ЕР БУСЫН ТӨРСӨН ЖҮЖИГЧИН ШЛИТЦИ


"Эрэмдэг” дэлгэцийн бүтээлээрээ жүжигчин Шлитци 1901 онд НьюЙорк хотноо мэндэлжээ. Түүний жинхэнэ нэр, төрсөн газар, хүүхэд насны талаарх нарийн ширийн мэдээлэл тодорхойгүй бөгөөд Шинэ Мексикийн Санта Фе хотод мэндэлсэн гэх мэдээлэл бий. Харин нас барсны гэрчилгээн дээр нь Нью-Йоркийн Бронксд 1901 оны 9-р сарын 10-нд төрсөн гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Төрөлхийн ер бусын толгойн хэлбэр, жижиг биетэй тэрбээр ердөө 122 см өндөртэй байсан төдийгүй холын хараа муутайгаасаа болж багагүй бэрхшээлийг амссан. Микроцефали гэж нэрлэдэг ховор тохиолдох эмгэгтэй төрсөн тул насанд хүрсэн хойноо ч гурван настай хүүхэдтэй ижил түвшинд сэтгэдэг, биеэ аваад явчих чадвар муутайн дээр хэд гуравхан үгээр л өөрийгөө илэрхийлдэг байж. Зөвхөн бусдын хэлснийг ойлгох, энгийн олон үйлдлийг хийж гүйцэтгэх, хурдан хугацаанд хариу үйлдэл үзүүлэх, бусдыг дууриах зэрэг чадварууд нь хөгжсөн. Ойр дотны хүмүүс нь Шлитцийг хөгжилтэй, цовоо цолгиун зантай, нийтэч хүн байсан гэлцдэг. Түүний бага насны талаархи мэдээлэл тун хомс. Гараас гар дамжин өссөн түүнийг гудамжны циркчид өргөж авсан эсвэл хулгайлж авсан ч гэх таамгууд байдаг. Голдуу л хамт ажиллагсад нь Шлитцийг асран хамгаалж явсан ба нэгээс нөгөө циркэд шилжин, номер үзүүлэн амь зуудаг байж. Гудамжны циркэд түүнтэй адил төрсөн уран бүтээлчдийг голцуу “шувуун тархитай хүмүүс”, “эволюцийн алдагдсан холбоосууд” гэх мэт доромж утгатай үгээр үзэгчдэд зарладаг байсан бол Шлитцийг “Ацтекийн хамгийн сүүлчийн хүн”, “Сармагчин охин” юмуу “Энэ юу вэ?” гэсэн нэрээр үзэгчдэд зарлаж өөр бусад жүжигчидтэй хамтарсан номерт гаргадаг байв. Ателиа нэрт жижиг толгойтой одой бүсгүйтэй хамтран “Ацтекийн эгч дүүс Аврора, Наталиа” хэмээх номер үзүүлж байсныг жишээ болгон дурдаж болох юм. Шлитци үргэлж л Хавайн мүү-мүү хувцас өмсч өөрийгөө эмэгтэй эс бөгөөс манин хүн мэтээр бусдад харуулан өвөрмөц дүр төрх, зан аашаа тодруулдаг байлаа. Харин зарим эх сурвалжуудад Шлитцийг давсаг султай, живх зүүдэг байсан болохоор л биед эвтэйхэн гэж мүүмүү даашинз өмсдөг байсан гэж бичсэн байдаг аж. Түүний үзүүлбэрүүд олны анхаарлыг ихэд татаж чадсан тул 1920-1930 оны хооронд Барнум Бэйлийн цирк, Клайд Беттигийн цирк, Том Мийксийн цирк, Фоли Буркегийн карнавал зэрэг нэр хүндтэй газруудад ажиллах боломжийг олж авчээ. 1928 онд Шлитци гудамжны бусад уран бүтээлчдийн хамтаар “Жижиг шоу” хэмээх хамгийн анхныхаа дэлгэцийн бүтээлд тоглосон байна. Ингээд 1932 онд өөрийнх нь ер бусын чадварыг олон түмэнд харуулсан “Эрэмдэг” кинонд дүрээ мөнхөлжээ. Уг кинонд Дэйзи, Вайлет Хилтон, “Жаран хөлт” хочит Принс Рэндиэн зэрэг олон уран бүтээлчид хамтран оролцсон байдаг. Түүнийг бүр ч илүү олны танил болгосон ч энэ бүтээл нь дэлгэцнээ гарсныхаа дараа туйлын муу үр дүнтэй байв. Найруулагч Тод Браунингийг найруулагчийн сургуулиа төгссөнийх нь дараа ажилд авах газар олдоогүй гэдэг. Эл киноноос хойш Шлитци “Ирээдүйн хүүхдүүд”, “Алдагдсан сүнснүүдийн арал” зэрэг цөөнгүй кинонд жижиг дүрүүдийг бүтээжээ. 1941 онд “Бостон Блэкитэй уулз” кинонд Биби гүнжийн дүрийг бүтээв. 1935 он түүний хувьд онцгой чухал он байлаа. Учир нь тэрбээр албан ёсны асран хамгаалагчтай болов. Том Мийксийн циркид шимпанзе сургагчаар ажиллаж байсан Жорж Куртис Шлитцийг өөрийн хүү шигээ санаж, анхны албан ёсны асран хамгаалагч болжээ.

1965 онд Куртисийг нас барах хүртэл Шлитци олон төрлийн карнавалуудад оролцсон. Харин Куртисээс хойш шоу бизнест огтын сонирхолгүй охин нь Шлитцийг Лос Анжелосийн сэтгэцийн эмнэлэгт өгчихжээ. Эмнэлэгт цагийн ажил хийдэг байсан “сэлэм залгигч” Билл Ункс хэмээгч Шлитцийг таних хүртэл тэрээр уйтгар гунигт автан эмнэлэгт гурван жилийн хугацааг өнгөрүүлжээ. Тоглолтод оролцож чадахгүйгээр барам дөрвөн хананы дунд хашигдан сэтгэлээр унаж, бухимдсан Шлитцийг эмнэлгээс гаргаж авахын тулд Ункс чадах бүхнээ хийж. Дээгүүр, доогуур гүйж, хахууль хүртэл өгсөний хүчинд Шлитци гудамжны циркдээ эргэн очжээ. Шлитцийн хувьд бүх зүйл нь зүрх сэтгэлээ зориулсан цирк нь байсан бөгөөд насан эцэслэх хүртлээ хэзээ ч өөрийн гэсэн гэр бүл, орон гэртэй байж үзээгүй аж. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Шлитци Лос-Анжелес хотноо амьдарч, дотоодын болон Хавай, Лондоны зэрэг олон улсын арга хэмжээний төрөл бүрийн номеруудад оролцон тогложээ. Түүний хамгийн сүүлчийн үзүүлбэр 1968 онд Лос-Анжелесийн спорт цогцолборт зохион байгуулагдсан Добричийн олон улсын цирк байв. Шлитци 1971 онд 70 насандаа уушигны хатгалгаа өвчнөөр өөд болсон юм. Санхүүгийн байдлаас шалтгаалан түүнийг Калифорни мужийн Ровлэнд Хайтсийн оршуулгын газрын ямар ч тэмдэглэгээгүй булшинд оршуулжээ. Харин 2007 онд шүтэн бишрэгчид нь түүний булшин дээр нэрийг нь бичсэн чулууг тавихаар мөнгө цуглуулсан гэдэг. Тэтгэвэртээ гарч, тоглолтод оролцохоо больсныхоо дараа ч Шлитци МакАртурын цэцэрлэгт хүрээлэнд тагтаа, нугас шувуудыг хооллонгоо тэнд цугларсан хүмүүст номероо үзүүлэн хөгжөөн баясгадаг байжээ. Нэгэн насаараа өөрийн гэсэн гэр орон, өмч хөрөнгөтэй байж үзээгүй Шлитцийн туулсан амьдрал өрөвдөм, ээдрээтэй. Гэсэн ч бүхнээ зориулсан урлаг, ер бусын өвөрмөц, хүүхдэрхүү төрх нь дэлхийн кино урлагийн түүхэнд гялалзтал биш хэдий ч ямартай ч тэмдэглэгдэн үлджээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=