Д.МӨНХ-ЭРДЭНЭ: МИНИЙ ЭРХИЙГ БАЙНГА ЗӨРЧИЖ БУЙ УЧИР ГОМДОЛТОЙ БАЙНА


Өөрийн үзэл бодол, дуу хоолойгоо олон нийтийн сүлжээгээр хүргэж байсан  Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял оноосон.  Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хоёр жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хахууль өгсөн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оноолоо. Хорих ялыг нэмж нэгтгэснээр 3 жил 10 сар болж буй юм байна. Д.Мөнх-Эрдэнэ нь одоогоор хорих ялаа эдэлж буй бөгөөд түүнийг хорих газарт нь тусгай албаны хүмүүс ирж дарамталсан талаар тэрээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт гомдол гаргажээ. 

Д.Мөнх-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий Прокурор Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Түвшинтөгст 2023 оны аравдугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Монгол Улсын иргэн Даваагийн Мөнх-Эрдэнэ миний бие ШШГХ 413 дугаар хорих ангийн албан хаагчдын хууль ёсны тавигдсан шаардлагыг биелүүлж ямар нэгэн зөрчил дутагдалгүй өнөөдрийг хүртэл хорих ял эдлэж байна. Гэтэл тус хорих ангид миний эрх зүйн байдал зөрчигдсөн хууль бус үйлдлүүд удаа дараа гараад байгаа тул дараах гомдол хүсэлтийг гаргаж байна.

1.ШШГТ хуулийн 195.6д хорих ангийн дотоод журмыг Улсын Ерөнхий Прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан байдаг. Гэтэл надад 2018.09.24-ний өдрийн А/165 тоот ШШГЕГын даргийн хуулинд нийцээгүй тушаал журмыг үндэслэн тус хорих ангийн дарга А.Батхуяг нь намайг ар гэрийнхэнтэйгээ хуулийн дагуу хорих ангийн дэд даргын  зөвшөөрөл албан хаагчдын хяналтад цахим уулзалт хийсэнд сахилгын шийтгэл хууль бусаар оногдуулан миний болон манай ар гэрийн хүмүүсийн Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдсан. Энэ талаар хорих анги хариуцсан Прокурор Э.Мандуулд гомдол гаргасан байгаа.

2. СБД-ийн ЭХ-ийн анхан шатны шүүхэд миний гаргасан гомдлын шүүх хурал 2023.10.12-нд болж цахимаар цахимаар оролцох ёстой байсан. Гэтэл тус ангийн дарга нар намайг оролцуулаагүйд гомдолтой байна.

3. Хорих ангийн дарга А.Батхуяг дэд дарга Ууганбаяр нарын хамт 2023.10.12-13-ны өдрүүдэд баахан хар хувцастай нүүрэндээ багтай буу барьсан тусгай тасгийн бололтой хүмүүс намайг гар шилэн хүзүүнд салаавчлан доош харуулж шал ширлүүлэн 3-4 цаг гадаа цементэн шалан дээр явган суулгаж, хувцас тайлуулж шалдлан нүцгэн гүйлгэж, гутаан доромжилж тал талд чанга дуугаар хараалын ёс бус үг хэллэгээр орилон айлган сүрдүүлж цахилгаан бороохойгоор цээж рүү цохиулж, өшиглөж, шилэн хүзүүн дээр дарж, газар мөргүүлж, миний эрүүл мэнд, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулж байгаа байдлыг би эрүүдэн шүүлт яргалал гэж үзэж байна. Маш их гомдолтой айдастай байна. Энэ хууль бус яргалал эрүүдэн шүүлтийг эрхэм прокурорууд та бүхнээс зөвшөөрөл авсан эсэх танаас тайлбар авахыг хүсэж байна.

4. Өөрт тохиолдсон яргалал эрүүдэн шүүлтийн талаар өөрийн эрх зүйн байдал аюултай байгаа талаар өмгөөлөгч Булгамаад 2023.10.12 өдрийн 17 цагт 30 минут уулзалтаар хэлсэн. Хуулийн дагуу эрх зүйн туслалцаа авдаг өмгөөлөгч нартай минь хүртэл байх эрх тус ангийн дарга нарт байгаа эсэх мөн тайлбар авахыг хүсье.

5. Тухайн өдөр хорих ангийн дарга А.Батхуяг өмгөөлөгч Р.Булгамаатай юу ярьсан гэж баахан дарамталж айлган сүрдүүлж заналхийсэн. Би өмгөөлөгчдөө өөрт тохиолдсон яргалал эрүүдэн шүүлтийн талаар хэлсэн гэхэд "хуц" гэж намайг нохойтой зүйрлээд дахиж Р.Булгамаатай уулзуулахгүй гээд явсан. Би өөрийн эрх зүйн байдлыг өөрт тохиолдсон яргалал эрүүдэн шүүлтийн талаар өмгөөлөгчдөө хэлэх эрх байгаа эсэх талаар тайлбар авахыг хүсье.

6.Дээрх яргалал, эрүүдэн шүүлтийг ШШГЕГ-ын ямар даргын хэдэн тоот тушаал шийдвэрээр баталсан эсэх талаар нягталж шалгаж өгөхийг хүсье.

7.Энэ талаар дэд дарга Ууганбаяраас асуухад ШШГ болон Прокурорын зөвшөөрөлтэй байнга хийдэг ажиллагаа гэсэн. Энэ талаар прокурорын ямар зөвшөөрөл эрх зүйн зохицуулалт байдаг талаар тайлбар авахыг хүсье.

8.А.Батхуяг ШШГТ хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж хуулинд заагдсан хоригдол миний эрхийг байнга зөрчдөг. Утсаар тоо заагаад яриулдаггүй. Намайг эргэн ирсэн иргэдийг надад хэлдэггүй, буцаадаг. Хоногийн эргэлтэд гарч байхад айлган сүрдүүлдэг. Цахимаар уулзаж байгаа миний ар гэрийнхэн хоригдол биш.

9.Шүүхээр ялагдсан намайг дахин яллаж байна. Миний эрх зүйн байдал дарамттай байгаа, шоронгоос амьд гарахдаа эргэлзэж байгаа тул ерөнхий прокурор таньтай биечлэн уулзахыг хүсэж байна.


Хувийг Монгол Улсын Ерөнхий прокурорт


2023.10.16 Сэлэнгэ аймгийн Мандал сум.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=