ХАЗЗА ОМГИЙНХНИЙ АМЬДРАЛ 10000 ЖИЛИЙН ТУРШ ОГТ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ


 Өрөөсөн гартаа нум барьсан 10,000 жил болсон ч тэдний амьдрал өөрчлөгдөөгүй. Танзанид амьдрах Хазза (буюу Хаззабэ) омгийнхон тэгж л их байгаль дунд амьдарсаар ирж. Анаашны арьсаар хийсэн тэдний нум сум тахь, усны үхэр, бодон гээд том амьтдаас авхуулаад шувуу, хэрэм, зурам гэсэн жижиг амьтдыг ч унагаж орхино. Сумандаа хор түрхсэн байдаг тул, оногдсон амьтад сумны шарханд гэхээсээ хоронд хордож үхдэг бололтой юм. Ан гөрөөгөөр амьдралаа залгуулах тэдэнд суурьшил гэж үгүй. Нэг газар нэг сараас илүү тогтолгүй, ан гөрөөгөө хөөгөөд ийш тийш нүүдэллэнэ. Тэд очсон газартаа гэр барихдаа цагаас илүү хугацаа зарцуулахгүй. Тэдний гэр нь жижиг мөчир, өвс зэргийг томж холбосон бяцхан урц маягийн зүйл байх ба борооны улиралд л ашиглах түр зуурын оромж төдий. Хуурайшлын улиралд бол түүдгийн дэргэд хээр хонох нь элбэг.


Профессор Frank Marlowe сүүлийн 15 жилийн турш Хазза омгийг судалж буй нэгэн. Түүнийхээр бол Хаззачуудын аж амьдрал холын өвөг дээдсийн үеэсээ огт өөрчлөгдөөгүй байгаа гэнэ. Генийн судалгааны үр дүнг харвал, хаззачуудын холын өвөг нь 100,000 илүү жилийн өмнөх өнөөгийн хүн төрөлхтөний “хамгийн эртний” цусыг өвлөсөн байх магадлалтай. Тэгээд одоогийн ан гөрөө хийдэг амьдралын хэвшил нь дор хаяж газар тариалан эхлэхээс өмнөх 10,000-аад жилийн тэртээгээс тоологдох нь бараг нотлогдоод буй. Шүүрс алдам урт удаан үргэлжилсэн хүний түүх гэдэг, үнэндээ түүний 99%-д нь яг хаззачууд шиг амьдралаар амьдарч ирсэн гэх. Эсрэгээрээ сууриншиж газар тариалж, мал адгуулах болсон нь хамаагүй саяхны явдал буюу хүний түүхийн ердөө нэг хувьд хүрэхгүй богинохон өрнөл. Тэгсэн хэрнээ тэр 1%-ийн хормын төдий хугацаандаа өөрийнхөө 99%-ийн амьдралаа ул мөргүй шахуу өөрчлөөд тавьчихсан байх юм. Суурин иргэншил, тэгээд газар тариалан. Яриа байхгүй хүн төрөлхтөнд арвин их баялаг дагуулж ирсэн. Харин алдарт бүтээл “Буу, нян, төмөр”-ийг бичсэн өнөө цагийн их сэтгэгч Жаред Даяамонд “Газар тариалан эрхэлсэн явдал бол хүн төрөлхтөний хамгийн том алдаа байсан” гэж өгүүлсэн нь бий.’


Газар тариалангийн элбэг дэлбэг хийгээд тогтвортой ургац суурингийн хүн амыг суга өсгөжээ. Тэгээд суурин нь хот болж, хот нь төр болсон. Гэвч түүний золиос ч бас бага байсангүй. Хүн амын хэт нягтаршил халдварт өвчнийг гааруулж, тогтвортой гэж санасан газар тариалангийн үйлдвэрлэл ч бас үе үехэн их өлсгөлөнд автуулна. Тэгээд юу юунаас илүүтэй нь, улс болон талцах өргөн хүрээний дайн гээч зүйл өнөөдөр ч үй олон хүнийг хядсаар л байна.


Газар тариалан гэж мэдэхгүй хазза хүмүүс тэмцэлдэнэ гэж үгүй. 20-30-аараа отог болон хуваагдаж амьдрах тэдэнд албан ёсны удирдагч ч гэж үгүй. Ахмадууд гэгдэх буурайчууд байдаг ч, илт онцгой эрх дарх эдлүүлсэн зүйл байхгүй. Яах вэ, том олз авласан үед, хүндэтгэл гээд толгойг нь ахмадууддаа барьдаг л даа. Тэмцэлдэх дургүй хаззачууд харийн хүмүүс нутагт нь орж ирсэн ч эсэргүүцнэ гэж байхгүй. Зүгээр л өөрсдөө зай тавиад нүүгээд явчихна. Аж амьдрал нь бүхэлдээ “өнөөдрөөрөө амьдрах” тул эд агуурс хуримтлагдана гэж санахын ч хэрэггүй, хаззачуудад хөрөнгө хогшил байтугай, хүн нэг бүрт нь хувийн эд хэрэгсэл гэхээр юм ч байхгүй шахуу. Эрх мэдлээр ч ялгарахгүй, эд баялгаар ч ялгарахгүй. Томчууд нь хэнд ч тушаагдахгүй, бас хэнийг ч тушаахгүй.

Эр эмийн харьцаа ч бас ерөнхийдөө эрх тэгш боловч, нарийн харвал эмэгтэйчүүд нь давамгайлах талдаа. Ямартай ч эрчүүд нь галзуурсан ч эмэгтэйчүүдээ захирах гэж оролдохгүй. Хазза омгийнхон дотор гэр бүл салалт болбол гол төлөв эхнэр нь нөхрөө хаяна. Хаягдсан эрчүүдийн хамгийн түгээмэл шалтгаан нь “ан гөрөөнд муу” гэх явдал. Ангаас гар хоосон ирсэн эрчүүд дээр тусах хүүхнүүдийн харц ширүүн гэж жигтэйхэн. “Ёстой нэг хэнд ч хэрэггүй амьтан!”, “Унтаад байлгүй, ахиад анд яваач!” гэлцэн загнаж гарна.Олз омог ховордоод ирэхээр эрчүүд цээжээ хавчин толгой гудайлгана. Тийм үед зөвхөн өдөр л явдаг андаа шөнөөр ч хамаагүй явцгаана. Учир нь хүүхнүүдийн хамгийн дуртай олз бол “нохой сармагчин (baboon)” болохоор тэр. Нохой сармагчны соёо айхтар хурц, махыг бол хөнгөхөн ярна. Анч удамтай хаззачууд ч гэлээ сэрэмжтэй л байхгүй бол өөрсдөө ч бариулж мэднэ. Гэсэн ч тийм эрсдлийг сөрөөд ч болов агнах үнэ цэнэ нохой сармагчинд бий. Тэр бол хаззачуудын хамгийн амтат зоог, юу юунаас илүү хүүхнүүдийн зүрхийг татах бэлэг. Хазза омгийн залуу хурим хийхийн тулд эхнэртээ 5 нохой сармагчин өгөх ёстой гэдэг. Нохой сармагчин авлаад ирсэн эрийг харсан хүүхнүүдийн нүд илт сэргээд ирнэ.

“Удаан хүлээсэн амтат зоог минь. Ямар гоё юм бэ” гээд л эхнэр нь болно. Сайн эрийн хамгийн гол шинж бол “анд гарамгай байх”. Гэсэн ч олзтой ирсэн эр өөрөөрөө бахархдаггүй дүрэмтэй. Ангийн олз гэдэг аз эзээс нэн хамааралтай юм хойно.Хаззачууд 10,000 илүү жилийн турш ан гөрөө хийж ирсний цаана төдий дайны шалтгаан ч бас бий. Тэдний амьдрах нутаг давсны агууламжаар хэт өндөр тул газар тариаланд огт тохирохгүй. Усаар ч дутмаг хэрнээ, хортон шавьж хаа сайгүй. Тэдний хувьд газар тариалан хэзээ ч амьдралтай сонголт байгаагүй тул өнөө үеийг хүртэл ан гөрөө л хамгийн зөв зам байж иржээ. Тэгээд ч энэхүү байгаль орчны хатуу ширүүн нь нэг талаар тэдэнд аз завшаан ч болсон юм. Учир нь тэднээс өөр хэн ч ийм газар амьдрахыг хүсээгүй болохоор тэр.

Харин тэгтэл сүүлийн үед эрт цагаас нааш хаззачууд л амьдарч ирсэн эх газарт олон тоогоор харь хүмүүс шавалдах болж. Үхэр туусан нүүдэлчид, эрдэнэ шишийн тариачид, зугаа хөөсөн жуулчид хийгээд хулгайн анчид ч бас үзэгдэнэ. Тэмцэлдэх дургүй хаззачууд тэр бүрийд зүгээр л зай тавин нүүдэллэсээр, нэг мэдэхнээ бүх нутгийнхаа 90 хувийг харийнханд эзлүүлчихэж. Харийнхны хөндөлсөл байгаль орчныг нэлээдгүй өөрчилжээ. Эрдэнэ болсон ус нь үхрийн шээсэнд бохирдож, жижиг амьтад үүрлэн орогнодог бут сөөгүүд тайрагдан тариалангийн талбай болж. Хаззачууд 10,000 жилийн туршид амьдрахдаа байгальдаа өчүүхэн ч ачаалал өгөөгүй байтал, харийнхнаас учруулах ачаалал хэмээс хэтэрч буй бололтой. Харийнхан харин эгэл бүдүүлэг хазза омгийнхныг дээрэнгүй нүдээр дорд үзнэ. Танзанийн засгийн газар ч бас хаззачуудын амьдралыг өөрчлөхийг завдана. Улсад нь нохой сармагчин авладаг омог амьдарсаар байгаа нь олон улсад сөрөг сурталчилгаа болно гэж сэрэмжилдэг юм байх. “Суурин амьдруулж, боловсрол эзэмшүүлнэ” гэж засгийн газраас нь бодлого хүртэл гаргажээ. Харин хазза омгийн хүүхдүүд “Сургуульд явмааргүй байна” гэж толгой сэгсэрцгээнэ. Учир нь хотын сургуульд “байгальд амьдрах ур чадвар заадаггүй” гэж тэд нэгэн дуугаар хариулдаг. Тийм ур чадвар (нум сум харвах гэх мэт) байхгүй бол тосгоныхон нь ад үзнэ. Хазза омгийн идэр залуус уламжлалт цэргийн сургуулилтаар нум сумын эрдэмд суралцдаг. Тэрхүү цэргийн сургуулилт гэдэг нь бусад отгуудаар дамжин амьдарч, янз бүрийн мэдлэг ур чадварыг өөртөө шингээх явдал юм. 20, 30-аараа хуваагдан отог болж амьдрах хаззачууд ийм байдлаар залуучууддаа эрдэм ухаанаа уламжлуулан өвлүүлж иржээ. Ер нь ч тэгээд сургуульд явлаа гээд тэр нь сайхан амьдралын баталгаа болох биш. Сургууль төгслөө ч ажил олдоо ч билүү. Ажил ч олдохгүй ядуу амьдрахаар, ан хийгээд чөлөөтэй амьдарсан нь дээр гэж үзэх залуучууд ч цөөнгүй.



Өрнөөс ирсэн суурин амьдралын хэв маяг дунд хар бараан нь ч бас мундахгүй их. Орчин үежиж буй хаззачууд дунд архинд донтож, гэр бүлээ хүчирхийлэх гэх мэт явдал асуудал болж буй гэнэ. Уул зангаараа эмэгтэйчүүдийн өөдөөс толгой ч өргөдөггүй хазза омгийн эрчүүд одоо бүр эхнэрээ зодож алсан хэрэг хүртэл гарсан гэж байгаа. Өнөөдөр хаззачууд хэцүүхэн орчинд аж төрж байна. Байгаль орчны хэцүү гэхээсээ илүү, харийнхны халамж хэрээс хэтэрсэн хэцүүдэл. 10,000 илүү жил үргэлжилсэн хазза омгийн түүх мөдхөн төгсөх гэж байж ч мэдэх юм. Гэсэн хэдий ч хаззачууд юунд ч үл санаа зовно. Тэдний бодолд угаасаа “санаа зовох” гэдэг үг өгүүлбэр огтхон ч байхгүй. Юу гэвэл, тэдэнд цаг хугацааны ухагдахуун гэж үгүй. Байгаа нь зөвхөн “өнөөдөр” гэдэг өдөр л байна. Маргааш, нөгөөдөр гэх мэт үг байдаг ч, түүнээс цаашхийг илэрхийлэх үг ухагдахуун тэдний 10,000 жилийн амьдралд нь шаардагдаагүй бололтой юм. Мөнхүү өнгөрсөнд ч хорогдох сэтгэл бас үгүй. Тэднээс насыг нь асуувал хэн ч өөрийнхөө насыг мэдэхгүй. “Үхэхээр яах вэ гэж үү? Хэн мэдлээ” гээд л мөрөө хавчина. Тэд шашин сүсгийн асуудалд ч гайхмаар тоомжиргүй хандана. Ямар ч цаг үед, юу ч болдог бай, тэд зөвхөн “өнөөдөр”-өөрөө л амьдарч ирж. Бидэнд бол тайван байхын аргагүй аймшигтай үзэл гэж санагдах биз. Харин “зөвхөн өнөөдрөөр амьдрах” тэдэнд 10,000 илүү жилийн бодит туршлага байна. Тэгвэл амар тайван гэж сонгосон бидний амьдралын хэв маяг ямар юм бол? Хүний түүхийн 1%-д ч хүрэхгүй хугацаанд дэлхийгээ бараг л нураачих шахаад байна бус уу? Тэд ингэхэд ер нь ахиад цаашаа хэр удаан амьдрах юм бол доо?.

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.