Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТЭРГҮҮТЭЙ НӨХӨД ЗАСАГ ОГЦРУУЛАХ ДОН ШҮГЛЭЖЭЭ


 

Албан тушаалын сэнтийгээс буусан ч албин зангаа орхиж чаддаггүй аюултай хүмүүс байх юм. Жишээ нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Нийслэлийн захирагч асан Х.Нямбаатар нар өндөр албан тушаалаасаа огцорсон ч өлөн зангаа тавьсангүй. Хогшил хөрөнгө нь чинээндээ тулж ходоод гэдэс нь цадсан ч хомхой сэтгэл нь цадсангүй. Ялангуяа Л.Оюун-Эрдэнэ хэмээгчийн Ерөнхий сайдаас огцорсон хор шар мөддөө тайлагдах шинжгүй. Түүнчлэн хамгийн их тролл бүлэгтэй гэгдэх Х.Нямбаатар хаа холын Канадад очиж нуугдчихаад хар мянган троллуудаа Засгийн эсрэг турхираад амар заяа үзүүлэхээ байжээ. Тэд өөрсдийгөө эх оронч гэж нэрлээд төрийг аврах гэж байна гэж уянгалдаг болж. Гэвч эд нар өмнөх засагт ажиллаж байхдаа огт гэмгүй хүмүүс байгаагүй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар бол төсвийн хөрөнгийг хэдэн их наядаар нь шамшигдуулж, төрийн санг хоослох шахсан улс. Засгийн газар руу чиглэсэн шүүмжлэл бүр нь өчигдрийн алдааг засах гэсэн оролдлого биш, өнөөдрийн суудлыг ганхуулах гэсэн хар хорын тэмцэл болох нь хэн хүнд анзаарагдана. Ялангуяа саяхан болж өнгөрсөн жолооч нарын жагсаалыг үймээн самуун болгох гэж оролдоод бүтсэнгүй. Үүнд Л.Оюун-Эрдэнэ өөрийн ах “Херо” Баатар гэгчийгээ хүртэл татан оролцуулж, тагнуул, цагдаагийн хараанд өртөж тартагтаа тулав. Энэ тухай жагсаалд оролцсон иргэд шивэр авир хийхээс гадна сөрөг хүчин АН-ынхан хүртэл Л.Оюун-Эрдэнийн увайгүй үйлдлийг буруушаагаад эхэлжээ. Жишээ нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Жолооч нарын жагсаал болсон орой зориудаар цагдаа, иргэний хооронд мөргөлдөөн үүсгэх гэсэн оролдлогууд ажиглагдаж байлаа. Зохион байгуулж байгаа зарим этгээдүүдийн ард өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байсан гэж хардахаар байна. Энэ хүн “Иргэний дайн үүсгэж чадна” гэж хэлж байсан удаатай. Хэлээд байснаа л хийх гэж үзээд байх шиг байна. Чиний өмнөөс байлдчих, нэг нэгнээ хохироочих ухамсаргүй иргэн Монголд байхгүй шүү. Иргэдийг хооронд нь мөргөлдүүлж, өшөө авах гэж байгаа бол эндүүрэл!” гэж мэдэгдэв. Ер нь улс орныхоо эрх ашгийг бодоод Ардчилсан намынхан саяхан болсон үйл явдалд овоо тулхтай хандав. Харин Л.Оюун-Эрдэнэ мэтэд бол улс орны эрх ашиг огт хамаагүй. Тэдэнд үймээн самуун дэгдэж, ард түмэн хямарч л байвал болох нь тэр. Шатахууны тухайд гэвэл тэртэй тэргүй гадаад орнууд өөрсдөө хүнд байдалд орчихжээ. Тэглээ ч Монголд шатахуун оруулж ирэх гэж Засгийн газар чадах ядахаараа зүтгэж байгаа. Энд “Буян”-гийн Жаргалсайханы хэлсэн үгийг дурдууштай. Тэрээр “Шатахууныг манай хэдэн компаниуд л хариуцдаг. Засгийн газар шатахууны бизнес хийдэггүй. Тэгэхээр энэ хэдэн компаниудад л шаардлага тавьж хариуцлага тооцох ёстой” гэж хэлсэн нь хатуу ч гэсэн үнэн үг. Жолооч нарын жагсаал бол хэн нэгний захиалга биш, ерөөсөө л хар аяндаа үүссэн цугларалт байсан. Тэгтэл үүнийг дийлдэшгүй арга зальтай "Херо" Баатар мэт нь үймээн самуун болгож засаг унагах гэж оролдоод бүтэлгүйтэв. Өмнөх идэж ууснаа шингээх маягаар дуугүйхэн цагираглаад хэвтэж байж болдоггүй л юм байх даа. Олон нийтэд ил болсон баримт, мөрдөн шалгах ажиллагаа болон улс төрийн албан тушаалтнуудын гаргасан мэдэгдлийг харьцуулж үзвэл “Херо” Баатартай холбоотой дараах тоонууд гарч байна. Хамгийн их яригдсан нь “Монгол хаан” жүжигтэй холбоотой 1.9 сая ам.долларын буюу тухайн үеийн ханшаар ойролцоогоор долоон тэрбум төгрөгийн гэрээ юм. 2025 онд ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярын мэдээлснээр “Монгол хаан” бүтээл нь Л.Оюун-Эрдэнэ болон түүний ах Б.Баатарын 50, 50 хувиар эзэмшдэг “Херо энтертайнмент”-тай холбоотой байжээ. Энэ одоо тэгээд эрх мэдэл, албан тушаалын гэмт хэрэг биш гэж үү? Анхандаа “Монгол хаан” жүжгийг Европт тоглосон гэдгийг дуулж сонсоод “Манай жүжигчид овоо ш дээ” гэж бодож байлаа. Тэгтэл дараа нь төрийн мөнгөөр туйлж байсан нь ил болмогц уур нь хүрч, уушиг нь сагсайсан хүмүүс учир тоймоо алдсан. Л.Оюун-Эрдэнэ та тийм л сүрхий урлагийг дэмждэг юм бол бусад энтертайнмент, хамтлаг, продакшнуудад адилхан мөнгө төсөвлөхгүй яагаа вэ? Тэгтэл зөвхөн төрсөн ахдаа долоон тэрбум төгрөг дур мэдэн зарцуулсан чинь албан тушаалын гэмт хэрэг биш гэж үү? Мөн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа жил жилийн баяр наадмын шоу тоглолтын найруулагчаар Баатар ахыгаа томилж улсын төсвөөс хэмжээ хязгааргүй их мөнгө зарлагадаж байв. Үүнийг сэтгүүлчид яагаад сөхөж тавьдаггүй юм бол?

Энэ бүхнээс гадна өч төчнөөн асуудал бий. 2026 оны хавар Нийслэлийн прокурорын байгууллага Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой гомдол, мэдээллүүдийг үндэслэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах зэрэг зүйл ангиар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлж байв. Үүний бодит үр дүнг ард түмэн хүлээж байгаа шүү! Үнэндээ энэ ах дүү хоёр засаг үймүүлж, Монголын төрөөр тоглож ханахгүй нь ээ! Тэгээд бүр “Иргэний дайн үүсгэж чадна” хэмээн улайм цайм хэлж суухыг яана? За, тэгээд Х.Нямбаатарын хувьд ярихын ч хэрэггүй. Тэгсэн хэрнээ энэ нөхөр Канадад очиж нуугдчихаад Монголын засаг төрөөр дайжин тохуу хийгээд л сууж байдаг болсон. Түүнчлэн сав л хийвэл элдэв долоон юм ярьж засаг үймүүлэх хандлагатай байгаа Д.Амарбаясгалан “Бор тээгийн орд” гээчтэй холбогдоод бөөн асуудал үүсгээд байгаа. Энэ “Бор тээг” нь 2023 оны тухайн үеийн биржийн үнээр, олборлолтын зардлыг хассан тооцоогоор 404 их наяд төгрөг юм байна. Хэрвээ үүнд Д.Амарбаясгалан лавхан холбогдсон нь шалгалтаар илрэх юм бол энэ нөхөр маш том асуудалд унах нь ойлгомжтой. Тиймээс эдгээр нөхөд засаг унагаж, өөрсдөө төрийн эрхэнд гарах гэж зүтгэх нь аргагүй юм. Тэдний троллуудын постолж буйгаар Л.Оюун-Эрдэнэ буцаад Ерөнхий сайд болж, Д.Амарбаясгалан УИХ-ын дарга, харин Х.Нямбаатар буцаад хотын дарга болох юм бол Монголын ард түмэн цэнгэлийн манлайд хүрэх юм гэнэ ээ! Иргэний дайн үүсгэж, төр эргүүлэх бодол өвөрлөсөн Л.Оюун-Эрдэнэ мэтийн нөхдийн үзэл санаа нэг иймэрхүү. Өнөөдөр нэгэнд нь “Таны талд байна” гэж шивнэнэ. Маргааш нөгөөд нь “Улс орны төлөө” гэж санаа алдана. Нөгөөдөр нь өөрийнхөө зохиосон үймээнийг холоос ажиглаад, “Хар даа, төр өөрөө нурж байна” гэж толгой сэгсэрнэ. Үг бүрийнх нь цаанаас улс төрийн тооцоо, үйлдэл бүрийнх нь цаанаас өнгөрсөн үеийн хорсол цухалзана. Хүмүүсийн айдсыг баримт мэт, хардлагыг нотолгоо мэт, цуурхлыг олонхийн дуу хоолой мэт харагдуулж, эцэст нь өөрийнхөө ноцоож өрдсөн галын дэргэд хамгийн түрүүнд гүйж очоод, “Би л энэ галыг унтраах ёстой” гэж цээжээ дэлдэнэ. Ингэхдээ тэд сэлэм сугалсангүй, буун дуу гаргасангүй. Харин элдвийн хорт үгсийг хутга шиг хурцалж, ахуй төрийг үнэгүйдүүлж, ард олны тархийг эргүүлж сууна!

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=