам л бий. Тэр ам нь дүүрэн шүдтэй нь ичмээр. Адгуус ичдэггүй. Хүн ичдэг. Ичихгүй болох тэнэгрэл.Ичих мэдрэмжийг бөхөөхгүйн төлөө зохиолч хошиг­нодог. Ичих жигших мэдрэмжээ алдсан нийгэм яг л үхдэл шиг хүйтэн агаад аймшигтай. Маг­таал шүүмж хоёр шувуугаар бол нийгмийн хоёр даль нь юм. Магтаалын гал улаан ганц далавч 70 жил дэвснээр хөгжил нисээгүй. Ганц далавчаар нисдэггүйг Монгол эдэлсэн. Би бээр 18-аас 82 нас зооглотлоо нийгмийн бузрыг нимгэлэх санаатай ганц бяцхан шог хошин далиараа дэвсээр хөдөлмөрийн чад­вараа барав. Урам­шуулдаг, шүүм­жилдэг хос далиар дэвсэн бол зөв байж. Ойлгошгүй гүн ухаатан болох уг нь бохирын слесарь явахаас хялбар. Учир нь өөрөө ч ойлгохгүй юм биччихэд л хэн ч хүрч ухаарахгүй суут сэтгэгч болчихно. Огт утгагүй юмыг хэн ер нь яаж ойлгох билээ. Тийм марзан зам сонгож маяглах гүн ухаан надад азаар заяасангүй. Өөрийн ба өрөөлийн араншингийн буртгийг ариусгах санаатай зохиол оролдож буйгаа би эрхи имэрч маани мэгзэм уншиж байна хэмээн өөрийгөө хуурч өвөрт ороод ирсэн үхлээ зөөл­рүүлж хэвтнэм. Ардчиллыг зор­гоороо туйлах диваажин гэж мунхаг­ласан Мон­голд хошигнох оюунлаг торгон авъяас үнэгүйдэж, бүдүүлэг хараал брэнд болов. Зүхүүл­сэн зүхсэн хоёр хэвлэлийн хурал хийснээр нэг бол хоёул буруутай, нөгөө бол хоёул буруугүй гээд замхарна. Намуудын шуналын бузраар саажилттай торнисон салга дэн дун монгол ардчилал-юун хошигнох манатай. Иргэд хараал ун­шаад хошин зохиолыг нулимах болж. Энэ байдал руу авъяасгүй мань түлхсэн биз. Зөрчилд идэгдсэн нийгэм дөжирч цөхрөөд эмзэглэхээ больчихож. Иргэдээ ичдэггүй болгоод хаячихаж нөгөө эрх чөлөө чинь. Хошигнож инээнэ гэдэг ариусал байж. Бузар булайг эрс жигших ёс хаана байна тэнд хошин зохиол цэцэглэдэг жамтай юмсанж.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=