ХОТЫН ЭКС ДАРГА СУ.БАТБОЛДЫН 70 ГА ГАЗРЫН НАЙМААНЫ ХЭРЭГ



Улаанбаатар хотын дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболд 2019 оны босгон дээр гэнэт ажлаа өгөөд алга болсон. Гэтэл түүнтэй холбоотой авлигын ноцтой баримтыг тухайн үед хуульч Д.Нацагдорж олон нийтэд мэдээлж, Авлигатай тэмцэх газарт шалгуулж буйгаа мэдэгдсэн. Д.Нацагдоржийн хэлж байгаагаар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатараас авлига авсан байж болзошгүй гэх баримтуудыг цуглуулан АТГ-д өгчээ. “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байрлах 70 га хэмжээтэй газрыг 2000 онд морин тойруулга барих зорилгоор авчээ. Энэ нь Яармагийн дэнж буюу хуучнаар улсын наадмын хурдан морины барианы газар юм. Тэрээр энэхүү газрыг эзэмшилдээ аваад байсан боловч газрын төлбөрөө төлөөгүйгээс эзэмших эрх нь 2015 онд цуцлагдсан байжээ. Гэтэл нэг л өдөр хотын мэр Су.Батболд тушаал гарган, ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр дахин олгосныг хуульч Д.Нацагдорж ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн мэдэгджээ. Хуулиар бол энэхүү газрыг дуудлага худалдаагаар оруулж, хамгийн их үнэ хэлсэн хүнд өгөх ёстой. Харин ямар үндэслэл шалгуураар энэ газрыг дахин түүнд олгох болсон нь хачирхалтай. Энэхүү газар нь өдгөө хотын А зэрэглэлийн бүсэд багтдаг үнэ цэнэтэй газар юм. Үүнийг нь ч баталж энэ газрын эргэн тойронд баячуудын гэх тодотголтой, тансаг зэрэглэлийн орон сууцнууд боссоор байгаа. Гадаад улсуудад морин тойруулга барихад ийм их хэмжээний газар хэрэггүй байдаг. Тэгэхээр багахан хэсэгт нь морин тойруулга барьсан болоод үлдсэн хэсэгт нь орон сууц сүндэрлүүлэн хотын даргад өгсөн байж болзошгүй авлигаа хэд дахин нугалаж ашгаа олох магадлал өндөр аж. Ийм л наймааны ард хотын дарга Су.Батболд тушаалаа гаргасан байдаг. Тэрээр уг газрын эзэмшлийг сэргээхдээ, 2018 оны А/726 тоот тушаалаар дээрх 70 га газраас 54,1 га-г нь “Макс”-ын Д.Ганбаатарт ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дахин олгосон байна. Харин үлдсэн 15 га газрыг тасалж, 2,2 га газрыг шадар туслах Э.Анарын нэр дээр, 2,2 га-г нь Б.Оюун-Эрдэнэ гэгчийн нэр дээр мөн л ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байна. Э.Анарын хувьд өдгөө 25 настай, тухайн үед хотын даргын шадар туслахаар ажилладаг. Тэрбээр Су.Батболдын төрсөн ах Сундуйн Энхболдын хүү аж. Хамгийн гайхалтай нь эдгээр газар олголтуудыг нэг тушаалаар л шийдчихсэн нь Су.Батболдыг авлига авсан байж болзошгүй гэх хардлага дагуулж байгаа юм. “Аз жаргалтай Улаанбаатар” гэх амьдралд наалдахгүй уриа дэвшүүлэн хотыг удирдсанаас хойш аз жаргалгүй иргэдийнх нь тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй. Гэтэл “Макс” группийн захирал Д.Ганбаатар нь “Газрын наймаачид энэ газрыг авах гэж булаацалдаад байхаар нь би авсан нь үнэн. Би тэр газраа морин тойруулга барих гэж байгаа юм” гэжээ. Гэтэл өнөөдөр 54,1 га газар морин тойруулга бус энэхүү газар юу барьсныг уншигчид мэдэж байгаа биз ээ.
Су.Батболд хотын засаг даргын ажлаа сайн дураараа өгснөөс хойш түүний газрын наймааны хэрэг өдгөө усанд хаясан чулуу шиг алга болжээ. Энэ хэргийг дахин сэргээж шалгах үүрэг АТГ, ЦЕГ-т байх ёстойг Horiotoi.mn сануулж байна!
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=