Д.УРАНЧИМЭГ: ДҮРСЛЭХ УРЛАГИЙН АКАДЕМИА ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОХ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙГАА



Дүрслэх урлагийн академи дээд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, Европын Урлагийн сургуулиудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Уранчимэгтэй ярилцлаа.



-Урлагийн салбар маань өөрөө гэгээн, нандин. Гэвч та бид хоёр өнөөдөр арай хүндхэн сэдвээр ярилцах гэж байна. Таныг захирлын суудлаасаа огцрохыг шаардаж, багш нарын төлөөлөл БШУЯ-ны үүдэнд жагслаа. Үнэхээр ингэж яамны үүдэнд жагсталаа асуудал хурцадсан юм уу?

-Би энэ сургуулийн захирлаар 2013 оноос СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургууль байх үеэс нь ажиллаж эхэлсэн. Ингээд 2020 оны 12 дугаар сараас сургууль маань СУИС-аас тусгаарлаад, Дүрслэх урлагийн академи болж, захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.  Энэ сургууль маань төрийн өмчит сургууль. Төрийн өмчийн сургууль учир төлбөрийг өндөр тавьдаггүй.  Өнөөдөр манай сургуульд  430 оюутан суралцаж байгаа. Оюутнуудын төлбөр дээр голлон үйл ажиллагаагаа явуулдаг, мэргэжлийн урлагийн боловсрол олгодог ийм л сургууль. Бусад сургуулиудтай харьцуулахад оюутан цөөтэй, ийм л цомхон. Гэтэл  сургуулийг маань авахаар зохион байгуулалттай хэсэг  бүлэг нөхөд л энэ бүхнийг зохион байгуулж байна гэж хардаж байна. Манай сургууль оюутнууддаа боловсрол олгодог болохоос бус хэн нэгний ашиг олох хэрэгсэл болох учиргүй. Тийм учраас би сургуулиа бизнестэй хутгахыг хүсэхгүй байна.  Уулзъя гэхээр эдгээр багш нар маань ирдэггүй, гэсэн атлаа бичиг бариад гүйгээд байдаг. Үнэхээр би энэ сургуулийг хүлээж аваад нураачихсан бол ажлаа өгөхөд татгалзах зүйл алга. Ямар үндэслэлээр огцруулах гэж байгаа юм гэхээр тэдэнд тодорхой хэлэх юм байдаггүй. Гэсэн атлаа л Уранчимэгийг огцруулъя гээд яваад байдаг. Өнөөдөр манай сургуулийн урдаа барьдаг хэдэн багш нар маань бүгд гадаадад мэргэжил мэдлэгээ дээшлүүлээд явж байна. Ингээд үлдсэн хэдэн багш нар маань өөрсдийгөө хөгжүүлэхийн оронд цүнх барьдаг хэдэн хүний гар хөл болоод явж байгаа нь харамсалтай байна. Түүний оронд номоо бичээд, докторын ажлаа хийгээд, уран бүтээлээ туурвиад явбал хэн хэнд нь хэрэгтэй байна. 

-Таныг энэ сургуулийг удирдсанаас хойш өнгө төрх нь илт өөрчлөгдсөн гэж уран бүтээлчид ярьдаг юм билээ, би хүртэл сая орж ирэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  шат яг л ийм стандарттай байх ёстой юм байна гэж үүдний шатыг харж байлаа?

-Захирлын албан тушаалыг авснаас хойш сургуулиа шинэчилье, өөрчилье гэж их зүтгэсэн. Өмнө нь дөрвөн жил нэг багшийн удирдлага дор, зөвхөн тэр багшийн үгийг сонсоод төгсдөг байсан бол шинэ хөтөлбөрөөр нэгдүгээр курсдээ дүрслэх урлагийн үндсэн суурь болох уран зураг, зураасан зураг, уран баримал, дизайн гээд үндсэн сэдвүүдээ үзээд хоёрдугаар курсдээ мөн олон багшаас номын дуу сонсоод,  3-4 дүгээр курсдээ дипломоо бичдэг ийм хэлбэр рүү шилжүүлсэн. Энэ шилжилт маань тийм амар байгаагүй. Ер нь их сургууль гэдэг утгаараа багш нар нь докторын зэрэгтэй байх ёстой. Гэтэл манай сургуульд докторын зэрэгтэй хүн ховор. Гадаад хэлээр илтгэлээ тавьдаг, эрдэм шинжилгээний хуралд оролцдог, эрдмийн зэрэг цолтой багш нартай байх шаардлагатай. Харин манай багш нарын хувьд учир дутагдалтай байсан учраас багш нараа гадаадад мэргэжил дээшлүүлэх хэрэгтэй  юм байна гэж  хамгийн түрүүнд шийдээд ажил хэрэг болгож эхэлсэн. XX зууны урлагийн боловсрол багш төвтэй байсан бол XXI зууны урлагийн боловсрол оюутан төвтэй, тэр хэрээр багшид тавих шаардлага өндөр болсон. Өнөөдөр  манай сургуульд элсч орж ирж байгаа хүүхдүүд  англи хэлтэй байдаг учир багш нартайгаа нэг агаараар харилцаж чадахгүй  болж байна. Хэлээ ашиглаад гадаадын сайтууд дээрээс мэдээлэл уншиж байна, сэтгэлгээ нь задгай байна.  Нэг үгээр багшаасаа илүү мэдлэг мэдээлэлтэй болчихож байгаа юм. Гэтэл багш нар маань гадаад хэл байхгүй, нэмж суралцахгүй болохоор оюутнууддаа гологдоод ирэхээр шавьгүй болж ирж байна. Ингээд багш нараа чанаржуулахын тулд гадаад, дотоодын олон сургалтуудад хамруулж эхэлсэн. Дортмундын их сургуультай фото урлагийн чиглэлээр, Австрийн Венийн их сургуультай  сэргээн  засварлах хөтөлбөрөөр, Оросын  академитай урлаг судлалын чиглэлээр хамтын хөтөлбөртэй. Одоо араас нь мөн уран зураг, уран баримлын хамтын хөтөлбөртэй болохоор хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Мөн багш нараа Австри, Герман, Америк, Япон, БНСУ, Сингапур, Хятад руу урт, богино хугацааны сургалтанд хамрууллаа. Ингэснээр Монголын дүрслэх урлагийг олон улсын түвшинд хүндэлж, улмаар уран бүтээлчид, оюутнууд маань дэлхийд гарах боломж нээгдэж байна. Бид нарын 2013, 2014 онд хийсэн шинэчлэл хөтөлбөрийн үр дүн маань одоо эхнээсээ гарч байна. Монголын дүрслэх урлагийн боловсролын салбарт гадаадын тэтгэлэг хөтөлбөрт ингэж өргөнөөр хамруулж байсан түүх байхгүй. БНХАУ руу докторын сургалтад 3, ХБНГУ- 1, Унгарт-2, Солонгост-2, Америкт-1 багшаа явуулсан, эхнээсээ төгсөж ирж байна. Дүрслэх урлагийн салбар маань залуу эрдэмтэн багш нараар шинэчлэгдэж байгаад баяртай байдаг. Бид дотоодод төгссөн боловсон хүчнээрээ явахаар  өнөөдөр  дэлхийд гологдож байна.  Гадаадын багш нар ирээд “Танай багш нар англиар ярьж чадахгүй байна, ур чадвар муу байна” гэж голдог. Ийм үг сонсоход надад хэцүү байсан. Иймд миний зүгээс багш нараа дэлхийн хэмжээнд хүргэх гэж нар, оюутнуудаа гадаадын хөтөлбөр сургалтуудад хамруулсан.

-Та ингэж сургуулийнхаа, дүрслэх урлагийн салбарын төлөө чармайлт гаргаад байдаг. Гэтэл яагаад багш нар чинь таныг огцрохыг шаардах болов оо?

- Би багш нартаа докторын судалгаагаа хий, докторын зэргээ хамгаалаач ээ гэж  шаардлага тавьдаг. 2020 онд оюутнуудаас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар  68 хувь нь  багшийгаа голсон байдаг. Учир шалтгаан нь одооны хүүхдүүдийн мэдлэг, хүсэл багш нарын өгч байгаа мэдлэгээс илүү давсан байна. Гэтэл багш нар уламжлалт аргаараа хичээлээ заасан болоод явдаг. Харин энэ байдал нь багш нараасаа залхах, багш нараа голох асуудал гарсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас болж хичээлүүд цахимаар ороход эцэг эхчүүдээс хүртэл гомдол ирсэн. Багш нар нь хичээлээ заахгүй байна, цагтаа орж ирэхгүй байна, хичээлээ орохгүй байна, гэсэн атлаа багш нар цалингаа аваад яваад байсан. Энэ асуудалтай  тэмцсэн. Зарим нь ойлгосон ч өөрийгөө хөгжүүлэхгүй байна. Ингээд өөрсдөө буруугаа эрэх байтал бусдаас эрж,  эцэс сүүлдээ удирдлагаа буруутгаж байна. 

-Таныг диплом худалддаг гэж буруутгасан байсан,  оюутнуудын бүтээлийг худалдах боломж байдаг юм уу?

-Манай дүрслэх урлагийн оюутнууд дипломоо уран бүтээлээрээ хамгаалдаг. Намайг захирлын ажлыг хүлээж авахад өмнөх захирлаас ирсэн  нэг ч диплом хүлээж аваагүй.  Манай сургууль 2014, 2018, 2021 оны  “Диплом худалдах, зарах журам”-ыг баталж гаргасан. Энэ журмын  дагуу Захиргааны зөвлөл хуралдаж,  шийдвэрээ гаргадаг. Манай сургууль СУИС-ийн харьяанд байсан учир зарим диплом тэндээ үлдсэн. Бослого гаргаад байгаа багш нар маань намайг өнгөрсөн жил  АТГ-т хүртэл шалгуулсан. АТГ-аас манай сургууль дээр ирж шалгаад, 382 дипломын ажил  байгааг тоолж шалгаад явсан. Холбоо харилцаатай байгууллагадаа бэлэглэх, гадаадын хамтын ажиллагаатай сургуульдаа бэлэглэх, сургуулийн орчныг тохижуулах гэх мэтэд зарим зургаа өгдөг. Гэхдээ энэ бүхнийг Захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, протокол үйлддэг. Тэгэхээр энэ асуудлыг би ганцаараа шийдэх асуудал огт байхгүй, тэр ч байтугай худалдах ямар ч боломжгүй. 

-Эсэргүүцлийн жагсаал хийсэн нэг хүн маань эрэн сурвалжлагдаж байсан  гэсэн мэдээлэл байна, энэ хэр үнэний ортой вэ? 

-Манай сургуульд Дотоод хяналт шинжилгээ, чанарын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Э.Нинжин нь туршилтын 3 сарын хугацаагаар томилогдон ажилласан. Э.Нинжин нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Норпей Арт галлерей”-д уран зургийн үзэсгэлэн худалдаа гаргах маркетингийн  ажлыг  хариуцан гүйцэтгэсэн. Тус ажлын хүрээнд сургуулийн урлангаас нийт 76 ширхэг уран зургийг авч яван, Уран зургийн үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэн буух үед бүтээлүүд зарагдаагүй байсан. Зарагдаагүй бүтээлүүдээ тоо ёсоор нь авч ирж сургуулийн няравт тушаах хэрэгтэй гэж үүрэг даалгавар өгсөн. Гэтэл  25 ширхэг уран зургийг буцаан өгөөгүй, зөвшөөрөлгүйгээр авсан бөгөөд энэ талаар бид тооллого шалгалт явуулсны үндсэн дээр олж илрүүлсэн болно. Э.Нинжинд энэ талаар өөрт нь хэлэхэд маргааш өдрөөс нь ажилдаа ирээгүй бөгөөд сургуулийн зүгээс уран бүтээлүүдээ алдсанд гомдолтой байгаа учир  Э.Нинжинг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. Уг гомдлын дагуу  өнөөдрийг хүртэл эрэн сурвалжлагдаж байсан хүн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж яваа нь  ямар нэгэн зохион байгуулалттай хэрэг гэж хардахад хүргэж байна. 

 Гэтэл энэ хүн маань залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд болохыг сургууль дээр цагдаа нар ирж, баривчлахад л бид мэдсэн. Одоо манай сургуульд  огт хамааралгүй болсон хүн атлаа өнөөдөр манай сургуулийг төлөөлж, жагсаал зохион байгуулж,  хамт олныг хагаралдуулж явааг хараад маш их гайхаж, бас харамсч байна.

-Та тэдний шаардсанаар ажлаа өгөх үү?

-Албан тушаал мөнхийнх биш ээ. Авч байсан шигээ нэг л өдөр өгөх болно. Гэвч би энэ сургуулиа босгоно гэж зүтгэж, өдөр шөнөгүй нойр хоолгүй зүтгэж ажилласан. Дүрслэх урлагийн салбарын ийм олон докторууд нэгэн зэрэг гадаадад сурч байгаагүй, хэзээ ч ийм дүрслэх урлагийн салбар ийм олон гадаадын хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагаатай байгаагүй, гадны төсөл хөтөлбөрт уран бүтээлчид, зураачид маань хэзээ ч ингэж олноороо хамрагдаж байгаагүй юм билээ. Тэгэхээр би энэ их оюуны хөрөнгө оруулалтыг хийж чадсандаа өөрөөрөө бахархаж байна. Мөн энэ сургуулийг эрүүл орчинтой болгох хөрс суурийг нь тавьсандаа баяртай байна. Надад хулгай хийж,  худал ярьж, бусдын юмыг өөрийнх мэтээр болгох хүмүүжил, боловсрол байхгүй. Урлаг судлаач хүнийхээ хувьд Монголын урлагийг хөгжүүлэх юмсан, дэлхийн хэмжээнд суурийг нь тавиад, холбоод өгөх юмсан гэсэн итгэл үнэмшил байдаг. Нүүдэлчдийн сэтгэлгээ, урлагийн философи гэдэг дэлхийд гайхагдаж байна. Нүүдэлчдийн сэтгэлгээ задгай сэтгэдэг бол барууных хайрцаглагдсан байдаг. Монголчууд юмыг давж сэтгэж чаддаг. Иймд Монголын урлагийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, монгол зураг, монгол сийлбэр, монгол керамикаа патентжуулж авах нь маш чухал. Урлаг судлаачийнхаа хувьд би энэ бүхнийг маш өөдрөгөөр хардаг. Монголын Дүрслэх урлагийн түүх  ялангуяа монголын эзэнт гүрний түүхийг бид  хойч үедээ өвлүүлэн үлдээх ёстой. Тиймээс бид Хятад, Перс, Төвд, Санскрит, Англи, Франц болон бусад гадаад хэлтэй судлаач багш нар их шаардлагатай. Энэ утгаараа дэлхийн маш олон орны багш эрдэмтэн судлаачидтай хамтран төсөл хөтөлбөр дээр ажиллах шаардлагатай байна. 

-Дүрслэх урлагийн академийн ойрын хийх ажлын төлөвлөгөөнөөсөө сонирхуулна уу?

-Дүрслэх урлагийн академиас 2022 ондоо БШУЯ, ШУТ-ийн сангийн дэмжлэгтэйгээр Репины Академийн дэг сургууль Монголын Дүрслэх урлагт төслийг хэрэгжүүлэн эрдэм шинжилгээний хурал болон үзэсгэлэн зохион байгуулах, ном товхимол бичих гэх мэт олон ажлыг хэрэгжүүлж байна. ОХУ-ын 265 жилийн түүхтэй И.Е.Репины Академийг 1952 оноос өдийг хүртэл 70 гаруй монгол хүн төгссөн бөгөөд тэднээс олонхи нь манай академид үеийн үед багшилж, одоо ч мөн энэ сонгодог академик дэг сургуулийг монголынхоо хөрсөн дээр буулган олон шавь нар бэлтгэж гаргаж байгаа билээ. Жишээ нь, манай багш нараас уран барималч, доктор С.Бадрал нь 100 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн уран бүтээлч төгсгөсөн байна, уран зураач, урлаг судлаач, доктор Эрдэнэцог 200 орчим дээд боловсролтой мэргэжилтэн төгсгөсөн байгаа зэрэг нь монголын дүрслэх урлагийн боловсролд оруулж байгаа том хувь нэмэр юм. XXI зуунд мэдээж академик боловсрол хувьсан өөрчлөгдөж буй. Жишээ нь ХБНГУ-ын Берлин хотод Европын дүрслэх урлагийн 9 академи нэгдэн зайн сургалтыг илүү чухалчлан хөгжүүлж байна. Орос болон Хятадын академиуд заах арга зүйн хувьд илүү уламжлалт академик дэг сургалтыг хөгжүүлж байхад Америк болон Англи, Нидерландын урлагийн академиуд илүү их дизайн, инноваци, маркетинг тал дээр түлхүү ажиллаж байна. Бид 2022 оны 04 сард Олон улсын эрдэм шинжилгээний хурал хийж, дээрх орны дүрслэх урлагийн академиудаас эрдэмтдийг урьж XXI зууны академик боловсрол цаашдын чиг хандлагыг ярилцах гэж байна. 2022 оныг бид хөтөлбөрийн шинэчлэлийн жил гэж зарласан бөгөөд энэ ажил дээрээ бид багш нартайгаа хамтран ажиллаж, өөрийн онцлогт нийцсэн академик хөтөлбөрийг гарган хэрэгжүүлэх болно. 2021 онд Польшийн уран зургийн академи болон Бельгийн академитай хамтран ажиллахаар тус тус гэрээ зурсан ба энэ жилдээ багш оюутан солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Мөн хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгүүд зохион байгуулах юм.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их дээд сургуулиудын хөтөлбөрүүдийг чанаржуулах, түүнчлэн багш нарын сургалт, арга зүйг сайжруулах тал дээр илүү түлхүү ажиллаж байгаа нь бидний зорилго, бодлоготой дүйцэж байгаа юм. Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг дэмжиж уялдаа холбоотой ажиллахаар мастер болон стратеги төлөвлөгөөндөө тусгасан болно. Төр засаг биднийг дэмжин Дүрслэх урлагийн академи болгож өгснийг цаашдын хөгжлийн том алхам гэж харж байна. Мөн бидний ойрын зорилт бол XXI зууны урлагийн боловсролын хөтөлбөрийн дагуу жинхэнэ бүтээлч, соён гэгээрүүлэгч уран бүтээлч мэргэжилтэн бэлтгэхэд зориулагдсан, дүрслэх урлагийн мэргэжилтнүүд бидний онцлогт тохирсон урлангийн байр, дотуур байр, боловсролын кампус бүхий сургуулийн байртай болох бөгөөд энэ нь гадаад дотоодын хамтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгох юм. 



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=