САНАЛ ТООЛОХ МАШИНЫГ ХАКЕРДАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ


ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү зарим асуудлаар цаг үеийн мэдээлэл өгсөн юм. Түүний ярьснаар, санал тоолох машиныг хакердах ямар ч боломж байдаггүй, харин бусдад ийм итгэл төрүүлэх замаар залилан хийхийг хэсэг бүлэг хүмүүс завдсан гэдгийг энэ үеэр онцолсон. Ингээд түүний сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэе.

-Санал тоолох машиныг хакердах боломжтой юу, энэ талаар хүмүүс хоорондоо ярьсан бичлэг задарсан?

-Санал тоолох машиныг хакердах боломжгүй гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Энэ төхөөрөмжийг сонгуулийн үйл ажиллагаанд 2012 оноос хойш ашиглаж байгаа. Үүнээс хойш явагдаж байгаа Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн, УИХ-д ашигласан. Сонгууль бүрийн дараа маргаан гарахад шалгалт явуулахад ямар нэгэн зөрүү, зөрчил гарч байгаагүй. Машиныг хакердах ямар ч боломжгүй. Харин санал тоолох машиныг хакердана хэмээх аудио бичлэгийг өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдсон хүмүүс ашиг сонжоо олох зорилгоор бусдад итгэж үнэмшүүлэх замаар бусдад хамтран ажиллах санал тавьсан үйлдлийг шалгаж байгаа. Уг этгээдүүд машинд халдах ямар ч боломжгүй гэдгээ мэдэж байсан. Хуульд заасны дагуу залилангийн гэмт хэргийн шинжтэй байгаа тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн" гэлээ. 

-Дөрвөн этгээд бодит байдлаар мөнгө аваад залилсан хохирол тогтоогдсон юм уу?

-Бодитоор мөнгө аваад залилсан үйлдэл тогтоогдоогүй. Эдгээр иргэд бусдад итгүүлэх замаар сонгуулийн машиныг хакердана, нөлөөлөх боломжтой гэдэг байдлаар яриа өгүүлэл гаргасан. Тухайн бичлэгт гарсанаас гадна өөр нам, нэр дэвшигчтэй уулзсан нь тогтоогдсон учраас залилах гэмт хэргийн үйлдэл байна гэж үзэж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

-Сүхбаатар аймагт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь архи тараасан асуудалд танай байгууллагаас ямар шалгалт хийж байгаа вэ?

-Сүхбаатар аймагт архи тараасан гэх асуудлаар гомдол мэдээлэл ирсэн. Шалгаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэнийг холбогдсоныг хэлэх боломжгүй. Эцсийн гэм буруутай этгээдийг яллагдагчаар татах үед тогтоодог. Одоо хэрэг шалгагдаж байна.

-Мөнгө тарааж байгаа асуудлаар тайлбар өгөхгүй юу?

-Олон нийтийн сүлжээнд гарсан мөнгө тараасан гэх мэдээллүүдтэй холбоотой шалгалт хийж байна.

-Орон нутгийн сонгуулийн үеэр мөнгө тараасан, хууль бус зүйл хийсэн гэх гомдол хэчнээн ирсэн бэ?

-Надад нэгдсэн тоо өгөөгүй байна. Хэд хэдэн гомдол орон нутаг болон Улаанбаатарт бүртгэгдсэн. Гомдлыг шалгаж байна.

-Хар машиныг хакердах тухай бичлэгийг эвлүүлэг гэж мэдэгдсэн?

-Тухайн бичлэгийг эвлүүлэг мөн бишийг хэлэх боломжгүй. Тухайн бичлэгт бичигдсэн хакердах боломжтой гэсэн яриа нь залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл учраас цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.

-Бичлэгт байгаа улс төрчдөд хэрэг бүртгэл нээх үү. Төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг  зүйл ангид орох уу?

-Энэ нь төрийн эрх мэдлийг хууль бусаад авах гэмт хэргийн шинжгүй, залилах гэмт хэргийн шинжтэй байсан.

-Тэгэхээр хакердана гэсэн бичлэгт гарсан улс төрчид хохирогчийн статустай гэсэн үг үү?

-Түүнийг хэлж мэдэхгүй. Нэр дурдагдаад байгаа этгээдүүд нь өөрсдөө тоног төхөөрөмжийг хакердах боломжгүйг мэдсээр байж тухайн асуудлыг боломжтой мэтээр ярьж явсан учраас залилах гэмт хэрэг гэж шалгаж байна. Эцсийн шийдвэр  гараагүй.

 

 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=