БҮХ ЦЭРГИЙН АНГИД ШАЛГАЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО


Сар орчмын өмнө цэргийн албанд татагдсан 21 настай залуу учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Батлан хамгаалах сайдын мэдээллийг сонсч, Ерөнхий сайдын зүгээс ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм.  Зэвсэгт хүчний анги бүрэлдэхүүнд харамсалтай явдал удаа дараа болж байгаа асуудлыг хянан шалгаж,  эрсдэлийг бууруулахыг даалгасан байна. Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө. Тэрээр "Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Болж байгаа асуудлаар урд нь УИХ-ын хүний эрхийн дэд хороо хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Уг тогтоолын хэрэгжилтийг салбарын хүрээнд буюу зэвсэгт хүчний, хилийн, дотоодын цэргийн ангиуд хэрхэн мөрдсөнийг авч үзэж, дүгнэлт боловсруулна. Хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгуур нөхцөл, холбогдох хууль, журам, ахуйн нөхцөл гэсэн бүх хүрээнд судалж, дүгнэлт гаргах шаардлагатай байна гэсэн шийдвэр гаргалаа" гэв.

Ажлын хэсэг батлан хамгаалах салбарын зэвсэгт хүчний, хилийн дотоодын гээд бүх цэргийн ангид шалгалт хийнэ гэдгийг тэрбээр хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=