РС ТОГЛОХЫН ТУЛД ГУРВАН ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨЖЭЭ


Баянгол дүүрэгт оршин 60 настай Цэцэгмаа, түүний 15 настай зээ охин Ундрам, таван настай Тэмүүлэн нарын амь насыг  2009 онд онц хэрцгий аргаар бүрэлгэсэн хэрэг Монголын эрүүгийн хар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн гэхэд болно. Талийгаачдын хоолойн тус газар нь вени артерийн судсыг нь хутгаар тасалж, амь насыг нь хөнөөсөн болох нь шүүх эмнэлгийн магадлалаар тогтоогдсон юм. Нэг үгээр гэр бүлийн гурван хүнийг нэг дор хөнөөсөн арилсан дотортой “хүн араатнууд” хэн байв? Эл хэргийн гардан зохион байгуулсан 22 настай Лхагва нь тэдний ураг төрлийн хамаатан байсан гээд бод. Алуурчид талийгаачаас алмаз, сувд, алтан гинж, 20 ам.долларын хамт хулгайлсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байдаг. Э.Лхагва 1987 онд төрсөн. Бүрэн бус дунд боловсролтой, эмэг эх, ахын хамт гурвуулаа амьдардаг бол  түүний хамсаатан алуурчин Д.Мэндсайхан 1988 онд төрсөн, 21 настай нэгэн байлаа. Хорин хэдэн настай, урд өмнө ял шийтгэл эдэлж яваагүй хоёр залуу гурвын гурван хүний амь насыг хөнөөчихөөд шүүхийн танхимд орж ирсэн юм. Эрүүгийн шүүх хуралдаан эхлэх гэж байхад шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас санал иржээ. Тэднээс “Шүүгч Ичинхорлоо, Оч нараар шүүлгэхгүй” гэж санал оруулж, үүнийг шүүгчид хэлэлцээд өмгөөлөгчдийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хурлыг үргэлжлүүлэхээр болсон. Улсын яллагч хавтаст хэргийн материалыг танилцуулж байлаа. Шүүгдэгч Э.Лхагва болсон хэргийг хэлэхдээ урьд өгч байсан мэдүүлгүүдээсээ зөрж эхлэв. Шүүгдэгчийн ярьснаар “2009 оны наймдугаар сарын 17-нд Мэндээтэй хамт РС тоглосон. Тэндээс гараад гэр лүүгээ явсан юм. Гэтэл Мэндээ манай хамаатныг алчихаад инээд алдан орж ирэхийг нь би мэдээгүй. Энэ хэрэгт би ямар ч холбоогүй” хэмээн гүрийж байлаа. Харин Д.Мэндсайхан нь шүүхийн индэрт мэдүүлэхдээ,

-Тэр өдөр Лхагва над руу ирээд бид хоёр интернэт орохоор гарсан. Тэгээд РС тоглохоор 3,4 дүгээр хорооллын Шонхор төвд очлоо. Тэгтэл Лхагва “Манай хамаатны эгчийнх энд байдаг. Автобусны мөнгө  аваатхая” гэсэн. Зургаан давхарт намайг үлдээж, өөрөө цаг гаруй алга болсон байх. Тэгснээ дээгүүрээ нүцгэн зүүн гартаа хутга барьчихсан, цус нөж болчихсон амьтан гарч ирээд надаас цүнхээ нэхсэн. Би цүнхийг нь аваад явж байсан юм. Лхагваа “Чи ийшээ ор!” гээд хутгаараа чичлээд байлаа. Би айгаад тэр айлд ороход галын өрөөний шалан дээр цусандаа холилдсон нэг эгч хэвтэж байсан. Том өрөөнд ороход хөнжлөөр бүтээсэн жаахан хүүхдийн цогцос байх шиг санагдсан. Би ийм аймаар зүйл хараад маш их балмагдсан. Гэтэл гаднаас түлхүүрээр онгойлгоод нэг охин орж ирсэн. Орж ирээд охин “Эмээ яасан бэ?” гэхэд Лхагва хоолойг нь багалзуурдаад чирсэн. Тэгээд ухаан алдуулчихаад, намайг хутгал гээд хутга өгсөн. Би “Үгүй” гэсэн чинь “Чамайг ч гэсэн хамт ална шүү!” гэж айлгаад толгой дээрээс минь дарахад би тэр охины амыг тагласан. Лхагваа намайг “Арчаагүй пийз” гээд өөрөө хутгаараа охины хоолойг нь хэрчсэн. Тэндээс гарахад миний өмдний халаасанд гинж, бөгж хийсэн байсан. Бид ломбард орж тавих гээд найз Одбаярынд очиж бичиг баримтаар нь тавьсан” гэв. Харин өмнө нь өгсөн мэдүүлгүүддээ алуурчин Лхагва “Би хүн алмаар байна” гэж найздаа ярьдаг байжээ. Мөн “Би Мэндсайхантай нийлж хамаатныхаа айлыг хүйс тэмтэрнэ” гэж гэрчүүдэд ярьсан тухай хавтаст хэрэгт дурьдсан байв. Яагаад мэдүүлэг зөрөх болсон талаар шүүгч, улсын яллагч нар Э.Лхагваас асуув. Тэрбээр,

-Миний өнөөдрийн ярьж байгаа бүхэн үнэн. Өмнөх мэдүүлгүүд худлаа байсан. Яагаад гэвэл мөрдөн байцаагч Энхтайван намайг дарамталж “Чи муу тэгж хэл, ингэж хэлэхгүй болно мөрдөнд амьтан болгоно шүү!” гэдэг байсан. Түүнээс биш надад хүн алах ухамсар байхгүй. Хэрвээ би хүн алсан бол Мэндсайхан намайг цагдаад өгөх л байсан шүү дээ гэлээ. Харин Мэндсайхан нь би нэгдүгээр сарын шүүх хурал дээр худал мэдүүлэг өгсөн. Учир нь Лхагва мөрдөнд хоригдож байхад минь орж ирэд намайг айлгадаг байсан. “Танайхныг хүйс тэмтэрнэ” гээд л. Түүнээс би ямар ч хүн алаагүй гэжээ. Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр гэрчээр дуудагдсан Ж.Одбаяр хэлэхдээ “Анх Мэндсайхантай танил байсан, Лхагвад би угаасаа дургүй. Жаахан хэрнээ худлаа ярьдаг хаа ч явсан худал хэлж явдаг болохоор манай найзууд ч тэр, би ч дургүй. Тэр хэрэг болсны маргааш өдөр энэ хоёр над руу залгаад бичиг баримтаа өгөөч гээд залхаасан. Би байхгүй гэсэн. Орой би найзуудтайгаа уулзахаар гарч явтал тэр хоёртой байрныхаа гадаа таарсан. Тэгээд ломбардад юм тавих гэсэн юм гээд миний бичиг баримтаар тавьсан. Гарч ирээд шууд бичгийг нь Лхагва урсанд би гайхсан. Би энэ хэрэгт холбогдсондоо, Мэндсайхантай танилцсандаа харамсч байна гэлээ. Харин Э.Лхагвын эмэг эх Долгорсүрэнг гэрчээр дуудан мэдүүлэг авахад “Миний хүү багаасаа сэтгэцийн өвчтэй. Би таван сартайгаас нь хойш харж хүн болгосон. Бидэнд гачигдах зүйл гараагүй. Талийгаач миний төрсөн дүү бөгөөд биднийг харж ханддаг хүний нэг байсан” гээд уйлж байлаа. Харин шүүгч, Э.Лхагвын өмнө өгч байсан мэдүүлгүүдийг уншиж мансуурах эм хэрэглэж байсан талаар асуухад “Үгүй” гэснээ “Седуксин ууж унтдаг”  гэж ам алдав.  Алуурчдад ЭХ-ийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 2.1, 2.6, 2.11, 2.16, 2.15, 2.12, 2.7 дугаар зүйл ангиар шүүгдэгч нарт цаазаар авах ял оноов. Мөн хохирогчдын ажил явдалд зарцуулсан зургаан сая гаруй төгрөгийг ар гэрт нь олгуулахаар шийдвэрлэв.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=