/Б.Жаргалсайхан: Оросын харгис түрэмгийлэл Путинтэй энэ зуунд дуусах ёстой!/
Монголчуудын дунд үнэн бөгөөд хатуу үгээрээ зартай “Буян” хэмээх компаниараа танигдсан, БНН-ын дарга Базарсадын Жаргалсайхан өөрийн пэйж хуудсаар ОХУ болон Укрианы үйл явцыг шууд ярилцлагаар ярих үеэрээ анхны эхнэр болох орос бүсгүйгээс төрсөн том хүү Ильягаа элэг нэгт оросуудынх нь гарт алдсан тухай эмгэнэлт түүхийн талаар хуваалцсан юм.
Б.Жаргалсайхан 1977 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү мужийн төв Эрхүү хот дахь Политехникийн Дээд Сургуульд элсэн сансрын физикч мэргэжлээр суралцаж байх үедээ орос бүсгүйтэй танилцаж, 1981 онд нэг хүүтэй болсон нь Илья аж. Гэвч тухайн үед соёл, уламжлал, амьдрах газар гээд олон зүйлээрээ хосуудын амьдрал болж бүтээгүй тул хүүгээ нэг настай байхад нь салж, мөрөө хөөжээ. Тэрээр салах үеэрээ эхнэр, хүүгийнхээ хамтаар очиж авахуулсан гэрэл зураг нь өнөөдөр түүнд үлдэв. Ингээд эх орондоо ирсэн Б.Жаргалсайхан хүүтэйгээ уулзалгүй олон жилийг өнгөрүүлжээ. Хэдийгээр түүний зүгээс хүүдээ удаа дараа захидал бичиж байсан ч хүүгийнх нь ээж захидлыг нь нууж байсан гэдэг. Ямар ч хэл сураггүй, холбоо харилцаагүй байгаад гайхсан Б.Жаргалсайхан бүхэл бүтэн 14 жилийн дараа хүүгээ 15 настай байхад нь зорин очиж уулзсан байна. Гурван өдөр шөнө хамтдаа зочид буудалд анхны эхнэр хүү болон эхнэрийнхээ сүүлд суусан нөхөр, хүүхдүүдийн хамтаар байрлаж, жаргал зовлонгоо хуваалцан, цаашдын ирээдүйгээ ч ярилцан сэтгэлээ онгойлгож ирсэн аж. Энэ үеэр тэрээр ээж нь хүүд захидлыг огт өгдөггүй, уншуулдаггүй болохыг мэдэж авчээ. Гэвч бүх зүйл сайнаар эргэж, бие биеэ олж уулзсан аав хүүгийн дотно харилцаа сэргэж, байнгын харилцаа холбоотой болов. Б.Жаргалсайханы ээж нь том ач хүүдээ үнэхээр их хайртай байсан бөгөөд байн байн асуудаг байсан нь хүүгээ олж уулзах замд гаргасан гэдэг. Ач хүүгийнхээ сургийг гаргаж, амьд сэрүүндээ эргэн уулзсандаа ч ээж нь маш их баяртай байсан аж. Хувь заяаны эрхээр хагацсан эцэг, хүү хоёр тэр цагаас хойш хамт байж түүний хүү нас бие хүртлээ Монгол Улсад амьдарч байгаад дөрвөн жилийн дараа ээж рүүгээ буюу ОХУ-ыг зорьсон байна. Учир нь шоу цэнгээнд дуртай, хүмүүжилгүй монгол охид хөөрхөн эрлийз хүүг нь дагуулж наргиж цэнгээд байсан учир шийтгэл болгон нутаг руу нь буцаасан байна.
Нутагтаа очсон даруйдаа Илья хуулийн сургуульд элсэж, төгсөөд залгуулан сайн эцгийн шийрийг хатааж, аавынхаа тусламжтайгаар өөрийн бизнесээ эхлүүлсэн нь тун амжилттай явж, ашиг орлого ч огцом өсөж, олны анхаарлыг татах болов. Нүдэн дээр нь хөрөнгөжиж, хөдөлмөрийнхөө үрээр сайхан амьдарч байгаа нь социалист, ядуу оросууд, тэр дундаа ханцуйндаа хутга нуусан орос найзуудад нь огт таалагдсангүй. Ингээд багаасаа нөхөрлөсөн гурван найз нь Жаргалсайханы Ильягийн компанийг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлэхийг шаардаж гэрт нь очиж дарамтлахад тэрээр 3 цаг зодолдож, эцэст нь аргагүй олон хүний хүчинд дийлдэж, толгой руугаа төмрөөр цохиулсны улмаас амь насанд хүрэх гэмтэл авч нас барсан байна. Тэрээр хүүдээ тохиолдсон энэхүү харамсалтай эмгэнэлтэй хэргийг ярихдаа ихэд харуусч байсан бөгөөд орос хүний зэрлэг балмад авирыг удаа дараа дурьдаж байсан юм. Б.Жаргалсайхан хэн хүнд хэлээд байдаггүй энэхүү эмгэнэлт түүхийнхээ талаар анх удаа ам нээсэн нь өдгөө дэлхий нийтийн анхаарлыг татаад буй ОХУ-ын өдөөж буй Укрианд зарласан дайнтай холбож тайлбарласан юм. Учир нь тэрбээр, “Орос хүн яагаад аль ч цаг үед орос хүнээ хөнөөдөг юм бэ. Оросын түрэмгийлэл, харгислал ХХI зуунд Путинтэй хамт дуусах ёстой” гэдгийг яриандаа онцлон хэлсэн билээ.