Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийх үеэр тус холбооны дарга Д.Мөнхбаатар ийнхүү онцоллоо. Тэрээр “Багш нарын цалинг ойрын гурван жилийн дотор 1000 ам.долларт хүргэх шаардлагыг хүргүүлсэн. Өнгөрсөн хугацаанд багш нарын цалин 300 ам.долларын хооронд эргэлдэж байна. Ийм цалингаар багшийн ажлыг хийх ямар ч боломжгүй. Монголоос ядуу эдийн засагтай улс орнуудад багшийн цалин 800 ам.доллартай байгаа. Бид 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс багшийн цалинг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна. Ингэвэл хоёр сая төгрөгийн босго давна. Мөн боловсролын салбарын үйлчилгээний ажилчдын цалин 750 мянга байгаа. 750 мянган төгрөгийн цалингаар амьдрах боломжгүй. Боловсролын салбарын алба хаагчдын 90 орчим хувь нь зээлтэй. Сургуульд багшаас гадна жижүүр, харуул ч олдохоо больсон. Тэдгээрийн цалинг нэмэх шаардлагыг мөн хүргүүлж байгаа” гэв.
ЕБС-ийн багш нар анги удирдсан нэмэгдэл гэж авдаг байна. Энэ нь цалингийн 10 хувийн нэмэгдэл байдаг. Үүнийг өөрчилж, хүүхдийн тоотой уялдуулж, нэг хүүхдэд нэг хувийн нэмэгдэл олгодог байдлаар өөрчилдөг байхыг шаардаж байна. Хөдөө орон нутагт 10 хүүхэдтэй ажиллаж байгаа багш 10 хувийн нэмэгдэл авдаг, хотод 50 хүүхэдтэй ажиллаж байгаа багш ч 10 хувь авдаг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Түүнчлэн цэцэрлэгийн багш нар анги удирдсан нэмэгдэл авдаг байх шаардлагатай гэж үзэж байгаагаа тэд энэ үеэрээ онцоллоо. Энэ асуудлаар 2023 оны есдүгээр сарын 11-нд БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээр эхлүүлэх мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд аравдугаар сарын 3-нд мэдэгдлийн хариугаа авах юм байна. Хариу ирүүлэхгүй бол 10 дугаар сарын 5-ны өдөр буюу багш нарын баярын өдрөө ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байна. Ажил хаялтад холбооны гишүүн 150 гаруй сургууль нэгдэхээ илэрхийлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.