"БОСОО" С.ГАНБААТАР ВИЗ ГАРГАХ НЭРЭЭР ЗАЛИЛАН ҮЙЛДЭЖ, НАЙЗДАА ХЭРГЭЭ ҮҮРҮҮЛЖЭЭ


“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн гэдэг нэрээр улстөрд орж ирсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын залилан луйврын хэргүүд ар араасаа ундарч байна. Тэрбээр их хурлын индэр дээрээс “Эх орон, шударга ёс” гэдэг үгийг байнга хэлж, өөрийгөө Монголын хамгийн шударга улстөрч гэж хэлэх холгүй аашилдаг. Гэвч түүний явсан мөрийг мөшгихөд цагаан мөртэй шударга нэгэн явсан гэхээсээ илүү залилан луйврын гаршсан этгээд байсныг манай сонин онцолж байна.  Гишүүн С.Ганбаатар нь 1998 онд “Ай-Ер” гэгч компани төрсөн дүү С.Ганхуягийн хамт байгуулаад нэлээд хэдэн хүнээс Ирландын виз гаргаж өгнө гэж их хэмжээний мөнгө зохион байгуулалттай залилан луйвардаад компаниа өөр хүний нэр дээр шилжүүлэн өөрөө Англи руу зугатжээ. Ингэхдээ өөрийнх нь компанид виз гаргуулах гэж мөнгө төгрөг, паспортаа өгсөн хүний бичиг баримтыг ашиглан Англи гарсан байх юм. С.Ганбаатар нь Англи гарахынхаа өмне хамт ажиллаж байсан Ц.Амарсайханд компаниа өгсөн нь тухайн үед тун их өгөөмөр зан гаргасан мэт харагдавч нарийн яривал өөрийнхөө гэмт үйлдлийг хүнд үүрүүлэх гэсэн арга заль байжээ. С.Ганбаатарыг Англи явсан хойно сая л залилуулснаа мэдсэн хохирогчид цагдаа шүүхэд хандсанаар ялт хэргийг өөр дээрээ үүрч хоцорсон Ц.Амарсайхан шоронд суусан. Тэрээр уг хэргийн талаар шүүхэд ийн мэдүүлсэн байна. “1997 оны дөрөвдүгээр сарын сүүлчээр надтай хамт ОХУ-д сурч байсан С.Ганбаатар манайд ирээд би Монгол Ирландын найрамдлын нийгэмлэг байгуулж, дүү С.Ганхуягтайгаа хамтарч ажиллаж байгаа. Би гадаад асуудлаа хариуцдаг. Чи миний дотоод ажлыг хариуцаж менежерээр ажиллаач” гэж гуйсан. Би түүний өгсөн зааврын дагуу ажиллаж ирсэн. Намайг ажилд ороход зарим өдөр тутмын сонинд зар өгчихсөн анхны хүмүүс нь ирээд уулзчихсан байсан. С.Ганбаатар Ирланд, Англи улсын сургалтын материалуудын танилцуулга өгсөн. 14 хоногийн дараа англиар бичсэн их гоё гурван ширхэг сургуулийн урилга өгсөн. Дээр нь хүмүүсийн нэрийг бичсэн байсан. Одоо урилга ирсэн тул Англи улсын элчингийн виз авна. Виз авахын тулд Англи руу очоод буцаж ирэх онгоцны билетийн үнийг авдаг юм. Хүн бүрээс 1300 ам.доллар авах хэрэгтэй гэсэн учир би Галдмаа, Шинэсүх, Лхамсүрэн нараас нийт 3900 ам.доллар авч Ганбаатарт өгсөн. Үүнээс 1900 ам.долларыг зуучилсны хөлс гэж өгөөд одоо шинэ байгууллага байгуулах хэрэгтэй байна. Эхний хүн буцаж ирэхгүй үлдсэн тул манай байгууллагын шугамаар хүн гарахгүй байна. Чи 1900 ам.доллараас хүмүүсийн цалинг өгөөд шинэ компани байгуул гэсэн. Ингээд Нармандах, Алтмаа нарт цалин өгсөн, мөн гурван сарын байрны түрээсээ төлөөгүй байгааг төлсөн. Ганбаатар, Ганхуяг нарын нэрээр материал явуулахад виз гарахгүй байсан учир би өөрийн нэрээр “Ай-Ер” компанийг байгуулсан. Үүнээс хойш Ганбаатар надтай уулзахгүй гэнэт алга болчихсон. Гэрээр нь очоод ч байдаггүй. Сүүлд эрүүгийн хэрэг үүсгэхэд тэд өөр хүний нэрээр виз авч Англи руу гарсныг мэдсэн. Шинэсүх, Ганболд хоёрын нэрээр, зургийг нь солиод явсан юм билээ. Би үүнийг урьдчилан хоригдож байхдаа мэдсэн. Би нийт 8900 ам.доллар авсан хэрэгт холбогдсон юм. Би эдгээр хүмүүсээс мөнгө гардаж авсан нь үнэн. Монгол Ирландын нийгэмлэгээр виз гаргахгүй байсан. Тэгэхэд би Ай-Ер компанийг байгуулаагүй байсан. Тэгээд Сити ХЭАА-н тамга тэмдэг ашиглаж виз гаргуулсан. Тамга авахдаа тус ХЭАА-н эзэн Гэрэлцэцэгт хэлэлгүй авсан нь үнэн. Энэ нь хууль бус үйлдэл юм. Ай-Ер компанийн нэрээр хүн гадаадад явуулаагүй. Танилцуулганд 20 хүн явуулсан мэтээр бичсэн. Ай-Ер компанийн хөрөнгийн үнэлгээнд миний нэр ороогүй нь үнэн. С.Ганбаатарт мөнгө хүлээлгэсэн өгсөн баримт байхгүй. Ганбаатар, Ганхуяг нарын ашиглаж гаргасан урилга нь хуурамч эсэхийг англи хэл мэдэхгүй учраас би мэдээгүй. Англи явж үзээгүй. Би хүмүүст янз бүрээр яриад мөнгө хүлээж авсан буруугаа хүлээж байгаа. Ганбаатар намайг хуураад явчихсаныг мэдээгүй учраас хохирогч нарт мөнгийг олж өгнө гэж ярьдаг байсан. Харин ял эдэлж байсан учир Ганбаатарыг хэзээ Монголд ирснийг мэдээгүй. 1998 оноос хойш долоон жил бие сэтгэлээр их дарамтыг мэдэрч, хоёр жил гаруй хоригдож, ял шийтгэл эдэлсэн. Их гэмшиж байна” гэжээ. Хэрээ мянган жил болсон ч хараараа хэрэг зуун жил болсон хуучрахгүй гэгчээр “Эх оронч босоо Ганбаа” хэмээн овоглох УИХ-ын гишүүн С.Ганбаатар ачир дээрээ гаршсан луйварчин этгээд байсныг энэхүү баримт батлаж байна.

/Үргэлжлэл бий/

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=