ЭРГЭЛЗЭЭ-4


ЭРГЭЛЗЭЭ-4
/Хатуу хөл хорионы үеийн хошин егөөдөл/
Таминь ээ! Сүүлийн үед шуурхай мэдээ үзэхээр Улсын Онцгой маниусыг эргэлзүүлээд байдаг боллоо. Хатуу хөл хорио тогтоосон ч юм шиг. Хүчит шонхор захыг нь харахаар хөл хориогоо цуцалсан ч юм шиг. Автобусанд чихэлдэхээр корона тусахгүй ч юм шиг, Машинаараа явахаар корона тусах гээд байгаа ч шиг юм яриад байхын. Коронавирус нь аймшигтай тахал ч юм шиг, нэг муу томуу ч юм шиг. Хөл хориог сунгасан нь дээр ч юм шиг дэмий ч юм шиг. Оношилгооны аппарат нь ориг ч юм шиг хулхи ч юм шиг юм ярихын. “Хархан нүдэн” тоглолтоос корона вирус “алдцан” ч юм шиг, хойд хөршөөс төмөр замаар ай-ль эрт “ацарцан” ч юм шиг. Хэн мэдэх үү? Хотын дарга нь ядраад байгаа ч юм шиг, нэгэн бодлын ялархаад байгаа ч юм шиг. Энхсаран сувилал нь Сарангэрэл сайдынх ч юм шиг, Содбаатар даргынх ч юм шиг. Ёстой чөтгөр бүү мэд ээ! Шуурхай мэдээ үзэхээр дарга нар нь ард түмнээ загнаад байгаа ч юм шиг, зөвлөөд байгаа ч юм шиг. Коронавирус сарын өмнө илэрсэн ч юм шиг, сошиол комент уншихаар жилийн өмнө тарцан нь ч юм шиг. Ерөнхий сайдын 23 мэдэгдэл нь ядарсан ард түмнээ тэтгэх гээд байгаа ч юм шиг доромжлоод байгаа ч юм шиг. Монгол банк нь бүх төрлийн зээлийг царцаасан ч юм шиг, царцаагаагүй ч юм шиг.
Хөл хорионд хөлбөрөөд хэвтэх сайхан ч юм шиг хөргөгчөө онгойлгохоор муухай ч юм шиг. Нямхүү эмчийн яриагаар коронавирус нь ярьдаг ч байгаа ч юм шиг, зомби ч юм шиг толгой эргүүлээд хаячихын. Корона туссан хүүхний яриаг сонсохоор буудалд сэгсийтлээ хавьтсан ч юм шиг хавьталд ороогүй ч юм шиг. Ковидын эсрэг вакцин гарсан ч юм шиг нэг бол гараагүй ч юм шиг. Хүүхдүүдээ харахаар теле хичээлээ давтаад ч байгаа ч юм шиг, гар утсаараа өдөржин папжий-тоглоод байгаа ч юм шиг. Майдар бурханы хөшөө хэрэгтэй ч юм шиг маскны үйлдвэр барьсан нь хамаагүй дээр ч юм шиг бодогдохын. Эхлээд эрүүл мэндээ аврах ёстой ч юм шиг, эдийн засгаа аврах ёстой байсан ч юм шиг. Хатуу хөл хорионы үеэр монголчууд цухалдаад байгаа ч юм шиг, хар ус ууж чадахгүйдээ бухимдаад байгаа юм уу. Ингэж бодохоор аймаар тахал улсыг маань мөхөөх ч юм шиг, Харин эсрэгээрээ архины хэрэглээ монголыг сөнөөхөд амархан ч юм шиг санагдаад байх боллоо!

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=