Н.ТҮВШИНБАЯР ТАМГАА ӨГНӨ ГЭСЭН БОЛОВЧ ДАХИН УТСАА САЛГААД СУРАГГҮЙ БОЛЖЭЭ


Нэмэлт мэдээлэл. 2021.06.04 

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр байгууллагынхаа тамгыг авч явсан  тухай МҮОХ-ны хариуцлагатай албан тушаалтнууд хэлсэн. Олимпийн хорооны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай Н.Түвшинбаярыг энэ долоо хоногт тамгаа эргүүлэн авчирч өгөхгүй бол цагдаа, шүүхийн байгууллагад хандахаа мэдэгдээд байсан юм. Мөн тэрбээр Монголын тамирчид цагаан туган дор олимпод оролцох эрсдэл үүсээд байгааг анхааруулсан билээ.


Харин энэ явдлыг хэвлэл мэдээллээр олонд хүргэсний дараа утсаа авахгүй гүрийгээд, ямар ч хариу өгөхгүй байсан Н.Түвшинбаяр өөрөө холбогдож, тамгаа эргүүлэн өгч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгджээ. Гэвч ингэж хэлчихээд дахин утсаа салгаад сураггүй болжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, Н.Түвшинбаяр тамга авсан даруйдаа Булган аймаг руу явсан гэх бөгөөд өөрийн мэдлийн зарим эд хөрөнгө, мал ахуйгаа бусдын нэр дээр шилжүүлж байгаа бололтой. Улсын начин Э.Энхбатыг зэрлэг балмадаар зодсоноор тэрээр эрүүгийн хэргийн сэжигтэн болж, мөрдөн байцаагдаж байгаа. Нэгэнт ял авах нь тодорхой болсон тул тэрээр найзынхаа эмчилгээний мөнгөнд гар татаж, ийнхүү бусдын нэр дээр шилжүүлж байгаа бололтой. 

2021. 06. 03

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, бусдын амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан тул цагдаагийн байгууллагаас сэжигтнээр татан хэргийг нь шалгаж байгаа. Хэргийг эргэн сануулбал, тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр өөрийг нь амжилтанд хүргэсэн бэлтгэл хангагч, улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодсон хэрэг үйлдсэн. Эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн Э.Энхбат өнөөдрийг хүртэл бүрэн ухаан ороогүй байгаа бөгөөд БНСУ-д эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсантай холбогдуулж, Н.Түвшинбаярыг өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн боловч тус холбооны тамгыг авч зугтсан  байна. Энэ тухай  МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатараас лавлахад  “ОУОХ-ноос удаа дараа "Хэрэгт холбогдсон холбооны ерөнхийлөгчдөө ямар ёс зүйн хариуцлага ногдуулж байна вэ?" гэсэн мэйл ирсэн учир бид өнгөрсөн Баасан гарагт хуралдаж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 461-р ангид хоригдож байхад нь биднийг очиход амаараа "Ажлаа өгнө" гэж хэлж байсан. Гэтэл тамгаа аваад зугтчихлаа. Бид нарын хувьд тамгагүй учир үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүнд нөхцөл байдал үүсээд байна. Манай баг тамирчдыг ОУОХ цагаан тугийн дор оруулж магадгүй болчихлоо” гэсэн хариултыг өглөө. 

Энэ жил Токиод зуны олимп болно. Манай улсын тамирчид хэр чинээгээрээ энэхүү олимпт бэлдэж байгаа ч өнгөрсөн жил коронавирусийн цар тахалтай холбогдуулж, нэг жилээр хойшлоод буй. Гэтэл ийм хариуцлагатай үед МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нэгэн цагийн найз Э.Энхбатыгаа зодож, улмаар Олимпийн хорооны тамгыг хүртэл авч зугтаж байгаа нь түүний ямар хуншгүй эр болохыг харуулж байгаа юм. Зарим эх сурвалжийн  мэдээллээр, ОУОХ-ын Ёс зүйн зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, Н.Түвшинбаярын олимпийн алт, мөнгөн медалийг хураахаар төлөвлөж байгаа юм байна. Хамгийн гол нь өнөөг хүртэл түүнд зодуулсан хохирогч болох Э.Энхбат нь бүрэн ухаан ороогүй байгаа учир харзнаж байсан юм. Харин МҮОХ-ны тамгыг авч зугтсан нь ОУОХ-ын ноцтой зөрчилд ордог тул ийнхүү цол, тэмдгийг нь яаралтай хураахаар шийдвэрлээд байгаа гэнэ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=