"ГАЛЗУУ" БУМАА БУЮУ ЖҮЖИГЧИН Т.ЦЭВЭЭНЖАВ УРЛАГИЙН ТӨЛӨӨ БИЕЭ, СЭТГЭЛЭЭ ХАЙРЛАХГҮЙ ЗҮТГЭСЭЭР 58 НАСАНДАА ТЭНГЭРТ ДЭВШЖЭЭ



/Театр дэлгэцийн нэрт жүжигчин Т.Цэвээнжавын 110 жилийн ойд зориулав/
Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Цэвээнжав нь "Сэрэлт" киноны “Галзуу” Бумаагийн дүрээр Монгол түмнийхээ сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Тэрбээр 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг цагаан дэрс гэдэг газарт малчин Түдэвийн ууган охин болон төржээ. Анх 1936 онд Улаанбаатар хотод ирж, гар үйлдвэрийн артeльд оёдoлчин болоод сайн дурын уран сайхны дугуйланд дуулж бүжиглэн, хааяa жижиг үзэгдэл зэрэгт тоглодог байжээ. 1943 онд Урлагийн сургуульд элсэн орж нэг жил суралцаад, 1944 оноос Улсын төв тeатрт тавдугаар дэсийн жүжигчин болжээ.
Т.Цэвээнжав нь тайз, дэлгэцнээ дүр бүтээхдээ дотоод мөн чанарыг бүрэн гаргаж дотоод, гадаад чанарыг зөв холбож, уран сэтгэлээр баяжуулан энгийн, инээдмийн, эмгэнэлт, уянгын, гүн ухааны аль ч дүрийг уран хошин донжтой, дүр болгодог онцлогтой жүжигчин байжээ. 1948 онд Д.Намдагийн "Залуу үe" жүжгийн багш Оюуны дүрд тоглож ,сурган хүмүүжүүлэгч хүний ажигламтгай, шийдэмгий чанарыг сайн үзүүлүж чадсан билээ. Харин 1951 онд Ойдовын "Далан худалч" жүжгийн Пагма авгайн дүрд тоглохдоо залуу үeдээ завхай явдлаар амьдралаа хийж явсан, тэжээж өсгөсөн Алимаа охиноо баян пүүсийн өвгөн Луухаанд худалдаж өөртөө ашиг олох гэсэн эрээ цээрээ алдсан, шунхай, башир авгайн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлэлт авчээ. Жүжигчин Т.Цэвээнжав нь Монголын кино урлагийн хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд түүний бүтээсэн цайлган сэтгэлтэй шударга, наргиач зантай эмэгтэйн дүрийг бид кино дэлгэцнээс баясан үздэг билээ. Тэрбээр 1957 онд "Сэрэлт" киноны цайлган цагаан сэтгэлтэй Бумаагийн дүрд жүжиглэн орос эмчийг угтаж байгаа, дэлгүүрээс юм худалдан авч байгаа, шал угааж байгаа, бичиг заалган баллаж байгаа, Дашийг зэмлэн загнаж байгаа зэрэг нарийн мэдрэмжтэй тоглолт нь Бумаагийн дотоод мөн чанарыг тод томруун гаргаж чадсан хэмээн судлаачид үнэлжээ. Т.Цэвээнжав 1963 онд "Энэ хүүхнүүд үү" киноны нэгдэлийн дарга Жамцын гэргий Долгор, 1959 онд "Морьтойч болоосой" киноны Дондогийн ээж Ханд, 1970 онд "Хүргэн хүү" киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан ээжүүдийн дүрийг бүтээж та бидний сэтгэлд дүрээ мөнхөлсөн юм. Хамгийн гол түүний бүтээсэн дүрүүд өөр өөр ээжийг харуулж чадсан нь гайхамшиг юм! Улсын драмын тeатрын 25 жилийн ойгоор буюу 1956 онд нэрт жүжигчинд МУГЖ цол олгосон бол 1999 онд "Зууны мэдээ" сонины газраас явуулсан санал асуулгаар XX зууны Монголын зууны манлай жүжигчин хэмээх хүндэт өргөмжлөлийн эзнээр нэрт жүжигчин Т.Цэвээнжав гуай шалгарчээ.
Нэрт жүжигчний үеэл дүү Ш.Батчулуун гуай эгчийнхээ тухай ийн хуучилжээ.
Эгч маань цэл залуу, 58 насандаа бурхан болсон. Кинонд тоглоно гэж хөдөө гадаа, хүйтэн сэрүүнд явсаар савны өвчтэй болсон гэж нөхөр Батсундуй нь харамсан ярьдаг байлаа. Хүргэн ах минь хожим эгчийг хэвтэрт байхад хайрлаж, хоол ундыг нь хийж өгдөг, хажуугаас нь холдохгүй их асарч, тойглодог байсан. Хүмүүс эгчийг маань “Сэрэлт” киноны “Галзуу” Бумаа шиг хүн гэж боддог байлаа. Амьдрал дээр тэр тэс өөр их зөөлөн зантай, найрсаг ухаалаг эмэгтэй байсныг дурдах хэрэгтэй. Урлагийн төлөө явсаар биеэ хайрлахгүй зүтгэсээр ганц өргөмөл хүүтэй, түүнийгээ 1951 онд өргөж авсан юм. Энэ тухай манайхан дурсахдаа “Хүүгээ газар тавихгүй юм. Гэртээ байсан ч хоёулаа ээлжлээд л үүрэх юм” гэж ярьдаг. Гэлээ ч хүү нь зөв сайхан хүмүүжилтэй, боловсролтой хүн болсон. Театрын жүжигчид хүртэл “Тарган Цэвээнжавын нуруун дээр ташаа тулсан Батцэвээн” гэж хошигноно хэмээн дурсчээ.
Нэрт жүжигчин Т.Цэвээнжав залуу жүжигчид болон кино драмын ангийн оюутнуудад,
...Жүжигчин хүн олон дүр бүтээснээрээ бус, харин аль нэг дүрийг төгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүрнэ. Жүжигчин хүн нэг дүрийг давтагдашгүйгээр бүтээх ёстой. Ингэж чадвал чи жүжигчин болсон гэж ойлгож болно. Бумаагийн дүрд тоглосны дараа дахин өөр ээжийн дүрд тоглоход Бумаа харагдсан уу, үгүй гэдгийг та нар дор дороо дүгнээрээ гэдэг байжээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=