АРД ТҮМНИЙГ КОРОНАГААР АЙЛГАЖ, АР ХУДАРГААР НЬ АЛБАН ТУШААЛАА НАЙМААЛЦАЖ ЭХЭЛЖЭЭ


МАН  өнгөрсөн парламентад үнэмлэхүй олонхи байсан ч төр, улсын хэрэгт хүчээ нэгтгэхээс илүү төсөв мөнгийг яаж уралдаж идэхээрээ л хүчээ нэгтгэсэн. УИХ-ын 49 гишүүн нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой сангаас тэрбум, тэрбум төгрөгийг хуваан идсэн нь илчлэгдсэн ч өнөөдрийг хүртэл ял шийтгэл хүртсэн нь тун цөөн. Шударга үнэний төлөө ясаа цайтал тэмцэнэ хэмээн сүртэй нь аргагүй хашгичиж байсан МАН-ын дарга  У.Хүрэлсүх ЖДҮ-чин гишүүдээ  УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй, мөн намын нэрээр албан тушаалд томилохгүй хэмээн ам өчгөө өгч байсан цаг саяхан.  Гэтэл түүний хэлсэн үг ердөө хэдхэн хоногийн настай байжээ. УИХ-ын сонгуульд ЖДҮХС-д гар хуруугаа лавхан дүрж, сонгуулийн мөнгөө санаа зовох зүйлгүйгээр бүрдүүлсэн цөөнгүй гишүүн нэр дэвшсэн. Харин одоо тэрээр үлдсэн ЖДҮ-чин гишүүддээ өөрөө хайр зарлаад эхэлжээ.


ЖДҮ-чин Я.Содбаатарыг Шадар сайдаар томилж, Д.Хаянхирвааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар, улсад өч төчнөөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг 40-хөн сая төгрөгөөр торгож,  бусад гишүүддээ боломж олгож УИХ-ын гишүүн асан, ХХАА-н сайд асан Б.Батзоригийг бас л торгох ялаар шийтгэсэн болоод толгойг нь илээд өнгөрсөн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хайр ивээл үүгээр дуусахгүй бололтой. Коронавирусээр далимдуулж, хөл хорионы хатуу дэглэмд ард түмнээ оруулж, анхаарлыг нь сарниулж байгаад улсын мөнгийг уулгалан идэх  томилгоонуудаа үргэлжлүүлсээр байна. Хамгийн сүүлд гэхэд “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн дэд захирлаар УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг томилохоор тохироо хийгджээ. Л.Энхболдыг гурван ч удаа ЖДҮХС-гаас зээл авч, бусдад төлөх өрөө барагдуулсан болохыг УИХ-ын чуулганы танхимд Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан баримттайгаар хэлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлж өгөхийг хүсч байсан. Гэвч идэж уухдаа итгэл зүтгэл нэгтэй МАН-ынхан Л.Энхболдыг чөлөөлөх шаардлагагүй хэмээн олонхийн саналаар авч үлдэж байсан. Гэлээ гээд түүний хийсэн хэрэг цайрахгүй. АТГ болон Улсын мөрдөн байцаах газраас шалгаж тогтоогоод өдгөө түүнд зөвхөн шүүхээс ял оноохыг хүлээж буй. Гэтэл тэрээр шоронд орохоосоо үнхэлцгээ хагартал айж, У.Хүрэлсүхийнхээ өмнө уйлан дуугаран суусны хүчинд ийнхүү албан тушаал авч байгаа бололтой. Коронавирусийн мэдээгээр ард түмнийг айлган сүрдүүлж байх зуураа ар хударгаараа ийнхүү албан тушаалын наймаагаа аль хэдийнэ хийгээд эхэлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=