
TV-5 телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр БГД-ийн VI хороонд үйл ажиллагаа явуулдаг “Нууцхан” бар, зочид буудалд байнга биеэ үнэлдэг Г.Солонго гэх 20 настай бүсгүй тус дүүргийн эргүүлийн цагдаа нарын булхай луйврын талаар нэгд нэгэнгүй ярьжээ. Эх орныхоо аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн цагдаа нар биеэ үнэлэгчдийг дарамталж, торгох нэрийдлээр 20-30 мянган төгрөг тогтмол авдаг. Хэрэв “Өгөхгүй” гэвэл “Шууд ачилганд явуулна, хорино” гэж сүрдүүлдэг цагдаа нарын нэр ус, цол, хувийн дугаарыг нь баримт нотлогоотой ярьсан байдаг. Үүнийг зурагтаар үзэж суусан үеэл ах дүү болох Ц.Мөнхбат, Б.Эрдэнэмөнх нарын толгойд цагдаагийн дүрд тоглож, амар хялбар аргаар мөнгө олох мэргэн бодол зурсхийн орж ирсэн байна. Тэр хоёрын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй мөртлөө охид хүүхнүүдтэй баар цэнгээний газар наргиж цэнгэх дуртай, яг тэр үед мөнгө хаанаас олж үерхдэг охидоо баярлуулах вэ хэмээн дээшээ тэнгэр харан сууж байсан үе байв. Үеэл ах Ц.Мөнхбатын хувьд хэвлэлийн эх бэлтгэх компьютерийн дамжаанд 6 сар суусан нэгэн. Өмнө нь халамцуу явж байгаад хэд хэдэн удаа цагдаа нарт торгуулж, мөнгө, гар утсаа хуруулгаж байсан болохоор энэ удаа цагдаа болж жүжиглэн мөнгө олохоор шийдсэн байна. Ингээд ах дүү хоёр “Бөртэ” оёдлын үйлдвэрээс цагдаагийн дүрэмт хувцас худалдан авав. Дараа нь ах дүүст цагдаагийн үнэмлэх, гав, бороохой хэрэгтэй байлаа. Цагдаагийн үнэмлэх санаснаас ч амархан богино хугацаанд бүтэв. Ц.Мөнхбат танил цагдаагийнхаа үнэмлэхийг гуйж аван хэдхэн цагийн дотор компьютерийн фотошоп программ дээр хуурамч үнэмлэх хийв. Хархорин захын үүд “Эрдэнэсийн арал” гэж нэрлэдэг гар дээрээс худалдаа хийдэг наймаачдаас хуучин бороохой, нэг ширхэг гав олж аваад цагдаагийн “ажилдаа” орсон байна. Тэдний хувьд хотын баруун зах, харанхуй гудамжинд ганц нэгээрээ яваа согтуу хүнийг олзлохоор шийдсэн байгаа юм. Эхнийх нь өгөөшинд айлын найрнаас харьж явсан 60 настай Н гэгч хөгшин таарчээ. Эрдэнэмөнх мөнөөх хөгшнийг “Хэвийн бус явж байна” гэх нэрийдлээр хэд хэд бороохойдож, биед нь үзлэг нэгжлэг хийх явцдаа гар утсыг нь сэмхэн авчихав. Дараа нь хөгшнийг 60 мянган төгрөгийг нь дээрэмдэх шахуу аваад явуулсан байна. Энэ явдлаас хойш тэд зургаан сарын хугацаанд гуч гаруй үйлдлээр иргэдээс 7,2 сая төгрөгийн эд зүйл, мөнгийг нь тонон дээрэмджээ. Мөнгө, гар утас, бөгж, булган малгай, бугуйн цагийг нь мулталж аваад цагдаагийн хуурамч үнэмлэхээ үзүүлэн “Маргааш СХД-ийн цагдаагийн хэлтэс дээрээс ирээд эд зүйлээ аваарай” гэж хэлчихээд хоёр цагдаа усанд хаясан чулуу шиг алга болдог байв. Цагдаагийн хувцас нөмөрсөн эдгээр дээрэмчид СХД-ийн. дүүргийн V, VI, XVIII, XV хорооны нутагт гэмт хэргийг үйлдэж байсан нь тогтоогджээ. Сэжигтэн Ц.Мөнхбат, Б.Эрдэнэмөнх хоёр X хороололд Цамбагарав үйлчилгээний төвийн ойролцоо иргэн Б-г дээрэмдэж байхад XIV хорооны хэсгийн байцаагч дэслэгч А.Мөнхбаяр, ахлах ахлагч Ж.Сайхандэлгэр нар саатуулан баривчилжээ. Хагас жилийн өмнөөс цагдаагийн нэр барьсан 20-25 насны хоёр залуу иргэдийг ийнхүү бусдыг торгож, дээрэмддэг болсон тухай мэдээ цагдаа нарын чихэнд хүрчээ. Манайхан цагдаагийн дүрэмт хувцас өмссөн л бол цагдаа гэж ойлгодог. Өөсдийнх нь хайхрамжгүй, хэнэггүй зангаасаа болоод тэдний бичиг баримт, цагдаагийн дугаарыг нь харалгүй хэлсэн мөнгийг нь өгчихөөд явж байснаас болж ах дүү хоёр ахин дахин гэмт хэрэг үйлдэхэд хүрсэн байна. Тиймээс иргэд ямар нэг байдлаар цагдаатай харьцаж байгаа бол заавал бичиг баримтыг нь үзэж, үнэмлэхийн дугаар, энгэр, ханцуйн четоны дугаарыг тулгаж харах ёстой аж. Өнгөрсөн наймдугаар сард цагдаагийн нэр барьсан хоёр тонуулчин залууд шүүхээс 5.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй шоронд оноожээ.