ГАНЦ ДАЙЧИН ГАНЦААРДСАНГҮЙ БУЮУ “ХАЙР ТҮГЭЭЕ” ГАЙХАЛТАЙ ТОГЛОЛТ




/“Хайр түгээе” тоглолт үзсэн ревью/
Хошин урлагт нэг хэсэг чимээгүй болсон “Шинэ үе” продакшн зургаан жилийн дараа дахин тайзан дээр амиллаа. Тус хамлагийг үүсгэн байгуулсан Амбий, Бооёо, Хүрлээ гэсэн холбоо үг араасаа олон арван залуу уран бүтээлчдийг урлагийн замд хөтлөн оруулсныг дурсах ёстой. “Хайр түгээе” хошин шоу тоглолт эхлэж, “Баригдашгүй өшөө авагчид” киноны ритимт ая, тайзны ард хүнгэнэхэд үзэгчид суудлаасаа босч алга ташив. Үзэгчид “Шинэ үе”-ийгээ маш их санаж “бэтгэрч”, догдлон хүлээж байгаа нь илт. Энэхүү хэмнэлтэй ая “Шинэ үе” продакшны олон зуун уран бүтээл нь та бидний зүрх сэтгэлд чихэр шиг инээд, давс шиг ухаарал болон дурсамж бүтээжээ. Эхний үзэгдэл гавъяат жүжигчин Н.Ариунболд эмээ болон гарч ирлээ. Үзэгчид дахин алга ташна. Эндээс авъяас тэтгэвэрт гардаггүй, Бооёог хэдэн удаа тайзнаа эмээ болсон ч үзэгчид таашаалтай хүлээж авч, инээж, элгээ эмчлэх учиртай аж. Хошин урлагийн эрэгтэй гавъяатуудыг эмэгтэй, эмээ, бүсгүй, хадам эх болоход нийгэм сошиалаар дургүйцлээ илэрхийлдэг. Тэднийг эмэгтэй хүн болсонд нь бус ур чадвар, авъяас, туршлага дутагдаж байгаад нь эгдүүцэж байгаа нь тэр. Эмээгийн дүрээр дамжуулан ард түмний амьдрал хэцүүдэж, инфляци өсч, тэтгэврийн хэд хаанаа ч хүрэхээ больсныг илэрхийлнэ. Энэ нь үзэгчдийн загатнасан газрыг маажих мэт мэдрэмж өгч чадав. Эхний үзэгдлийн төгсгөлд хорвоод ганцхан эхийгээ хайрлая гэсэн мессежээр хайр түгээж өндөрлөв. Дараачийн үзэгдэл хартай, ядаргаатай эр нөхрийн тухай авч, эцэстээ нь монгол эр хүн амьдралын хэцүүг нуруундаа үүрч, ар гэрийнхээ өмнө хариуцлага хүлээж, өөрийгөө золих чадвар бий. Ханиа уучлаж, хайрлая гэсэн ухаарлыг үзэгчдэд өгнө. Гурав дахь номер бол хошин урлагийн уламжлал болсон үзэгчдийн номер. Тайзнаа урьж гаргасан хоёр үзэгчийг эвгүй байдалд оруулсангүй, бас хүнд хэцүү даалгавар хийлгэлгүй, цагаан инээдээр дуусгав. Цаг хугацаагаар аялах, өнгөрсөн нийгэмд эргэн ирж буй үзэгдлийн гол дүрийг Бооёо ур чадвараасаа илүүтэй ньюнс мэдрэмжээрээ үзэгчдийг инээлгэв. Зохиол болгоны дунд ард түмний амьдрал хэцүүдэж буйг эрх мэдэлтнүүдэд шигтгээ, инээдмээр өгч буй нь үзэгчдээс талархал, алга ташилт авч байлаа. Жишээ нь жүжигчин Д.Оюунтуул, Бооёод хандаж:
-Амьдрал хэцүү байна. Такси 1 км нь 3000 төгрөг болсон. Үүнээс хойш дандаа явган явна шүү!
Бооёо:
-За ойлголоо. Зузаан ултай гутал олж авъя гэхэд үзэгчид нир хийтэл инээлдэнэ. Үзэгчдийг тайзнаасаа мэдэрч, ямар үед юу хэлэх, хэзээ хаана инээлгэх, инээдэм нь дутсан бол дахиад инээлгэх гээд ньюнстай жүжигчин гэдгээ тэрбээр дахин дахин харуулав. Сүүлийн үзэгдэлд нь ганц бие, царай муутай эмэгтэйн дүрээр Бооёо тайзнаа гарч ирэхэд л үзэгчид дахин алга ташина. Энэ нь үзэгчид “Шинэ үе” продакшныг хүлээж, санасан мөн үзэж буй хошин шоу, энтертаймэнт тоглолтондоо сэтгэл хангалуун байгааг илэрхийлэл байв. Сүүлийн үзэгдэл үзэгчдийг инээлгэхээсээ гадна хайр ухаарал хоёрыг зэрэг түгээсэн юм.
“Хайр түгээе” тоглолт бол өнөөгийн хошин урлагийн стандарт ямар байх ёстойг харуулав. Тус хамтлагийн тоглолтын жор нь зохиолууд нь логик дараалалтай, усгүй, нуршихгүй, үзэгчдээ залхаахгүй, ритмтэй, инээдэм, ухаарал донжийг нь зөв олдогт оршдог. “Шинэ үе”-чүүд тоглолтын турш тайзны соёл, ёс зүйгээ эрхэмлэж, утга учиргүй маазраан, бэлхүүснээс дооших сэдэв, гаж, жаргон хэллэггүй тайз засал, гэрэл, хөгжим, хувцаслалт гээд цэмцгэр байж чадлаа. Залуусын сонсох дуртай хамтлагуудын пароди, реп дайралцаан нь “Хайр түгээе” тоглолтын хүсэн хүлээсэн оргил болов. Z үеийнхний хэллэгээр гал гал. Үзэгчдийн 70 хувь нь 20-30 насны залуус байгаа нь хошин урлагийнхан өөрсдөө ёс суртахуунтай, нийгэм болоод цаг үеэ мэдэрсэн сайн зохиолтой, жүжигчдийн ур чадвар хийгээд гүйцэтгэл төгс, энтертэймэнт байж чадвал инээдмийн урлаг үеийн үед оршино шүү гэдгийн батлагаа гэлтэй. Нийт 2 цаг 40 минутын турш бүх үзэгдлийг нуруундаа үүрч гарсан Н.Бооёо ганц дайчин ганцаардахгүй гэдгийг урлагийн алтан тайзнаа, гайхалтай харууллаа. Бусад жүжигчдээс СТА Х.Отгонтунгалаг, А.Ганзориг бусдаасаа илүү чадварлаг байсныг онцлоё. Тус хамтлагийн залууст хандаж хэлэхэд чин хүсэл+хөдөлмөр=авъяас болдог. Авъяасыг өөртөө бий болгож, инээдмийн урлагийн чадварлаг жүжигчин болдог гэдгийг хэлэхийг хүслээ. “Хайр түгээе” тоглолт чихэр шиг инээмсэглэл, давс шиг ухаарлыг үзэгчдэд өгч чадлаа!
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=